78450Түмний хайртай бөх, “хар” аварга маань алсын аянд мордлоо. Монгол бөхийн ёс жудаг, эр хүний ноён нуруу, өндөр ёс зүйн жишиг болон амьдраад энэ намрын нарыг мөрлөн буцав. Далай даян, даяар дуурсагдах, дархан аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Дашдоржийн Цэрэнтогтох. Туулсан амьдрал, барилдсан барилдаан бүрээрээ монгол бөхийн уламжлалт өндөр дэг соёлыг ёсчлон харуулав. Монгол бөхийн ёс жудаг гэдэг нь бөх хэмээх мэргэжлийн бичигдээгүй дүрэм төдий бус ажээ. Харин хүмүн байхын эртний язгуур соёл болохыг Цэрэнтогтох аваргын үлгэрлэн үзүүлсэн тэр жиш-гээс бид мэдэх болжээ. Тэрбээр Үндэсний их баяр наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн. “Аварга хүний “ханан” дээр ноён нуруу л байдаг юм” гэж тэрбээр өнгөрсөн жил ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хөтөлдөг ярилцлагад уригдаад байхдаа хэлсэн нь олны сэтгэлд ёстой л жинтэйхэн бөгөөд чихэнд чимэгтэй бууж байв. 41 нас хүртлээ хоёрхон удаа шөвгийн наймд үлдсэн, бусад нь бүгд түрүү, үзүүр, шөвгийн дөрөвт үлдэж байсан гэдэг. 1972 он. Улсын их баяр наадамд зургаа давж начин цол хүртэв. Наадамд өвөрлөж очсон хүсэл нь гурав давах. Аавын эрх хонгор хүү тэр жил цэргийн албанд байхдаа гэрээ санасан юм байж. Тэгээд улсын наадамд гурав давчихвал 10 хоногийн чөлөөгөөр шагнуулан гэртээ харина даа гэсэн бодолтой. Улсын наадамд тийнхүү анх удаа зодоглохдоо “Ердөө гурав давчих юмсан гэж бодож байснаас биш улсын цол авах тухай бодол ёстой уулын цаана байсан хэрэг” хэмээсэн байдаг. Тэр барилдаанд Улсын наадамд гурван удаа дөрөв давж начны даваанд тунаад байсан Булган аймгийн арслан Б.Сүхбаатартай тунаж барилдан гурав давав. Дөрвийн даваанд Булган аймгийн бөх Чимидийн Лундаа начингдавав.Тавын даваанд бөхийн эрдэм чадал нь ид тэгшрээд байсан Ч.Бээжин аваргад амлуулан барил-даж өвдөг шороодуулав. Зургаагийн даваанд улсын арслан П.Дагвасүрэнг, давж, долоогийн даваанд Ж. Мөнхбат аваргад өвдөг шорооджээ. Наадамд анхлан зодоглоод ийнхүү зургаа давж долоогийн даваанд Мөөеө аваргад өвдөг шороодохдоо 27 настай байж.

1977 он. Улсын наадамд Тавын даваанд М.Мөнгөнийг, зургаагийн даваанд Д.Мягмарыг, долоогийн даваанд Хадбаатартай тунаж барилдан даваад, наймын даваанд Х. Баянмөнх аваргатай мөн л тунажээ. 1978 онд арслан цол хүртэв. Улсын наадмын найм, есийн даваанд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат хоёр аваргыг цувуулан өвдөг шороодуулж, улсын арслан цол хүртэв. 1979 он. Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлж, улсын аварга цол хүртэв. Тэрбээр заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга хэмээх монгол бөхийн дараалсан таван өндөр цолыг тавхан жилийн дотор авсан байдаг. Ийм дараалсан амжилтаар үндэсний бөхийн түүхэнд Д.Дамдин аварга, Ж.Мөнхбат аварга, Д.Цэрэнтогтох аварга энэ гурав бичигдэн үлджээ. 1980 онд ес давж түрүүлэн даян аварга, 1981 онд найм давж үзүүрлэн дархан аварга болов. Тэрбээр чөлөөт бөхөөр 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд зодоглон Монголдоо анхны алтан медалийг авчирч байв. Тэрбээр залуу, идэр насаа зүлэг ногоон дэвжээнээ зориулж, гудиггүй, гуниггүй монгол эрийн чанараараа наадамчин түмний сэтгэлийн цэнгэлийг чимж амьдрав. Цэрэнтогтох аваргыг уужуу цагаан сэтгэлийнх нь өнгө төрхөөр, гэхдээ эсрэгээр нь ёгтлон “хар” аварга гэж хайрлан хүндэлдэг болсон байх. Өөрөө хэлэхдээ, зүс царайнаас минь болоод тэгж дуудах болсон байх хэмээн хүд хүд инээж суусан билээ. Цагаанаас цагаан сэтгэлт, ёс журмыг дээдлэгч “хар” аварга минь Монгол нутагтаа жаран дөрвөн оныг үдээд саяхны өдрүүдэд унасан газар угаасан усан Өвөрхангайн Нарийнтээлээ зорьжээ. Тэрбээр намрын нарыг мөрлөн, алсын аяндаа мордохоор нутгаадаа тэмүүлсэн нь тэр байжээ.

Н.ПАГМА

www.DNN.MN