Р.Чойном, О.Дашбалбар нарын ТӨРСӨН ӨДӨР тохиож байна
2022/02/10
Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр Ринчиний хүү болон төржээ. Эцэг эхээс Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдий ч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан байна. Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байдаг.
Хэдий тийм боловч өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийн хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн.
1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөжээ.
1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ.
Тэр ийн ажиллахын сацуу 1961 онд “Залуу нас” найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн роман бичээд ном болгон хэвлүүлжээ. Энэ хоёр зохиол нь Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-нд өндөр үнэлэгдсэн гэдэг. “Хүн” шүлэглэсэн роман 1990 оны 6 дугаар сард дахин хэвлэгдсэн ба Өвөрмонголд “Өнөр цэцэг” сэтгүүлийн 1991 оны 1 дүгээр сарын дугаараас эхлэн нийтлэгдэж байсан.
Р.Чойном 1967 онд бие нь дахин муудаж өвчний группт орсноос хойш албан ёсоор улсын байгууллагад ажиллаагүй ажээ. Түүнийг 1969 онд БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж барлан тараасан гэх нэрийдлээр баривчлан шийтгэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4 жил хорих ял эдлүүлжээ. Тэрбээр 1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 насандаа өвчнөөр нас баржээ. 1990 онд Төрийн шагнал нэхэн олгосон юм.
Очирбатын Дашбалбар /1957-1999/
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ. О.Дашбалбар нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. О.Дашбалбар 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв.
О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. О.Дашбалбар “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм. О.Дашбалбарын уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн.
Тэрбээр Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа. О.Дашбалбар Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. О.Дашбалбар 1999 онд зуурдаар нас барсан юм.