Монгол Улсын хөгжил хүн бүрт хамаатай билээ. Өнөөдөр эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй гэж байна.

Юуны өмнө монголчууд бид гадаадын хөрөнгө оруулалт гэж чухам юу болох талаар нэгдсэн ойлголттой байх нь хамгаас чухал юм. Хэрэв бид гадаадын хөрөнгө оруулалт гэж яг юу гэдгээ өөр хоорондоо ярилцаж зөвшилцөхгүй бол магадгүй тэр орон зайг гадны зээл зуучлагч нар хөрөнгө оруулалт нэрийн дор бидэнд өндөр хүүтэй арилжааны зээл шахах, биднийг өрөнд оруулах, эсхүл Монгол Улсын тогтвортой хөгжилд нэмэргүй үйл ажиллагаа эрхлэх гэх мэт бидний хяналтаас гадуур олон зүйлийг хийж болзошгүй.

 

Хөрөнгө оруулалтын нийтлэг ойлголт бол хүн өөрийн хуримтлалаасаа, өөрийн мөнгөө урт хугацааны төсөлд, харилцан үр ашигтай байдлаар хөрөнгө оруулахыг хэлж байгаа гэлтэй. Харин нэг газраас бага хүүтэй зээл аваад нөгөө газар өндөр хүүтэй өгөхийг хөрөнгө оруулалт биш “зээл зуучлагч” гэвэл зохистой. Хамгийн гол нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг өөрсдөө зохицуулж чаддаг байхад хамаг учир байгаа юм.

 

Өнөөдөр засгийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалт л эдийн засгийг хөгжүүлнэ гэсэн хандлагатай байж, ард иргэдэд ойлгуулж байгаа билээ. Тиймээс хөрөнгө оруулалтад зориулж татварын хөнгөлөлт үзүүлэх, хуулиа өөрчилж өгөх гээд ямар л таатай нөхцөлийг бүрдүүлж болж байна түүнийг бид хийж байна. Эрдэмтэдийн судалгаанаас харахад хэрэв бид зөвхөн хөрөнгө оруулалт татахын тулд ингэж бүхнээ найр тавьж өгвөл ТӨСӨӨЛЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэдэг юмыг бий болгодог юм байна. Ингэснээр эдийн засгийн хөгжил, технологийн дэвшилт, ноу-хау авчирдаггүй талаар олон улсын эрдэмтэн Кожо Елпаала дүгнэн хэлсэн байдаг. Харин тэрээр ингэж хөрөнгө оруулалтад тааруулж хууль дүрмээ өөрчлөхын оронд “үйлдвэрлэлийг дэмжсэн стратеги бүхий бодлого”-ыг сайтар боловсруулж хэрэгжүүлэх ёстойг хөгжиж буй орнуудад анхааруулсан.

 

Энэ хүрээнд бусад орны жишээнээс дурьдвэл Раванда, Афганистан, Ангола, Мозамбик, Либер зэрэг орнууд хөрөнгө оруулалт татахын тулд бүх л ТААТАЙ нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Гэсэн ч тэдгээр улсын төр тогтворгүй, эдийн засаг хямралтай, захиргаа нь ачаалалтай, хүнд суртал ихтэй, авлигатай, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байсаар л байна.

 

Яагаад?

 

Яагаад гэвэл тэд гадаадын хөрөнгө оруулалт нь улс орны хөгжлийн нэгээхэн л хэсэг гэдгийг ойлгоогүйд оршиж байгаа юм. Тэд хөгжихийн тулд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт, гадны мөнгөн дээр л найдсан. Ингэж төсөөллөөр хөрөнгө оруулалтад хандах нь бодит байдлыг хэсэгхэн хугацаанд сайн халхалж өгдөг байна. Ер нь бол ядуу буурай, хөгжих гэж байж хөгжсөн орнуудын үндэстэн дамнасан корпорациудад, хөрөнгө оруулагч нарт татварын хөнгөлөлт олгох нь бид сул дорой гэдгээ улам баталгаажулж байгаа бөгөөд энэ нь “ядуу нь баянаа тэтгэж” байгаа хэрэг болох юм.

 

Энэ яагаад ийм байна вэ?

 

Энэ нь зөвхөн уул уурхайн салбарт л хөрөнгө оруулалт хийхийг эрэлхийлж буй хөрөнгө оруулагчдыг татвал үүсдэг нөхцөл байдал. Түүхээс сөхвөл Африкийн колончлолын зуунд зөвхөн байгалийн баялаг олборлох зорилготой олон уурхайн компаниуд байгуулагдсан байдаг юм байна. Тэдний ажиллах арга барил бол “scoop and ship” буюу “ухаад ЗӨӨ” гэдэг загвар. Энэ загвар нь улс орныг зах зээлээ нээлттэй болго, Засгийн газрын оролцоог бууруул гэж зөвлөдөг. Ингэж хөрөнгө оруулалт татна гэдэг худлаа гэдгийг НҮБ-ын Худалдаа Хөгжлийн байгууллагаас судалсан байдаг.

 

Тэгвэл яах ёстой вэ?

 

Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтыг тооноос чанарт шилжүүлэх шаардлагатай. Хэрэв бид зөвхөн хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийн төлөө явбал хөгжлийн хамгийн доод түвшинд гацдаг жамтай. Харин хөрөнгө оруулалт бизнесийн буюу ашгийн шинжтэй, улсын буюу нийтийн эрх ашгийн шинжтэй гэж хоёр ангилаад алинд нь төр, засаг давуу эрхтэй оролцох, алийг нь зохицуулж дэмжиж өгөх, алийг нь сэрэмжлэн анхаарах, хориглох ёстойгоо мэддэг байх нь чухал. Жишээлбэл, Монгол Улсын хөрөнгө оруулалт 2012 оныхтой харьцуулбал 9 дахин буурсан гэж тоймчид ярих болсон ч угтаа энэ нь 9 дахин их байхдаа Монгол Улсад тогтвортой хөгжлийг бий болгож чадаагүй байна. Үүнд, иргэдийн амжиргаа сайжрах, баян ядуугийн ялгаа арилах, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, эдийн засгийн бодит өсөлт бий болох зэрэг чанарын асуудлууд багтана.

 

Хоёрдугаарт, профессор Ийстэрлейн хэлснээр “homegrown” буюу “гэртээ ургуулсан” байх арга. Үүнд, дотоодын нөхцөл байдлыг мэддэг, дотоодын бодлого гаргагч, эрдэмтэн, судлаач нар өөрсдөө дотоодын үйлдвэрлэлийн бодлогоо боловсруулахын чухалыг онцолсон байдаг. Тэгэхээр гадны “төлөвлөгч”, зөвлөхүүдийн үгийг сонсох биш өөрсдийгөө үнэлэх, өөрсдөө хийх явдал юм. Хэрэв гадныхны үгээр явбал хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн ч зүгээр л ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧ УЛС болж хувирна. Учир нь хөгжил өндөр улс өөрийн орны улсын эрх ашиг, хувь заяаг үндэстэн дамнасан корпорацийн эрх ашигтай ухаалаг байдлаар нягт уяж өгдөг. Ингэснээр тэдний эрх ашиг гүйцэлдэж байвал улсын эрх ашиг гүйцэлдэж байна гэсэн үг болох нь. Тиймдээ ч Монгол Улсад Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр ирж зөвлөгөө өгөх, Пийбоди компанийг сурталчилж АНУ-ын элчин сайд ажиллах зэрэг үйлдлүүдээс харж болно.

 

Үүнийг тэд яаж хийдэг вэ?

 

Үндэстэн дамнасан корпорацийн хөрөнгө оруулалт дангаараа хөрөнгө оруулалт мэт ажилдаггүй байна. Тэд Монгол Улсад орж ирээд компанийхаа алсын хараа, стратегийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ТОГТОЛЦООГ бий болгоно. Мөн өөр хоорондоо харилцан хамаарал бүхий СҮЛЖЭЭГ үүсгэнэ. Ингээд өөрийн бий болгосн тогтолцоондоо, сүлжээндээ дур зоргоороо ажиллах, оруулж ирсэн хөрөнгө оруулалтаа, мөнгөө буцаагаад урсгаж гаргах зэрэг үйлдлийг дураар хийснээр тухайн улсын эдийн засаг хямрах, нэг компаниас хараат болох зэрэг сөрөг үр дагаварууд ажиглагддаг байна. Үүнийг олон улсын хэмжээнд “Boost and Bust” буюу эхлээд дэлгэрч хөгжөөд дараа нь сүйрч унахыг илэрхийлжээ.

 

Өөр нэг арга нь тухайн улсыг зөвхөн түүхий эд хангагч болгох явдал. Үүнд уурхайгаас хилийн боомт хүртэл засмал зам, төмөр зам барих. Ингэснээр ухаад зөөнө. Ямар ч дотоодын бизнес эрхлэгчид хоорондын холбоо үүсэхгүй, дотоодын эдийн засаг хөгжихгүй, улмаар улсын хөгжлийн асуудал бүр ч яригдахгүй орхигддог байна. Үүнийг “татварын диваажин”, “бохирдлогын диваажин”, “хөдөлмөр эрхлэлтийн диваажин” зэрэг доогтой нэр хоч өгч хийдэг байна. Татварын диваажин гэдэг бол хөрөнгө оруулалтын төлөө татвараа тэглэх, урт хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэх, бусад бизнес эрхлэгчдээс тусгайлан татварыг нь бууруулж өгөх зэрэг үйлдлүүд багтах бол бохирдлогын диваажинд байгаль орчны стандартаа бууруулах, уул усаа хайрлахгүй байх, мөн хөдөлмөр эрхлэлтийн диваажинд дотоодын ажилтныг дураар халах, боолын хөдөлмөр хийлгэх, хөдөлмөрчдийн эрхэнд халдах, Үйлдвэрчний эвлэлийг буруугаар ашиглах зэрэг үйлдлүүд багтдаг байна.

Үүнтэй холбоотой Дэлхийн банк гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаарх судалгааг хийжээ (Gorg and Greenway 2004). Энэхүү судалгааны хүрээнд 40 орныг хамруулснаас 6 нь гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг эерэгээр хүртэж харин 28 орон нь сөрөг үр дагавартай байдлаар гарсан байна. Хамгийн сонирхолтой нь эерэг гарсан 6 орон өндөр хөгжилтэй улсууд байсан ба харин 28 сөрөг үр дагаварыг амссан улсууд нь ядуу буурай, хөгжиж буй, алслагдсан орнууд байжээ. Энд юу хэлээд байна гэхээр өөрсдийн тогтвортой хөгжлийн бодлого нь тодорхой, түүндээ тохируулж гадаадын хөрөнгө оруулалтыг залдаг, бүх юмны шийдэл нь хөрөнгө оруулалт биш гэдгийг ойлгосон, гадаадын хөрөнгө оруулалтыг тооноос илүү чанарт чухалчилдаг улс орон л эерэг үр дүн бий болгохыг харжуулж байгаа юм.

 

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж амжилттай хэрэгжүүлэх вэ?

 

 

Эрдэмтэн Жон Пэйжийн судалсанаар Зүүн өмнөд Азийн орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлсэнд тооцогддог юм байна. Энд бид гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татах гэж ярьсангүй, харин хэрэгжүүлэх буюу өөрсдөө залж чиглүүлэх талаар ярьж байна. Тэдний амжилтын нууц нь гадаадын хөрөнгө оруулалтыг бидэн шиг эдийн засгаа хөгжүүлэх, орлогын тэгш хувиарлалт хийх гэж биш харин иргэдээ өндөр орлоготой болгох, баян ядуугийн ялгаа заагийг арилгах гэсэн иргэдийн амжиргааг сайжруулах чанар дээр анхаарсанд гол амжилт оршиж байгаа юм. Үүнийг ямар бодлогоор, яаж зохицуулсаныг бид судлах нь зүйтэй болов уу. Харин ийм бодит зүйлээс хол байлгадаг төсөөллийн хөрөнгө оруулалтыг бий болгоход нео-либералчлалыг түлхүү ашигладаг гэдгийг эрдэмтэд дүгнээд үүнийгээ Америкдаа Вашингтон консенсус гэж нэрлэдэг талаар дурджээ. Энэ нь дотоодын зах зээлээ дэлхийн зах зээлд НЭЭЛТТЭЙ байлгах, үнэ тарифаа буулгах, гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар хамгаалах, хөнгөлөлт үзүүлэх, таатай нөхцөлийг бүрдүүлэх, экспортыг илүү дэмжих зэрэг зааварчилгааг өгч иржээ. Гэтэл бусад орнууд эдгээр зөвлөмжүүд нь өнөөдөр ухаалаг алхамууд мөн үү гэж асуух болсон.

Гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд:

1. Гадаадын хөрөнгө оруулалт эцсийн шийдвэр биш, зөвхөн хэрэгсэл

2. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого нь дотоодын хөгжлийн бодлоготой хамт явах ёстой

3. Дэлхийн худалдааны байгууллага болон Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд биднийг “өөрсдөө хувь заяагаа өөрийн гартаа авах” орон зайг өгөхийг анхааруулсан

Эцэст н хэлэхэд бодлого уул уурхайг дэмжих биш, уул уурхай биднийг яаж дэмжих вэ гэдэгт чиглэх ёстой.

 

Хэрэв ядуу буурай орнууд байгалийн нөөцөөрөө дэлхийн олон орны үйлдвэрлэлийг олон зуун жилээр тэтгэж ирсэн юм бол одоо бид өөрийн байгалийн баялаг, нөөцөөр тэдний амжилттай хэрэгжүүлсэн “өөртөө найдах” үйлдвэрлэлийн стратегийг өөрсдөө хэрэгжүүлэх цаг нь ирсэн биш гэж үү???

 

Сайнхүүгийн Гантуяа