Евразийн орнуудтай эдийн засгийн харилцаанд орно, зах зээлээ тэлнэ гэх их гоё нэршлээр зарим хүмүүст ойлгогдох байх. Гэвч цаанаа ердөө л дайныг өдөөгч, дарангуйлагч ОХУ-ын атганд л орох бас нэгэн хэлэлцээр гэдгийг мэргэжлийн эдийн засагч, улстөрч болон олон улс судлаачид хэлж байна.

Цаад учрыг нь мэддэг, гадарладаг хүмүүс үүнийг нь эсэргүүцэж байгаа. Мэдээж олон улсын гэрээ, хэлэлцээр учраас уг асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байж, шийдвэр нь гарна. Магадгүй энэ долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх гол сэдвийн нэг нь энэхүү хэлэлцээр байх. Яг ямар хэлэлцээр юм бэ, бидэнд ямар ашигтай вэ, эсвэл ямар хохирол, эрдслийг бий болгох талаас нь хэн хүнгүй л ярьж байна. ОХУ-ын хувьд Монголоос авч байгаа бараа бүтээгдэхүүн бүрд 60 хувийн гаалийн татвар тавьдаг. Харин манайх эсрэгээрээ Оросоос орж ирсэн бараа бүтээгдэхүүн бүрд таван хувийн татвар тавьдаг. Энэхүү татварын тогтолцоо 1990 оноос хойш л явж өдийг хүрсэн. Мэдээж бидэнд үнэхээр ашиггүй. Бид мах ч байна уу юу ч байсан Орос руу оруулж заръя гэвэл 60 хувийн татвар төлнө гэсэн үг. Ингэхээр нэг кг үхрийн мах Монголд 15 мянган төгрөг гэж бодоход Орост очоод 25-30 мянган төгрөгөөр зарах болж байгаа юм. Гэтэл тухайн улс ч махтай, гурилтай. Манайхаас орж ирсэн ийм өндөр үнэтэй махыг хэн авах вэ дээ. Үүнээс болоод л монголчуудын хувьд бүтээгдэхүүнээ гадаад зах зээл рүү, тэр дундаа хоёр хөрш рүүгээ гаргах боломж гаалийн татвараас болж олддоггүй. Тиймээс бидний хувьд оросуудаас олон жил гуйж ирсэн нэг зүйл бол энэ гаалийн татвараа багасгаад өгөөч, бид танайх руу экспортоо нэмэгдүүлмээр байна гэж ирсэн. Орос бол том зах зээл. Энэ том зах зээл рүү бүтээгдэхүүнээ оруулах нь чухал болохоос биш авах нь эсрэгээрээ манайх шиг жижиг оронд асар хор хөнөөлтэй. Мэдээж бидэнд ашигтай нөхцөлийг оросууд яаж ч зөвшөөрөх билээ. Гэтэл төдийгөөс өдийг хүртэл ОХУ огт нүүр өгдөггүй энэ асуудлаараа гэнэт тал засч “За монголчуудаа олон жил гуйж ирсэн хүсэлтийг чинь ёсоор болгоё. Гэхдээ үүнийг чинь Евразийн эдийн засгийн хэлэлцээрээр хийе” гэж байгаа нь ямар учиртай вэ. Энгийн ухаанаар бодоход оросууд монголчуудад “дагуулж тонгорох” мэх хийж байна л гэсэн үг. Үнэхээр том гүрэн гэсэн шиг нарийн ухаанаар монголчуудад хандаж байх шиг. Гэхдээ бид ч бас тэднээс илүү ухаан зарах хэрэгтэй байна. Сайн ч, муу ч Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил болчихлоо. Энэ хугацаанд гадна дотны янз бүрийн нөлөөлөл, дарамт дор Монголын бизнес эрхлэгчид зүтгэсээр өдгөө зарим салбарынхаа хэрэгцээг дотоодоосоо хангачихдаг болчихоод байна. Энэ хугацаанд бид ядахдаа бизнесийн өрсөлдөөн гэж юу вэ, зах зээлийн хатуу зарчим нь яаж явагддаг талаар онолын болон практик ойлголттой болсон байх. Арай ч бас оросуудын боддог шиг тийм харанхуй, доожоогүй иргэд биш гэдгээ одоо л харуулах хэрэгтэй. Зарим улстөрчдийн хувьд эдийн засгийн өсөлтийг дан ганц экспорт гэж ойлгож байх шиг. Эсвэл өнөө маргаашдаа л мөнгө сайн олж байвал нөгөөдрийн ирэх эрсдэл хамаагүй гэж боддог хүмүүс ч цөөнгүй байна. Юу гэхээр дээрх хэлэлцээрт нэгдсэнээр зарим нэр төрлийн буюу мах, ноос, ноолуурын экспорт нэмэгдэх, түүнээс хүртэх ашиг, орлого ихэснэ гэж байгаа. Энэ үнэн ч байж болно. Мэдээж татварыг нь багасгахаар бүтээгдэхүүний хэмжээ тоо нэмэгдэнэ. Дагаад ашиг орлого өснө. Энэ л бидэнд ашигтай. Гэвч хэлэлцээр гэрээ гэдэг зүйл хоёр талд харилцан адил ашигтай байж хийгддэг. Тэгэхээр Орос болон Евразийн эдийн засгийн холбоонд нэгдсэн Армени, Беларусь, Казахстан, Киргиз улсуудын зүгээс ч манайх руу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлнэ. Оросын захын ферм манайх руу өндөгөө хямд үнээр оруулаад ирнэ. Тэгвэл яах вэ. Яах ч юу байхав зах зээлийн зарчим үйлчлээд явна л даа. Хэрэглэгч адил чанартай бүтээгдэхүүнээс хямдыг нь сонгож л худалдан авалтаа хийх нь тодорхой. Тэгэхээр 600 төгрөгөөр монгол өндөг авснаас 300 төгрөгөөр орос өндөг авч таарна биз. Магадгүй иргэдэд нэг хэсэгтээ хэмнэлтэй, ашигтай байж болно. Монголын өндөгний аж ахуй дампуурна. Тэр үед өндөгний үнийг 600 байтугай 1000 төгрөгт хүргэсэн ч тэдний дур болно биз. Товчхондоо дотоодын үйлдвэр бүрэн зогссоны дараа оросууд нэг ширхэг өндөгөө хэд ч гэж дуугарч болно. Гэвч энэ хэлэлцээр бол зөвхөн өндөг оруулж гаргах асуудал биш. Хүнсний 370 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал яригдаж байгаа. Үүнээс л айх хэрэгтэй. Хөргөгчөө онгойлгоод үзээрэй. Хэдэн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн байгаа вэ. Тэр дундаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн байна вэ. Өндөг, сүү, хиам, талх, огурцы, помидор, төмс, лууван, байцаа гээд л 10 гарахгүй нэр төрөл бий. Эдгээр үйлдвэрүүд дотоодынхоо хэрэгцээг хангаад, ашиг, орлого нь жигдрээд тийм ч удаагүй байгааг бас санах хэрэгтэй. Хөл дээрээ бат зогсож чадаагүй байгаа л гэсэн үг. Харин дээрх хэлэлцээрт ороод гэрээ байгуулчихвал эдгээр дотоодын үйлдвэрлэгчид эхнээсээ хаалгаа барихад хүрнэ. Хүнсээрээ бид Оросын зах зээлтэй яаж өрсөлдөх билээ дээ. Гэтэл өрсөлдөж чадна, бидэнд мах, гурил байгаа гэж солиорч байгаа сайд, дарга нарыг ёстой бурхан өршөөг. Нөгөөтэйгүүр гаалийн татварын хөнгөлөлтийг бид өмнө ОХУ-тай тухайлсан нэр төрлийн бүтээгдэхүүнд хийж л байсан. Эцэст нь өөрсдөө л хохирч үлддэг туршлага олон байгаа шүү дээ. Саяхны нэг жишээ нь гурил, улаанбуудай байна. Дотоодын гурилын үнийг хийсвэрээр өсгөж байгаад л энэхүү шийдвэрийг улс төрийн түвшинд гаргуулчихсан. Эцэст нь энэ жилээс эхлээд улаанбуудай тариалдаг, тариалсан жаахан буудайг нь аваад гурил хийгээд борлуулдаг компани, аж ахуйн нэгж цөөхөн байна. Хэрэв Оросоос хямд үнээр гурил, улаанбуудайгаа авсаар байвал гурил, тариалангийн салбар бүрэн утгаараа хаагдана. Гурилаа монголчууд хийж чадахаа болино. Нэг өдөр ОХУ-аас гурилын экспортдоо өндөр татвар тооцдог болчихвол өнөөдөр авч байгаа үнийг тэр үед дахин нугалж төлдөг болно. Энэ л монголчуудын хувьд хамгийн том эрсдэл. Хамгийн том аюул. Нөгөө бизнесийн бичигдээгүй хатуу хууль гэдэг чинь энэ биз дээ. Үүнийг нь эдийн засагчид болон мэргэжлийн экспертүүд аль эрт мэддэг учраас ашиггүй шүү, нэгдвэл Монгол Улс ирээдүйд бүр л гуйлгачин болно гэж шүүмжлээд байгаа хэрэг. Ерөнхийдөө өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэг шиг л зүйл. Зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил болчихсон орны аж ахуй эрхлэгчид эдийн засгийн энгийн энэ зарчмыг мэдэлгүй л яах вэ дээ. Тиймээс ихэнх нь энэхүү хэлэлцээрт нэгдэхийг эсэргүүцэж, дургүйцэж байна. Магадгүй малын мах, түүхий эдийн зарим бүтээгдэхүүний экспорт, ашиг орлого нэмэгдэх сайн талтай ч дотоодын үйлдвэрлэл буурах, хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх тал нь их байгаа юм. Эдийн засаг талаасаа ийм байгаа бол геополитик талаасаа ч бидэнд ашигтай зүйл харагдахгүй байна. Оросын хувьд дайнтай байгаа. Дайнаас болоод олон улсын хоригт орсон. Тиймээс гаднаас өндөг битгий хэл сэтэрхий зүү ч авахгүй, харин бүгдийг дотоодын үйлдвэрлэгчдээсээ босгож байгаа. Олон улсын хувьд ОХУ-тай ямар нэгэн эдийн засгийн хэлэлцээр хийх нь дайныг санхүүжүүлэх хэлбэр лүү орчих вий гэсэн болгоомжлолтой байна. Тиймээс Монгол Улсын хувьд Евразийн эдийн засгийн хэлэлцээрт нэгдэх нь цагаа олоогүй, магадгүй дайныг санхүүжүүлсэн хэрэгт ч орж болзошгүй байгаа юм. Өөр нэг анхаарах сэдвийг олон улс судлаач, эдийн засагчид хэлж байна. Тэр ОХУ дотоодын хэрэгцээгээ хангахын тулд сайн муу янз бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Нэг үгээр хэлбэл, ОХУ-ын зах зээл дээр дотоодын үйлдвэрийн чанаргүй хямд үнэтэй бараа бүтээгдэхүүний илүүдэл үүссэн байна. Тиймээс энэ илүүдлээ бусад орон руу экспортолж, зардлаа нөхөх, эдийн засгийн урсгалаа идэвхжүүлэх нь Оросын нэг чухал бодлого болоод байгаа гэх юм. Ер нь дайнтай байсан ч байгаагүй ч Оросоос орж ирдэг бараа бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бараа бүтээгдэхүүн чанаргүй гэдгийг монголчууд мэднэ. Нөгөөтэйгүүр ОХУ болон Монгол Улс ялгаагүй Олон улсын худалдааны байгууллагын гишүүн орнууд. Энэ утгаараа заавал Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд худалдаа, арилжаагаа хийх алба байхгүй. Хиймээр байгаа бол Олон улсын худалдааны байгууллагын дүрэм, хэлэлцээрийн хүрээнд эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж болно. Ийм байтал ОХУ яагаад манайхтай заавал дуураймал ашиггүй холбооныхоо дүрмээр хэлэлцээр хийх гээд байна вэ гэдгийг бид олон талаас нь харж ирээдүйд гарах үр дүнг бодитой мэдрэх шаардлагатай байна. Оросын тавьсан хоосон хавханд мөрөөрөө гүйж яваад орох шаардлага бидэнд алга. Хавх нь хоолтой байсан ч хавх бол хавх. Үүнийг иргэд нь ойлгочихоод эсэргүүцээд байхад эрх баригчид нь мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдгаа болих хэрэгтэй. Та нарын мэдэн будилсан шийдвэрээс чинь болоод Монгол Улс идэх хоолгүй, хөгжих үйлдвэргүй болж дууслаа. Оросоос эрчим хүч, бензин, шатахуунаа авч байна.

Хөгжлийн үндэс болсон энэ том хоёр салбараасаа хараат бус болж байж л бид цаашаагаа явна. Гэтэл энэ хараат байдлаасаа ч гарч чадахгүй байж нэмээд хоол хүнсээ хүртэл айлаас гуйх гэж үү. Ийм алсын хараагүй харлаган байж болохгүй ээ, эрх баригчид аа. Ах дүүгийн найрсаг харилцаатай гэх хоосон үзэл суртлаа одоо устгаж хаях хэрэгтэй, Ардын намынхан.