Нийгэм даяараа "но-той, цавчаа ногоон" автобус гэхээр мэдэж байгаа билээ. Тэгвэл өнөөх гайхалуудыг худалдан авалт хийсэн талаарх нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжилж дуусав. Гэвч үүний эцэст хариуцлага хүлээх хүн байхгүй л төгслөө. Зүгээр л сонсгол нэрээр сонгуулийн өмнө шоу хийчихлээ гэж олон нийт хардаж байна. 

Ногоон автобуснуудыг нэг хэсэг шугаманд явуулах нь гэж шуурсан. Үүнд албаны хүмүүс оношлогоонд оруулж техникийн үзлэг хийж байгаа гэх хариултыг өгч байсан билээ. Харин энэхүү үзлэг, оношлогоонд 100 автобуснаас ГАНЦХАН нь л тэнцсэн гэдэг нь нээлттэй сонсголын үеэр ил болов.

Худалдан авсан автобуснууд техникийн шаардлага хангасан эсэх талаарх Шинжээчийн дүгнэлтийг энэ удаад онцлон хүргэж байна.

Skywell маркийн 160 ширхэг автобус нийлүүлэхээр гэрээ байгуулснаас 55 автобус нийлүүлж, одоо үйлчилгээнд явж байгаа.

Hyundai county маркийн 50 автобус нийлүүлэхээс 50-ийг нийлүүлсэн. Үйлчилгээнд яваагүй байна.

Daewoo BS 106 маркийн 600 автобус нийлүүлэхээс 100 автобус нийлүүлсэн. Үйлчилгээнд яваагүй, 20 автобус хүлээгдэж байна.

Автобусыг хүлээлцсэн актад Daewoo BS 106 маркийн 20 автобус нь техникийн үзүүлэлт, шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байна. Гэвч тухайн автобусууд техникийн тодорхойлолтод тавьсан стандартад огт нийцээгүйг шинжээч дүгнэлтэндээ дурдсан юм.

 

АТҮТ-өөс Ногоон 100 автобусанд дахин үнэлгээ хийж, тодорхойлолт гаргажээ. Нийт 100 автобусны нэг нь л үнэлгээнд тэнцэж, 99 нь тэнцээгүй байна. Тодруулбал, 94 автобус гэрлийн шаардлага хангаагүй бол 71 автобус утаа, 8 нь тормоосны үзүүлэлтэд тэнцээгүй аж.

Нэг бүр нь 336 000 000 сая төгрөгийн үнэтэй ногоон автобус угсарсан, хуучин автобус гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болж байна. Тээвэрлэгч компани ч ашигласан автобус тээвэрлэж байгаа тухайгаа гаалийн мэдэгдэлтэй дурдсан байна.

 “Тэнүүн огоо” компанийн захиалгаар дээрх автобусыг Монгол руу оруулж ирсэн тээвэр зуучийн компани нь “Хуучин автобусыг тээвэрлэн оруулж ирж байна” гэдэг албан бичгийг хүргүүлж байсан. Гэвч гаалийн байгууллага дээрх автобусыг хилээр нэвтрүүлэхдээ “Шинэ” гэж үзэн, хилээр нэвтрүүлсэн. Ингэснээр 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгджээ.

 

Хуучин автобусыг оруулж ирээд Шинэ хэмээж олонд хүртэл Сүхбаатарын талбай дээр үзүүлж харуулахаасаа ичээгүй тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазарыг Түр хорооноос сонсголд гэрчээр оролцох хүсэлтийг илгээсэн ч ирээгүй юм. Эзэн холбогдогчгүй хэрэг угнь биш. Гэтэл хариуцлага хүлээх хүн алга. Засгийн газар мафижсан хэргүүдээс онцолж сонсгол зарласан ч холбогдсон хүмүүсээс нь хэн нь ч хариуцлага үүрсэнгүй ээ. Евро-2 хөдөлгүүртэй автобусанд Евро-5 шошго нааж, хуучныг шинэ болгосон тэд сонгуульд хүч үзэхээр улайрч буй энэ цагт цавчаа ногооны асуудал ч олигтой шийдэлд хүрсэнгүй.

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

Ногоон автобуснуудыг буцаах боломжгүй гэв

Байр суурь: Нууцын зэрэглэлтэй худалдаж авсан ногоон автобус цоо шинэ үү, хуучин уу хэн, хэн юу хэлэв

“Ногоон автобус”-ны тендерийг нийслэл рүү шилжүүлэхээс өмнө “Тэнүүн-Огоо”-гийн тохироог хийжээ

Цавчаа ногоон автобусанд холбогдсон дүүргийн намын даргаа огцрохыг шаардлаа

Нийтийн тээврийн шугаманд "но-той, цавчаа ногоон"-уудыг явуулах гэж байгаа юу?

Д.Сумъяабазар "Ногоон автобусны сонсгол"-д гэрчээр дуудагджээ

Ногоон автобусны сонсгол ШИНЖЭЭЧ: Д.Сумъяабазарт эрх шилжүүлж, хөрөнгө оруулалтыг эрхийг даалгасан байна

Байр суурь: Ногоон автобусны сонсголоор "нууц" нэрээр мөнгө угаадаг нь илчлэгдэв үү?!

Ногоон автобусны сонсгол: Төрийн нууцад Хамруулсан & Хамруулаагүй

Ногоон автобусны сонсгол ШИНЖЭЭЧ: Автобусуудыг үзэж, судлахад цонх бусад деталийг угсарсны дараа их биеийг будсан гэж дүгнэсэн