Ойрын өдрүүдэд гадаа хүйтний эрч эрс чангарч явган алхахад хүндрэлтэй байна. Гэтэл нийтийн тээврээ хүлээх иргэд даарч бээрэн зогссоор... Арга ядахдаа алхаж гэртээ харих сонголтыг хийж иргэд алхасаар...

Гэвч хол гэртэй хүүхэд, хөгшид хаа хүрнэ гэж гадаа -25 нэлээд гарч байхад алхаад хэр замыг хороох вэ дээ. Тэд л автобусны буудал дээр даарч бээрэн жиндсээр зогсоно. Уг нь нийтийн тээврийн шинэчлэлийг хийхээс өмнө автобусандаа багтахгүй ч арай дөнгүүр дамжин суугаад хөл дүүжлэхтэйгээ золгоод байсан юм. Харин Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн маршрутыг сольсон цагаас хойш их хотын иргэд дэн өвлөөр ч алхсаар хавартай золгох нь энэ. 

Автобусаараа дамжин суугаад яваарай гээд байгаа. Гэвч дамжих гэхээр автобус нь зам дээр түгжрээд "таг". Ирсэн нэгэнд нь суух гэхээр битүү зорчигчтой. Хоосон шахуу явж байгаа автобус нь дандаа богино эргэлтийн маршрутынх. Нэг жишээ татахад, өчигдөр төв талбайн автобусны буудал дээр 10 минут автобус хүлээж зогсоод даараад шууд л алхлаа. 10-р хороолол орохын тулд төв замаа дагаад алхсаар явтал түгжээнд ороод зогсож буй 5-6 автобустай тааралдав. Бүгд төв замаараа буюу 5 шар-Офицеруудын ордон чиглэлийн нийтийн тээвэр байх нь тэр. Энэ чиглэлд өмнө нь Зүүн салаа-Халдварт чиглэлийн автобус зорчигчдод үйлчилж байв. Төв замаараа дээрх хоёр чиглэлд үйлчилгээнд явдаг байх хугацаандаа ч ачааллаа дийлдэггүй, зорчигч нараа суулгаж чадахгүй пиг дүүрэн явдаг байсан юм, ХОТЫН ДАРГА Х.Нямбаарат аа!!! 

Тийм байхад шинэчилсэн маршрутаар Зүүн салаа-Офицеруудын ордон  чиглэл нь хасагдсанаар иргэд зүдэрч явна. Өнөө өглөө 10-р хорооллоос Талбай орох чиглэлийн ганц явдаг автобусандаа суух гэсэн гурван удаа багтаж сууж чадсангүй ээ. Уг нь Нийслэлийн маршрутыг өөрчилсөн нөхдийн хэлснээр дамжин суугаад явах гэхээр урдуураа, хойгуураа явах автобустай. Ингээд л ганц байгаагаа хүлээхээс өөр гаргалгаа байхгүй.

Шөнөдөө -40 хэмийн хүйтэнтэй хоносон болохоор жиндүү, жавартай 30 минут зогсоход чанга байлаа. Алхаж явсаар баруун 4 зам ороод тэндээсээ 3,4-р хорооллоос Төв номын сан орох чиглэлийн автобусанд сууж талбай орж ирлээ.  Уртын алхалт буюу 3-5 автобусны буудал алхаж байж л нэг автобусанд сууж зорьсон газраа очно. Үгүй бол даарч бээрэн алхаж явах л сонголттой, нийтийн тээврийн шинэчлэл хөгөө чирч, иргэдийг зүдрээж байна хотын ДАРГА аа!

Нэг санаа нэмэхэд, Толгойтоос-10р хороолол ороод буцаж эргэдэг. Мөн Их Нарангаас-10р хороолол ороод буцаад явдаг зэрэг богино эргэлтийн чиглэлтэй автобус биш 1-р хорооллоос -Төв талбай ордог ч юм уу иймэрхүү амьдралтай ойр маршруттай богино эргэлтээ хийгээч ээ.

Тэрнээс дээрх чиглэлийн хоёр богино эргэлтийн автобус чинь хотын төв орох хүмүүсээ 10-р хороололд авчирч буулгаад өнөөх ачааллаа дийлэхгүй байгаа 5шар-Офицеруудын ордны автобусанд чинь багтаж сууж чадахгүй орхигдож байгааг анхаараач! Толгойтоосоо шууд төв замаараа явах чиглэлгүй болсон иргэд ингэж л хоёр дамжин явахдаа буцаад ачаалал үүсгээд байгааг маршрут зохиосон хүмүүс нь мэдэхгүй л зүтгүүлээд байх юм. Бодит амьдралын хөрсөнд буусан маршрутаар өөрчилж, шинэчилсэн бол иргэд өдгөө ёстой та нарын хэлснээр автобусаа хүлээхгүй бууж суугаад дамжаад түгжрэхгүй сүнгэнээд явах байлаа даа.

 

Холбоотой мэдээлэл:

Фото сурвалжлага: Төв талбайгаас 10-р хороолол хүртэл нэг цаг алхахад ганцхан автобус л зөрлөө

Нийтийн тээвэртээ багтахгүй байгаад "хэн ч буруугүй"

Чихээд ч багтдаггүй нийтийн тээвэр түгжрэл бууруулж, ашиг олох ч замхарлаа