Гурван сая монголчуудад дөрвөн сая галзуутай байх арай хэтрэх үү?
2022/05/23
Анзаараад байх нь ээ, Монголд өдөрт бараг гурван галзуу нэмэгдэж байх шиг. Тэд хамгийн гол нь хэвлэл мэдээллээр гарч байж, дараа нь нийгмийн сүлжээнд шуугиан үүсгэн тодордог бичигдээгүй хуультай. Галзуучуудыг бид хэлүүлэлтгүй мэднэ.
Бурханаар бөөлждөг бүсгүй, хэвлэлийн хурал хийж байгаад гэнэт өөрийгөө шатаахаар дайрсан үйлдвэрчний эвлэлийн нөхөр, Өэлүн хатан эмээ маань надад тэгж хэллээ гэж нийтэд мэдэгдсэн хунтайж, өөртөө Чингисхаан нэр өгсөн өнөөх залуу, “Өэлүн эх” гэж нэрийдэх болсон зураач эмэгтэй, төрийн ордныг тойрч сөхөрч мөргөөд явсан намын дарга, зурагтаар ярьж байснаа эфирийн өмнө дэргэдэх хүнтэйгээ үг сөрөн шууд зодолдож орилж чарлаад явчихаж байгаа хуульч, өмгөөлөгч, МАНАН-тай тэмцэх тэмцлээ үргэлжлүүлж хөгжлийн шинэ хувьсгал хийхээр гадаадаас ирсэн улстөрч, хүн хүн рүү хөөс сахруулан дайрцгааж байгаа энэ олон лайвчид гээд галзуучуудыг олон нийт нэгд нэгэнгүй сайн мэднэ.
Сүүлийн үед галзуучуудын эгнээг “Даяар Монгол”-ын нөхдүүд хүч түрэн эзэрхийлж, ард иргэдийг тэмцэлд уриалах, дайн байлдаанд өдөөх, цус урсгая гэсэн үйлдлийг ил цагаан явуулах болсон. Тэдний нэг “Дэлхийн монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин гэх нөхөр “Эхний удаад гурил цацлаа. Дараагийн удаа ташуурдана...” яана яана ч гэнэ үү. Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүсийг эгээтэй л буудна гээгүй байгаа. “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нар төрийн ордон руу буудсанаас хойш иргэний хөдөлгөөнийхний, энэ галзуучуудын олон нийтэд хандан хэлж байгаа үгийг бичихэд сэтгүүлч би өөрөө хүртэл хэрэгт орохоор тийм айхтар хууль бус үгнүүдийг хэлж, юу ч хамаагүй донгосч болдог гэх ойлголттой явдаг юм байна. “Монголоо Беларусь болгохгүй” нэртэй жагсаалын үеэр “Даяар Монгол"-ынхон уг жагсаалыг зохион байгуулж байсан нөхдүүд рүү гурил цацсан үйлдлийг бид нийтээрээ харсан. Энэхүү үйл явдлаас улбаалж хэлэхэд, Монголын нийгэмд яг одоо Украины талын галзуучууд, Украины эсрэг Оросын талыг баримталсан улаан галзуучууд улангассан хэвээр байна. Тэд хаа байгаа Европт болж буй хоёр орны дайнаас үүдэж өөр хоорондоо “дайтаж”, алаан шудаандаа тулж харгис хэрцгий өсөрхөж байгаа нь эмгэнэл.
Нийгмийг донсолгосон, жагсаал цуглаан тэмцэлд турхирсан, Монголыг хагалан бутаргах гэсэн, улс орны хөгжил дэвшлийг гутаасан, ард түмнийг оюун санааны төөрөгдөлд оруулсан, мунхрал тэнэгрэлийн бодит жишээ болсон галзуучуудыг нийгэмд ингэж тодроход юу нөлөөлж байна вэ. Хамгийн түрүүнд нийгмийн сүлжээ, эх захаа алдсан энэ сошиал ертөнц гэж хүн бүхэн хэлж байгаа. Гэвч яг жинхэнэдээ нийгмийн сүлжээ биш. Тэгээд юу юм бэ гэвэл ерөөсөө хэвлэл мэдээлэл. Нийгмийн сүлжээнийхэн цаанаа бас айхавтар бодолтой. Нэг нөхөр хэвлэлийн хурал хийх юм уу, бүр нэг элий балай зүйл яриад унахад шууд цацалгүйгээр хараад байдаг. Үндсэндээ хэвлэл мэдээллээр явахыг нь хараад, отоод байдаг. Хэрвээ хэвлэл мэдээлэл түүнийг гаргахгүй бол шуугьж сүйд болдоггүй. Өөрсдийнхөө ганц нэг сошиал сувгаар явуулсан болоод өнгөрнө.
Харин тухайн үйл явцын мэдээлэл бүтэн өдөржингөө сайтуудаар яваад, орой нь зурагтын суваг бүхнээр гараад, маргаашийн сонинд нийтлэгдсэн байвал тэгээд л нийгэмд шуугиан болдог. Үндсэндээ шинээр тодорсон галзуу албажиж байгаа нь тэр. Хэвлэл мэдээлэл дээр гараад ирэнгүүт өнөө галзуугийнхаа хэвлэлийн хурал, элий балай акцыг нийгмийн сүлжээнийхэн хүлээн зөвшөөрч бүхий л сувгаараа дамжуулж эхэлдэг. Тэгэхээр нийгэмд тодорч од болон “од” болоод буй галзуучуудыг үйлдвэрлэж байгаа фабрик нь ердөө сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бид байна. Дөрөв дэх засаглал, нийгмийг соён гэгээрүүлэх гээд олон чухал үнэт зүйлтэй хэвлэл мэдээлэл эцэстээ ийнхүү галзуучууд үйлдвэрлэдэг фабрик болж хувирсан байна.
Монголд өнөөдөр 400 гаруй мэдээллийн сайт үйл ажиллагаа явуулдаг юм гэсэн. Тэр бүх сайтын ард сэтгүүлчид байгаа. Өмнө нь сонин, телевиз, радиод ажиллаж байсан ч байна уу, мөн хөгшин залуу, цол хэргэмтэй эсэх нь хамаагүй ямар чиг байсан сургууль номыг нь үзсэн мэргэжлийн сэтгүүлчид сайтуудад ганц нэгээрээ ч болов байж л байгаа. Дээрээс нь энэ олон телевиз, бүгд мэргэжлийн сэтгүүлчидтэй. За тэгээд өдөр тутмын сонин гээд нарийсаад явахаараа мэргэжлийн редакци, хариуцлагатай хэвлэл мэдээллийн байгууллага мөн. Гэтэл өнөөдөр яг үнэндээ бид л Монголын нийгэмд галзуучуудыг төрүүлж байна. Бурханаар бөөлжсөн гэх тэр эмэгтэйг хэн анх Монголын нийгэмд таниулсан юм бэ. Орон нутгийн телевизийн сэтгүүлч “амьд бурхан”, “ер бусын хүн” гэж мэдээлээд, дараа нь олон түмний итгэл хүлээсэн Монголын нөлөө бүхий том телевиз мэдээллийнхээ хэрэгслээр Монгол даяар цацсан. Хуучны “Алтан цөгцний хэрэг”, төрийн үзмэрч, өөрөөсөө гал гаргадаг эмэгтэй шиг ард түмний тархийг угаасан. Тэр Үнэн ба юу ч билээ дээ намын залууг хэвлэл мэдээлэл зогсоо зайгүй сурталчилж үг бүрийг нь, амнаас нь гарч буй шүлс бүрийг ард түмэнд наасаар эцэст нь өнөө залуу өөрийгөө хамгийн мундаг хүн гэж итгээд сонгууль болгонд нэрээ дэвшүүлж, төрийн сэнтийг сэрүүн зүүдэлж явна. Яг энэ залуу шиг Чингис хааныг, Өэлүн эхийг, түрийвчээрээ даллаад мөнгөтэй болдог гэх эмэгтэйг хэвлэлийнхэн бид л тодруулсан.
Одоо энэ фабрикаа зогсооё, галзуучуудыг үйлдвэрлэхээ больё. Гурван сая монголчуудад дөрвөн сая галзуу арай хэтрээд байна. Монголчууд бүгдээрээ ажил хийдэг, нийгмийн энэ элийрэл балайрлаа зогсоож, хүн бүхэн хөгжил дэвшил ярьдаг, шинжлэх ухааныг дээдэлсэн ард түмэн болъё. Ингэхийн тулд хамгийн түрүүнд галзуучуудын хэвлэлийн хурлыг сэтгүүлчид очиж сурвалжилдгаа болих хэрэгтэй. Саяны Х.Бээжингийн хэвлэлийн хурлыг бүх сайт, хэвлэл мэдээлэл явуулж байгаа нь үнэндээ гутамшигтай харагдсан. “Энэ элийрч самуурсан галзууг гаргаад байхдаа яахав дээ, ээ хөөрхий минь” гэж бодсон. Тэр нөхрийн ярьсан яриаг бүгд анзаарсан байх. “Орос орон байхгүй бол Монгол орон байхгүй” гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Монгол Улс Оросын харьяаных болж таарч байна уу. Тэр хүн “Оросыг эсэргүүцсэн бүхнийг би хядна” гэж хэлж болно. Мэдээж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Харин тийм тэнэг зүйлийг нь “ээ мундаг, ёстой гоё” гэж алгаа ташин дэмжээд бүх сайтууд гаргаж, зурагтын сувгууд тал талаас нь үзүүлж байгаа нь инээдтэй юм. Шуудхан хэлэхэд, шившигтэй ичмээр санагдсан. Ер нь манай вэб сайтынхан иймэрхүү юмыг нэг их мундаг, сенсааци гэж уралдан сайтдаа оруулдаг ерээд оны шар хэвлэлийн, нийгмийн гажиг сэтгэхүйгээсээ одоо гарах хэрэгтэй. “Бат-Үүлийг ташуураар ороолгоно” гэхээр л ёстой гоё, нийгмийн дуулиан гээд бодоод байна. Ямар утгаар, юуны учир тэгж хэлэв, цаана нь улс орны ямар эрх ашиг, юу хөндөгдөж байна, өнөөдөр Э.Бат-Үүлийг маргааш магадгүй намайг өөрийг минь ороолгох юм байна гэж хэрсүү бодох ёстой.
Дээрээс нь хэн ч хамаагүй ирээд хэвлэлийн хурал хийдэг энэ байдлаа хэвлэл мэдээллийн төвийнхөн болих хэрэгтэй. 50 юм уу, 80 мянган төгрөг өгөөд л хэн, юуны ч тухай ярьж болдог ийм хямдхан, үнэ цэнэгүй мэдээллийн төв гэж байх уу. “Та ямар асуудлаар юуны тухай хэвлэлийн хурал хийх вэ” гэж заавал асуудаг баймаар. Хэрвээ улс орны эсрэг шинжтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн тийм хурал хийх төлөвтэй байвал шууд цуцалдаг байх ёстой. Түүнээс хэнээс ч хамаагүй таван халтар төгрөг аваад үнэт зүйлээ доромжлуулаад суух цаг одоо биш. Мөн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна. Илтээс тэнэг, мунхралын, галзуучуудыг гаргасан сайтад албан бичиг хүргүүлж анхааруулдаг байх, хэрвээ олон удаа зөрчвөл тухайн сайтын эрхийг нь хаадаг, ийм жишгийг тогтоодог хууль зүйн зохицуулалт хэрэгтэй байна.
Энэ бүгдийг сайтар тооцоолж хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүлчид хариуцлагатай, ухаалаг ажиллахгүй бол галзуучууд мэдээллийн хэрэгслээр гарч, улмаар нийгмийн сүлжээгээр нэвтрэн өт шиг язганаад эцэстээ Монгол Улс галзуучуудын орон шиг болоод байна. Фэйсбүүк, твиттер, инстаграм,телеграм болон пэйж хуудас, сошиал сувгууд, телевиз гээд нэг хүнд 200, 300 мэдээллийн суваг байна. Нэг хүн ийнхүү 300 сувагтай юм бол хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа 6000 хүний хичнээн суваг байж таарах вэ. Мөн фэйсбүүк хэрэглэгчийн тоогоороо бид дэлхий бараг толгой цохидог, Азидаа бол номер нэг гэж байгаа. 3.3 сая хүн амтай дөрвөн сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй. Ийм мэдээллийн шуурган дунд од болон тодорч буй бүхэн галзуучууд байгаа нь аймшигтай. Хуучин цагт од болон гялалзах сайхан байсан бол өнөөдөр нийгэмд тодрох гэдэг ичгэвтэр, гутамшигтай болсон. Од болсон нэгийгээ “За нэг галзуу нэмэгдэж байна даа” гэж цөөн хэдэн эрүүл ухаантнууд нь харж тохуурхаж сууна.
Галзуучууд өдөр өдрөөр нийгэмд ингэж үржиж байгаа нь улс орны ирээдүйд айхавтар хорлонтой байна. Төмөр замын цариг, уул уурхай, лиценз хаана л хөгжлийн түлхүүр байна тэр бүгдийг эсэргүүцэж, нухчин дарах гэж нийгмийн шуугиан болгодог. Төр засгийг ажил хийлгэдэггүй, төр засаг ч үүнд нь дуртай байдаг бололтой. Урд хилээ нээх хүнд хэлэлцээрт орохын оронд төрийн ордонд пүүзтэй орж болно гэх шийдвэр гаргах нь манай эрх баригчдад хамаагүй хялбар.
Ард түмнийхээ шаардлагаар ийм шийдвэр гаргалаа гээд өнөө галзуучуудаа улам галзууруулчихаж байх жишээний. Урд хил хаалттай, хойд хөрш дайнтай эдийн засгийн энэ хүнд нөхцөлд хилээ нээгээч гэж нийгэм даяар шуугиан болгож, жинхэнэ цамнаад гараад ирэх галзуу байхгүй байгаа нь сонин. Хилээ нээгээч, бид өлсөж үхлээ гэж амь тэмцэхийн оронд орос байхгүй бол монгол байхгүй гээд монголчуудаа алж хядах тухай ярьж буй галзуучуудтай байгаа нь харамсал. Өвчин зовлонгоор далимдуулж хоёр хөрш маань бидэнд ямар харгис хүйтэн хандаж байгааг уг нь мэдэж л баймаар юм даа.
heterhii hamjaargagyi yabna daa,Mongolchyyd mini!!!amitnii sibseg gej heldeg yum daa!!! · 2022/05/23
ene Mongol hynd baihaargyi muuhai gaj dontongyyd ikhe boljee!!!heblel medeelel erh cheleetei heleh ygeen helj bolno gesentei adil bye hyn jaahan olnii dynd eeriigee yu hiij baigaagaan sanaj yabmaar yum daa!!!!
Зочин · 2022/05/23
Erguu teneg eldev gaj donton elii balai xumuus olon bolj end tend eldev gai zovlon tariad xel am tatlaad baix bolloo
zochin · 2022/05/23
ugaasa Mgl uls.n hun am eruul uvchtein ih biz dee ahmad nastan naa hundelgui harilthaanii soel gej yum baidag yum bolov surguul iin bagch nar yag yu zaaj ugdugiin boldoo un.dur medej bga segtuulch mun ayul aa Mgl hun harthaa adguu malnaas doloon dor huv hunii hariuthlaga dutaj bga oron udahgui ustaj ugui bolvol tna