Сүүлийн үед валютын ханш өсч, тэр дундаа ам.долларын ханш богино хугацаанд 100 төгрөгөөр нэмэгдэж, 2122 төгрөгт хүрсэн. Ийнхүү нэмэгдэх болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж буй. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хийсэн мэдэгдлийг хүртэл холбоод амжсан. Тэгвэл валютын ханш юунаас шалтгаалж тэнгэрт хадсаныг тус салбарын мэргэжилтнүүд буюу эдийн засагчид ингэж тайлбарлав.

 

Эдийн засагч Ч.АНХБАЯР:

 

-Валютын тэр дундаа ам.долларын ханш огцом нэмэгдэх болсон нь ямар шалтгаантай гэж харж байна вэ?

 

-Манай улсын валютын нөөц хүнд байдалд хүрсэн. Тодруулбал, нийт болон цэвэр албан нөөц гэж байдаг. Цэвэр албан нөөц нь өөрөө аль хэдийнэ хасах руу ороод үндсэндээ жил гаруй болж байна. Энэ нь валютын ханш өсгөх том хүчин зүйл болсон. Өөрөөр хэлбэл, нөөц шавхагдах хэрээр валютын ханш цаашид улам өсөх хандлагатай.

 

-Манай улсын валютын нөөц ямар шалтгаанаар шавхагдав. Юун дээр алдсан гэж дүгнэж байна вэ?

 

-Шууд хөрөнгө оруулалт тасарсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ унасан зэрэг шалтгаанаас болсон. Үүнээс гадна Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж 3.4 их наяд төгрөг зарцуулсан. Мөн маш их хэмжээний бэлэн мөнгө тараасантай холбоотой. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж нөөц шавхагдахад хүрээд байхад дахин Чингис бонд гаргасан.Үүний дараа Хятадын 15 тэрбум юаны своп хэлцэл хийсэн. Эдгээр алхам нь нөөцийг нэмэгдүүлэх гэсэн оролдлого байсан. Гэхдээ зөвхөн тухайн үедээ нэмэгдүүлсэн. Харамсалтай нь, одоогийн нөхцөл байдлын үүднээс харахад өмнөх шиг боломжууд хаалттай байна. Жишээлбэл, олон улсын зах зээл дээр дахиад бонд босгох гэхээр манай улсын зээлжих зэрэглэл буюу эрсдэл нь өссөн. Тодруулбал, Монгол Улсад хөрөнгө оруулалтын зээл олгох боломжгүй. Яагаад гэвэл өндөр эрсдэлтэй гэсэн зэрэглэлд хамаарч байна.

 

-Улсынхаа валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж, гарцыг та хэрхэн харж байна вэ?

 

-Нөөцийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг том асуудал болоод байна. Экспорт болон алтны орлого нөөцийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Гэтэл экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээ хэмжээнд хүрэхгүй. Харин алтны үнэ төдийлөн хурдацтай өсөхгүй байна. Энэ мэт хүчин зүйлээс шалтгаалж валютын нөөц нэмэгдэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Байдлыг харахад валютын ханш унана гэж хэлэхэд хэцүү. Олон улсын жишгээр тухайн улс 12 долоо хоногийн валютын нөөцтэй байх ёстой. Нийт албан нөөцөөр нь авч үзвэл манай улс ийм хэмжээг хангаж байгаа. Хэрэв үүнийг хангаж чадахгүй хэмжээнд ирвэл олон улсын байгууллагаас ам.долларын зээл авах боломж бий. Үүнийг ашиглах нэг хувилбар байна. Мөн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор оруулж ирдэг хөтөлбөр гэж бий. Энэ нь нөгөө талаараа валютын нөөцөд дэмжлэг үзүүлдэг.

 

-Таны хэлж буй хөтөлбөрийн дагуу оруулж ирэх боломж бий юү. Цаашид валютын ханш болон төсвийн алдагдлыг хэрхэн тогтворжуулах ёстой вэ?

 

-Манай улсын эдийн засгийн үзүүлэлтийг харвал тус хөтөлбөрийг оруулж ирэх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, нөхцөл нь бүрдсэн гэсэн үг. Тиймээс тухайн хөтөлбөрийг оруулж ирвэл валютын ханш болон төсвийн алдагдал харьцангуй тогтворжих боломжтой.

 

-Манай улсын төсвийн алдагдал эхний таван сарын байдлаар 860 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь юутай холбоотой вэ?

 

-Гадаад худалдаа буюу урсгал тэнцэлийн алдагдал нь гурван жилийн турш дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувьтай тэнцсэн хэмжээтэй явж ирсэн. Ер нь 2011 оны хагасаас 2013 оны хагас хүртэл ийм хэмжээтэй байсан. Өнгөрсөн хугацаанд гадаад худалдааг замбараагүй их хэрэглэсэн буюу импортолж байсан гэсэн үг. Эдийн засгийн үзүүлэлтээс харахад импорт бол маш хурдацтай явсан байдаг. Энэ нь дотооддоо хэтэрхий их бэлэн мөнгө тараасантай холбоотой. Тэр их хэмжээний мөнгийг олдог байсан уул уурхайн салбар болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нь огцом тасарсан. Гэтэл урсгал тэнцлийн алдагдал нь хэвээрээ байдаг. Энэ хоёрын зөрүүг нөхөх асуудал үүсэхэд Чингис бондыг оруулж ирээд бүтээн байгуулалт нэрийдлээр дахиад бэлэн мөнгө тараасан. Ийм байдал үргэлжилсээр одоогийн нөхцөлд хүрлээ.

 

-Цаашид валютын ханш буурах боломжтой юу. Хэрхэн бууруулах вэ?

 

-Валютын ханш буурах тал дээр эдийн засгийн тайлбар олдохгүй байна. Яавал буурах вэ гэхээр нэгдүгээрт, экспортын орлогыг эрчимтэй нэмэгдүүлэх ёстой. Энэ нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ханш өсөхийг хүлээнэ гэсэн үг. Хоёрдугаарт, гадаад худалдааны урсгал тэнцлийн алдагдлыг багасгах шаардлагатай. Үүнийг хэрхэн яаж багасгахаас хамаарна. Гуравдугаарт, төсвийн алдагдлыг танаж, багасгах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, манай улс яалт ч үгүй ам.долларын зээл авах шаардлагатай. Үүний тулд дээр дурдсан хөтөлбөрийг оруулж ирэх хэрэгтэй болж байна. Тавдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Эдгээр нөхцөл бүрдэж байж валютын ханш тогтворжиж, эргээд буурна гэсэн үг. Гэхдээ дээр дурдсан таван нөхцөлийн алийг нь ч бүрдүүлж чадаагүй байна. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой барих хэрэгтэй байна. Манай улсын эдийн засаг үндсэндээ хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн хоёр салбараас хамаардаг. Гэтэл манай улс энэ хоёр чиглэлд үнэндээ юу ч хийж чадахгүй.

 

-Яагаад? ­

 

-Яагаад гэвэл нэг нь байгаль, цаг уураас, нөгөөх нь дэлхийн зах зээлээс хамааралтай. Бороо, цас нь элбэг ороод ургацаа ахиухан авч, малын тоо толгой нь 60 сая давчихвал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө хадгалж үлдэх магадлалтай. Харин уул уурхай талаасаа Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөгөөг давуулаад биелүүлчихвэл эдийн засгийн өсөлтөө мөн хадгалж, оны 1.2­ 1.5 хувьд хүргэх боломж бий. Хэрэв эдийн засгийн өсөлтөө алдвал дээр дурдсан таван зүйл дээр уналттай эдийн засгийн үзүүлэлт нэмэгдвэл валютын ханшийн өсөлтийг дахиад хөөргөнө гэсэн үг.

 

С.Юмсүрэн