Монгол сумочдийн 10 жилийн 60 орчим башёгийн ээлжгүй шахам ноёрхлын дараа сая нэг Япон сумоч үндэснийхээ ёс заншил, сэтгэлгээний бахархал болсон дэвжээндээ түрүүллээ. Түрүүлсэн озеки Котошогикү баярын нулимсаа барьж эс чадна. Өвөөгийнх нь зургийг тэвэрч ирсэн аав нь, ээж нь ч мөн адил. Тэдэн лүгээ адил нийт Япончууд бүгдээр баярлан буй гэдэгт эргэлзэхгүй байна.
Онлайн сүлжээнээс цөөнгүй монголчууд ч талархалтай байгааг харж болно.
Эцсийн өдрийг хүртэл япон сумоч түрүүлэх эсэх нь эргэлзээтэй байлаа. Ялангуяа 14 дэх өдөр багынх нь найз, нэг нутгийн Тоёношима Котошогикүг өчүүхэн ч тээнэгэлзсэн шинжгүй, ид хавтайгаар унагаж орхисон барилдаан бол онцгой.
Чухам эндээс япон хүний зарчим, япон чанар, японы хөгжлийн нууц хийгээд өнөө бидний зарчимгүй явдал, манай хөгжлийн будлиу байдал хоёрын гол гол ялгаанууд харагдана. Ямар ямар ялгаа байна вэ гэхээр...
.
Сурах анхны "юм" - ШУДАРГА ЗАРЧИМ...

10 жилийн турш япончуудын бөхөө түрүүлчихээсэй гэсэн хүслийг нь сөрж Тоёношима Котошогикүг яагаад хаяж орхив оо? Яагаад буугаад өгчихсөнгүй вэ? Тэр чинь япон хүн шүү дээ. Бүр Котошогикүтэй нутаг нэг, багийнх нь найз шүү дээ. Гэтэл гүрийтэл зүтгэсээр байгаад унагачих..
Өнөөх ялгаа, бас сурах "юм" маань энд бий.
Манайд бол нэг аймгийн, бүр нэг сумынх нь нөхөрт яг ийм боломж гарч байгаа тохиолдолд ихэнхдээ буугаад л өгчихнө. Худлаа барилдчихдаг. Хэрвээ үнэнхээсээ барилдаад хаячихвал харин ч зүй бус юм болж, шударга барилдсан нөхрийг элдвээр хэлнэ. Эцэстээ барилдаан гэхээс илүүгээр хуйвалдаан болно.
Харин нас ахисан ахмад бөх өсөх ирээдүйтэй залуу бөхийг тунаанаас гаргаж, тахимаа өгөх бол манай үндэсний бөхийн соёлд байдаг л уламжлал. Гэвч энэ нь хэтрээд уут уут мөнгө чирсэн том том дээлтэй бизнесмэнүүд, улс төрчид наадмын талбайгаар эргэлддэг гаж байдлыг бий болгочихсон. Юм хэтрэхээрээ л эсрэг нөлөө, хандлагыг бий болгодог.
Аймгийнх нь ойд очсон өөр аймгийн бөхийг хэрхэн яаж хавчдаг билээ. Зарим нь бүр ил тод зодож цохидог шүү дээ. Юун шударга сайхан барилдаан вэ? Баримт жишээг жагсааж болно.
Япон сумо, манай үндэсний бөх хоёрт энэ зарчим гэдэг зүйл дээр авч үздэл ихээхэн ялгаа байгаа биз. Ийм хандлага зөвхөн бөхөд ч биш, нийгмийн олон салбарт, ялангуяа улс төрд маш тодорхой ажиглагддаг.
Өөрийн намын нөхөр бол бараг хар халзан төлөг байсан ч хамаагүй дэмжиж, албан тушаал олгодог, ахиж дэвшүүлдэг. Өрөөлийн намынх бол ариун гэгээнтэн байсан ч нулимдаг, хавчин гадуурхдаг, гудамжинд шахаж гаргадаг хачин эрүүл бус талцал. Хичнээн буруутай байсан ч өөрийн намын Засгийн газрыг улаан цээжээрээ хамгаалдаг. Цаана нь шударга ёс үнэгүйдэх, ард түмний ашиг сонирхол уланд хэвтэх энэ тэр бол ёстой падлийгүй хэрэг... Дээр нь нутгархаг, жалга доворхох хандлага...
Шударга байх, авьяас чадвараар нь дэвшүүлэх, дэмжих уламжлалт бодлого ор тас байхгүй.
Угсаа гарвал, овог аймаг, дайсан нөхөр, шашин шүтлэг ялгалгүйгээр хэн чадвартай, хэн ухаалаг, үнэнч байна тэр хүнд эрх мэдэл олгодог, дэмжиж нөхөрлөдөг байсан зарчим бол Чингис хааны нэг чухал шинж нь байв. Удирдлагын энэ арга барилыг Чингис хаан өвөг дээдсээсээ өвлөж авсан байдаг. Түүний дээдэс Амбагай хаан, Хабул хаан нар яг ийм зарчмаар төрөө барьж, залгамжлагчаа болон итгэлт нөхдөө тодруулж байв. Тэднээс ч төө өмнө Аттила ч, бүр Модун ч хэрэглэж байсан, манай төрийн уламжлалт арга барил юм.
Өнөөдөр харин дэлхий дахин яг ийм удирдлагын арга, тогтолцоог мерит хэмээн нэрлэн, онцгой чухалчлан судалж байгаа.
Харин яаж самуурхаараа бид тэр уламжлалаа тас мартчихаад, өнөө гаднын онол ном дээрээс дахин суралцаж, гайхаж суудаг билээ.
Ер япон сумочид хэзээ ч найр тавин бууж өгдөггүй, шударга барилддагаас нэг бус япон сумоч түрүүлчих боломжоо алдаж байсан. Кисенасато дээр хэдэнтээ давтагдсан.
Ингэхэд шударга ЗАРЧИМ гэдэг зүйл бол, тэр зарчимдаа үнэнч байна гэдэг бол хувь хүний дотоод ертөнц хүчирхэг байгаагийн илрэл. Япон хүний нэгэн чухал онцлог бол энэ. Бушидо хэмээн Япончуудын ёсзүйн цогц үзэлд энэ маш тод илэрдэг нэн чухал суурь нь болно. Шударга барилдаж, өрсөлдөнө гэдэг бол сумогийн өмнө төдийгүй нийт япон үндэстний өмнө хүлээсэн үүрэг, зүй зохистой зүйл нь болно. Энэ үүргээ өчүүхэн умартсан сумочийг эргэлзэх юмгүйгээр сумогийн ертөнцөөс хөөж орхидог билээ. Тиймээс сумочид ямар нэгэн талцал, худал барилдаан, хуйвалдаан, булхай хийх нь бараг үгүй. Энэ нь сумогийн ертөнцийг сонирхолтой, эрхгүй хүндэтгүүштэй, эрхэмсэг болгоно.
Ийм хандлага зөвхөн сумогийн ертөнцөд биш, нийт японы ертөнцөд маш түгээмэл. Япон хүний цаг барьдаг, хэлсэндээ, хийсэн ажилдаа эзэн болдог зарчимч зан чанар нь өнөөгийн Японы хөгжлийн нэн чухал түлхүүр гэдгийг судлаачид олонтаа давтдаг. ЯПОН ЧАНАР гэдгийг дэлхий даяараа мэддэг болсон. Япон машин эдэлгээтэй, япон электрон бараа чанартай, япон судалгаа үнэ цэнэтэй. Энэ бүх амжилтийн суурь нь зарчимдаа үнэнч байдаг япон мөн чанар болно. Түүний нэгэн илрэлийг бид Тоёношимагийн барилдаанаас харлаа. Бууж өгсөнгүйнх нь төлөө япончууд түүнийг гоочилсонгүй, харин ч эсрэгээрээ түүгээр бахархаж байна. Зарчимд үнэнч байна, эрх ашгийг эрэмбэлж, үнэ цэнэтэй байна гэдэг маань энэ шүү дээ.
Харин өнөөдөр бидэнд энэхүү ЗАРЧИМ гэдэг зүйл ер байдаг эсэхэд эргэлзэхэд хүртлээ үнэгүйдсэн. Ингэхэд хөгжил гэдэг чинь ганц хөрөнгө санхүү дээр суурилдаг зүйл биш, түүнийг бүтээдэг чадвар, зөв зохицуулдаг ухаан, эв нэгдэл, ёс зүй, бахархал, хүндлэлийг бий болгож байдаг энэхүү ЗАРЧИМ гэдэг зүйл дээр суурилдаг.
.
Удаад нь суралцах "юм" - САХИЛГА БАТ...
.
Сумогийн ертөнцийг үзүүштэй, эрхэмсэг болгодог бас нэгэн зүйл бол сахилга бат, хүлээцтэй хандлага болно. Дэвжээн дээр маш тод харагддаг.
Маргаантай барилдааны дараа бөхчүүд дэвжээний захад зогсоод, шүүгчдийнхээ шийдвэрийг хүлээнэ. Шүүгчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, гар хөлөө гозолзуулж, дэвжээн дээрээс буухгүй цахдан зогсоо нэг ч сумочийг Аса аваргыг дэвжээн дээр гарсан 2002 оноос хойш сумог тасралтгүй үзэхдээ огт харсангүй.
Энэ бол сахилга бат.
Харин манайд энэ байдал эсрэгээрээ. Маргаантай барилдаан болбол ихэнхдээ хэн эрээгүй, бүдүүлэг байсан нь ялалтыг авна. Котогошикүг түрүүлж байх агшинд давхцан Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Үндэсний бөхийн барилдаан болов. Шөвгийн дөрөвт у/а Батсуурь, а/а Мөнгөнбаатар нарын барилдаан маргаантай болсон. Дахин барьц авхуулан барилдуулах үед Мөнгөнбаатарыг барьцаа гүйцэд барьж амжаагүй байтал шүүгч дохиж, Батсуурь ч өргөөд шидчихэв. Нэг нь тахимаа авах гэж, нөгөө нь өгөхгүй гэж юм болно. Энэ ёс бус барилдааныг хэн ч шударгаар шүүх гэж оролдсонгүй. Ер ийм байдал барилдаан бүрд байнга шахам давтагдана. Ялангуяа барьц сонгуулах үеэр.
Сумод удаан барилдсан үед түр амраагаад дахин барьц бариулахад ямар ч маргаан гаргадаггүй бол, манай бөхчүүд удаан барилдсаны эцэст барьц сонгуулах үеэр бөөн юм болно. Барьцаа өгөх гээд ч байгаа юм шиг, өгөхгүй гээд ч байгаа юм шиг байж ядчихна. Засуулууд яаж ч мачийгаад нэмэргүй. Тэгэж тэгэж улайж уурлацгаасан улс нэг юм учраа ололцоно.
Хөлийн цэц, засуул нарынхаа зааврыг дагана, шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэж бараг үгүй, унасан нь тахимаа өгөхгүй гүрийчихнэ. Зарим нь шууд л дэвжээн дээр өрсөлдөгчөө шанаадаад авна. Тэглээ гээд хэн ч, ямар ч хариуцлага хүлээсэн юмгүй. Нэг ийм заваан залхаг, бурангуй харанхуй байдал бидний бахархал болсон, хэдэн мянганы түүхтэй үндэсний их спортыг маань муухай харагдуулдаг.
Сумод бол сахилга бат алдсан, архидсан, хар тамхитай орооцолдсон, хууль бус зүйл хийсэн л бол ямар ч нэр алдартай байсан ялгалгүй сумогоос хөөж орхино.
Манайд бол эсрэгээрээ. Нэгэн үе манай бөхчүүд хятад спиртний наймааг мөн ч их хийсэн дээ. Бүгдээрээ мэддэг ч, ярилцацгаадаг ч, юу ч өөрчлөгдөөгүй. Энд тэнд зодоон цохион, хууль бус зүйлд манай зарим бөхчүүдийн нэр дуулдаж л байдаг.
Энэ байдал зөвхөн бөхийн ертөнцийн явдал төдий биш юм. Үндэсний гол спортынх нь дэвжээн дээр илэрч буй үзэгдэл бол тухайн үндэстний нийтлэг байдал, хандлагыг илэрхийлдэг юм байна.
Япончуудын сахилга бат гайхалтай гэдгийг японд сурч, ажиллаж, япон хүмүүстэй нөхөрлөж үзсэн хүмүүс нотолно буй за. Харин бидэнд тийм сахилга бат гэдэг зүйл ихээр үгүйлэгдэж байгаа. Замын хөдөлгөөнд явж ороход л бидний сахилга бат, нэг нэгнээ гэх хүндэтгэл, хүлээц, соёл ямар түвшинд байдаг нь олон зүйлээс эрж хайлтгүй мэдэгдэнэ.
Япончууд хийгээд бидний ялгаа энэ мэт зүйлд байна. Түүнээс биш япон хүмүүс монголчууд биднээс онцгой гойд илүү авьяас чадвартай, бяр чадалтай, IQ-тай төрчихсөндөө улс орноо сайхан хөгжүүлээд байгаа ч юм биш.
Сумогоос, өөрөөр хэлбэл япончуудаас суралцах гол "юм" маань энэ байна. Зарчим, сахилга бат...
Уг нь бидэнд огт байгаагүй биш байсан, бүр хангалттай байсан. Энэ цаг үед түүнээ гээчихээд бусдаас суралцах, санаа авах тухай ярьж байгаа маань бидний харуусал болно.

Б.Номинчимэд