Монгол бөх бол Монголын ард түмний бий болгосон өв соёлын дархлаа юм. Улс үндэстэн оршин тогтнож буй нөхцөлд түүх соёл, ёс уламжлалынх нь илэрхийлэл болж ирсэн монгол бөх устаж мөхөх ёсгүй. Харин ч цаг үеэ даган хөгжин дэвшиж, шинэчлэгдэхийн зэрэгцээ тухайн үндэстний хөрс суурь, онцлогоо хадгалж байх учиртай. Тэгэхээр бөх гэдэг зүгээр нэг барилдаж ноцолдож, зугаагаа гаргаж, хообийгоо дарж явдаг хэдэн нөхдийн асуудал биш гэдэг нь ойлгомжтой юм.

Бөхчүүд эрт дээр үеэс монгол соёлын өв тээгчид байсаар ирсэн. Бөхийн дэвжээ ариун байж, бузартах ёсгүй гэдэг нь тэнд ноцолдож байгаа хэдэн нөхдийн бузартах эсэхтэй огтоос хамаагүй зүйл.

Энэ бол монгол үндэсний дархлаа бат бөх байж улс гүрэн хүчирхэг оршин тогтнохын үүднээс хэлсэн өвгөдийн билигт үг юм. Мөн монгол бөхийн хийморь биднийг ивээг гэдэг нь монгол эрийн хийморь лундааг оршоосон жудаг ёс, түүхээ дээдлэхийн утга болохоос авлига хээл хахууль, алив муу муухай зүйлд автаж, иртэй чадалтайдаа эрдэж эрдэм оюун, хүний мөс чанарыг доогуур үзэх болсон хөлстэй хэдэн нөхдийн ард түмнийг ивээх асуудал бүрчиг биш билээ. Өнөөдөр монгол үндэстний соёлын дархлаа алдагдахад хүрч, хамгийн бат бөх байх үнэт баялаг маш хэврэг болжээ. Үүнд соёлын өв тээгчид болох бөхчүүд буруутай, өөр хэн ч биш. Тэд соёлын өв тээгчид гэдгээ ухамсарладаггүй, үүрэг хариуцлага гэдгийг мэддэггүй, төр түмний хайр хүндэтгэлийг үл умартаж, Монголын ард түмний зуун зуунд бий болгосон ёс уламжлал руу эрээ цээргүйгээр нулимж эхэлсэнтэй нь холбоотой.

Бөхчүүдийн бүтээсэн баялаг, үнэт өв гэж алга байгаа нь үүний баталгаа юм. Мөн үндэсний соёлоо цэвэр ариунаар нь хадгалж үлдэхийн оронд ир бяр, алдар нэрээрээ дулдуйдаж популист үйл ажиллагаа явуулах болсон нь аймшигтай. Хэдэн халтар цааснаас болж хий хоосон эх орончдын дүр эсгэн бөхчүүд гудманд төр түмнийхээ эсрэг “улилдаж” эхлэх юм бол өнөө үндэстний дархлаа бүр шалдаа буух аюулд хүрнэ. Монгол төрийн алтан хэлхээ гэдэг шиг монгол ёс уламжлалыг амин хэлхээ үндэсний бөхийн ертөнцөд алдагдаж байна уу даа гэх гунигт бодол төрөх боллоо. Ардын хувьсгалаас хойших бөхийн уламжлалын аваад үзье. Домог болсон хүчтнүүдийн нэг Буур Жамъян аваргыг бөхийн ертөнцөд дагуулж ирж, төрийн наадамд зодоглуулсан хүн нь Лу гүний Вандан аварга гэдэг. Вандан аваргаас бөхийн ёс жаяг, уламжлалыг авч үлдсэн хүн Буур аварга байх нь. Буур аваргын дараа тодорсон хүчтэн бол Бадамдоригийн Түвдэндорж аварга юм. Түвдэн аваргыг Баянаа аварга “Миний багш” хэмээн хүндэтгэн дээдэлж бөхийн ариун голомтыг нь авч үлдсэн түүхийг бид мэднэ. Бөхийн уламжлал ингэж явсаар хоёр Мөнхөөр дамжиж, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ аваргуудаар үргэлжилж Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын аваргуудтай золгосон. Сүхбат Баянмөнхийн шавь, Өсөхөө Мөнхбатын шавь. Өсөхөөг бүр багад нь Буур аварга захиж үлдээснийг Мөөеө аварга хэлдэг. Тэгэхээр Буур Жамъян хийгээд “Их Монгол” Шаравжамц нарын аваргуудаас улбаатай бөхийн уламжлал гэж айхавтар нарийн зүйл байжээ. Тэрхүү нарийн дэг жаяг, дархлаа өдгөө С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын үед алдагдахад хүрлээ. Үүнд А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нар буруутай. Энэ нөхөд монгол ёс уламжлалын амин хэлхээг дараагийн аварга цолтой бөхчүүддээ хүлээлгэн өгч чадаагүй нь мэдрэгдээд байна. Сүхбат, Сумъяа, Өсөхөө энэ хэдэд Бат-Эрдэнэ аварга хэрхэн нөлөөлсөн бол гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Зулайг нь гишгэж төрсөн гэдэг шиг ар шилийг нь дарж гарч ирсэн Сүхбат тэр хоёрын дунд эвтэй найртай байдал эхэн үедээ харагддаггүй байсан. Тэрсэлдсэн, толхилцсон тийм л байдалтай байв. Эл бүгд үндэстний соёлын дархлаа алдагдахад, ёс уламжлалын багана гуйвахад нөлөөлдөг байна. За тэгээд бөхчүүдийн овог аймгаараа талцсан байдал, жалга дов, нутаг усны үзэл бөхийг мөхөл рүү нь түлхэхээс өөрөөр гийгүүлээгүй дээ, хөөрхий.

Тэр жилийн наадам (2009 он)-аар их шөвгийн дөрөвт хүч үзсэн Г.Өсөхбаяр аварга, Х.Мөнхбаатар арслан нарын барилдааныг санах нэг нь санаж байгаа. Яагаав, хөлийн цэцтэйгээ нийлсэн гурвалжилсан, дөрвөлжилсөн барилдаан болоогүй юу. Хөлийн цэц Б.Ганбаатар арслан Өсөхөө аваргыг илт дэмжиж хазайхад нь гүйж очин түшээд үзэгчдийн бухимдлыг төрүүлж байлаа. Хэрвээ Мөнхбаатар давсан бол тэр жилийн наадмаар аварга цолтон төрөх байсан юм. Учир нь түрүү үзүүрт До.Ганхуяг арслан үлдчихээд тэр хоёрын хэн давсантай нь барилдахаар хүлээж байлаа. Эндээс харахад, бөхчүүдийн жалга довны өчүүхэн сэтгэлгээ, аль нэг спорт хороогоор овоглож харьяалагддаг өрөвдмөөр байдал монгол төрийн наадмаа хүртэл гутаагаад зогсохгүй, өв соёлоо уландаа гишгэлж буй гэдэг нь илэрхий. Харамсалтай нь үүнийг мэдэрдэг хүн гэж алга болж. Тэр байдал хоёр жилийн дараа буюу ерэн жилийн түүхт ойгоор давтагдаж байсан.

2011 оны наадмын долоогийн даваанд Ч.Санжаадамба, Ц.Содномдорж нар тунаж барилдсан. Мань хоёр удаа ч үгүй шууд барьц сонгохоор шийдэж Санжаадамбын талаар таарсан санагдана. Тэндээс л өнөө будлиан чинь гарсан. Архангайн голдуу нөхөд хөлийн цэцээр сууж бас л гурвалжин дөрвөлжин юм болсон. Хоёр бөх тахимаа өгөлцөж авалцалгүй бараг дөрөв таван цаг наадмыг уяж байлаа. Аргаа барсан үзэгчид “Санжааг хас” гэж орилж байсан. Үүнд Санжаадамбын юм уу, Содномдоржийн буруу байхгүй. Төрийн наадмын заан цолны даваанд залуучууд ана мана үзэлцэж, аль байдгаараа хичээн зүтгэх нь мэдээж. Харин хэн хэнд нь ижилхэн сануулж, шаардлага тавьж, хууль журмын дагуу барьцыг нь бариулсан бол асуудал гарахгүй шүү дээ. Хөлийн цэцүүд буруу шийдвэр гаргаснаас үүдэн Хөвсгөлийн хоёр болох Содномдорж, Мөнхбаатар нар эсэргүүцэл зарлаж, цэнгэлдэхийн дэвжээн дээр нус нулимстайгаа зогсож байлаа.

Эл бүгдээс харахад монгол үндэсний бөхийг бөхчүүд нь удирдаж, зохион байгуулах боломжгүй юм байна гэдэг нь батлагдаад байгаа. Өнөөдөр бөхийн өргөөнд болж буй барилдаануудыг анзаарахад бөхчүүд барьцаа авах гэж хичнээн цаг хугацааг авч, өөрсдийг нь үзэх гэж ирсэн олон түмнийг залхаан цээрлүүлж, доромжилж байна вэ. Сүүлийн үед шуугиулж барилдаж байгаа Ховдын залуу гэхэд алсын сүвээний барьц авахдаа өрсөлдөгч бөхийнхөө суган доогуур мөрөө бүтэн шургуулж байж барьц авч харагдах юм. Тэгээд л ар зоогоор нь пэдхийтэл өргөөд шидчихэж байна. Хэрвээ тийм барьц өгөхгүй бол барилдахгүй гээд гүрийчихнэ. Ерөнхийлөгчийн цомын баяр, Үндсэн хууль, тусгаар тогтнолын ой аль нь ч хамаагүй. Бөхчүүдэд төрөө хүндэтгэх, ард түмнээ хүндэтгэх ойлголт ямар байх биш. Дээрээс нь ахмад бөхчүүдийнхээ үгэнд орно гэж ёстой лөөлөө юм аа. Ардын багш Д.Сэрээтэр гуайг нэг залуу бөх өөрт нь шаардлага тавилаа гэж тийрээд унагасан дуулддаг. Тийм л зэвүүн, хүйтэн, харгис хэрцгий болжээ, өнөө цагийн бөхчүүд. Тийм хүйтэн, хөндий, харгис, хүнийрхүү сэтгэлтэй нөхдөд яалаа ч гэж үндэстний соёлын дархлааг хадгалах, өвийг тээх боломж нөхцөл, сайн сайхан зүйл байхав дээ гэж бодогдоно. Барьц сонгоход өөрийнхөө ая тааллыг бодож, ард түмнээ залхааж байгаа нөхдийг барилдаанаас шууд хасдаг дүрэм журам бий болгох хэрэгтэй.

Бөхийн холбоог Р.Нямдорж, Д.Данзан гэсэн хоёр хүн сүүлийн 25 жил тасралтгүй удирдаж байгаа. Тэднийг цахим ертөнцөөр элдвээр зүхэж байгаа харагддаг. Энэ хоёр хүн монгол бөхөд үнэндээ шинэчлэл хийсэн. Монгол түмнийг бөхийн өргөөтэй болгосноос аваад нүдэнд харагдаж, гарт мэдрэгдэхээр зүйл олныг хийсэн. Мэдээж нэг салбарт хүмүүс удахаараа ад болдог нь жам хойно. Мөнхийн юм гэж байхгүй учир тэд хэн нэгэнд ажлаа өгч таарна. Харин бөх гэх нэртэй, алдар цолтой нөхдөд бөхийн холбоог өгч болохгүй шүү гэдгийг сануулмаар байна. Р.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хэзээ нэг өдөр ажлаа өгнө. Одоо ч өгөхөд бэлэн байна. Харин нэр бүхий найман хүнд бөхийн өргөө, бөхийн холбоог өгөхгүй” гэж мэдэгдсэн. Тэр найм нь хэн байж болох уу гэсэн таамаг олны дунд явж А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын хэдэн хүн дээр тогтсон. Мөн Нямдорж, Данзан хоёртой үздэг, үзэлцсээр ирсэн нөхдийн нэр ч дуулдаж л байсан. Нямдоржийн хэлж байгаа үнэн л дээ. Өөрийнх нь олон жилийн хүч хөдөлмөр, оюун ухаан, амь амьдралаа зориулсан талбар дээр хэн нэгэн иртэй бяртай нөхөр гарч ирээд бөхчүүдээ овог аймгаар нь талцуулж, хэдэн тийш нь бусниулаад, өөрийн эрх ашгийн үүднээс байж боломгүй олон зүйлийг сэдэж бөхийн ертөнцийг өшөө хорсол, ад зэтгэрийн үүр уурхай болгож өнөө өв соёлын дархлаа, ёс уламжлалыг чинь уландаа гишгэлэхийг хэн хүсэх билээ. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр бөхийн холбоо руу дайрч байсан бөхчүүд ихэнх нь тийм л үзэл санаа агуулж байсныг удирдлагууд нь хэлдэг юм. Мэдээж бөхийн холбооны тэргүүлэгчдэд бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд нь байлгүй яахав. Харин удирдан манлайлагч нь монгол бөхийг мэддэг, бөхөө дээдэлдэг, монгол хэл соёл, үндэсний ёс уламжлалаа хүндэтгэдэг, шилдэг сайн менежер байх нь зүйд нийцэх болов уу. Ингэснээр бөхөөр дамжин монгол соёлын дархлаа олон улсад хадгалагдаж, улс үндэстний оршин тогтнохын нэгэн баталгаа нь болж үлдэх юм.

Б.Батболд