Сүүлийн хэдэн жилийн турш “Туул гол бохирдож ундны усны нөөц багаслаа”, “Хатан Туулын эрэг дагуух амралтын газрууд байгаль орчныг бохирдуулж байна” хэмээн амтай болгон ярьж, бичиж, харин албаныхан даруйхан арга хэмжээ авч сэргээх тухай мэдээлсээр өнөө хүрэхэд дээрдсэн юм алга.

Харин ч жил ирэх тусам урсац нь багасч, улам л доройтон амьтай төдий л хоржигнож байна. Гэтэл хотын дарга Э.Бат-үүл амийг нь бүр мөсөн таслахаар шийдсэн бололтой. Өөрөөр хэлбэл, хотын дарга Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай захирамж гаргажээ. Уг захирамжаар энэ хоёр голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бүс байгуулж газрыг нь нийслэлийн Захирагчийн ажлын алба /ЗАА/- нд эзэмшүүлэх эрх олгосон байна. Эхний ээлжинд 18 байршилдаа мөн захирамжийн дагуу архигүй цэнгээний газар байгуулах юм байх. Ер нь архигүй цэнгээний газар гэж ямар орчин байдгийг би л лав мэдэхгүй. Амралтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс зөвхөн цайны газарт л архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй гэдгийг мэднэ. Түүнээс биш амралтын газрын bar, ресторан, pab, караоке, зочид буудал гээд бүгдэд нь архи, дарс нээлттэй байдаг. Очиж амарсан хүмүүс голын эрэг, уулын энгэр, хад асганы нөмөрт уусан архи, шар айрагныхаа шил, лаазыг нь овоолоод буцдаг юм билээ. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Дархан цаазат газарт амралт, зугаалгын 24 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эднээс “River beach”, “Болор туул” гэх жуулчны бааз, мөн нэг цэцэрлэгт хүрээлэн Туул голын яг эрэг дээр нь байрладаг.
 Түүнчлэн Горхи-Тэрэлжийн зүг рүү хэчнээн амралтын газар үйл ажиллагаа явуулдгаас хэд нь Туулын захад буйг таахын аргагүй. Ямартаа ч тэдний олонхи нь “Уул усандаа ойр, амарч, зугаалахад тохиромжтой” хэмээн рекламддаг юм билээ. Ер нь амралтын газруудын өдөр дутмын үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй нэгээхэн ч сайн зүйл байдаггүй. Орчныг бохирдуулж, газар нутгийг талхалж, уулыг нурааж, усыг ширгээж, бохирдуулж байдгийг албаныхан шүүмжилсээр байгаа. Тиймээс Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг амралт, зугаалгын газруудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг хяналтын байгууллагаас үе үе мэдээлдэг. Гэвч тэдний шалгалтаараа илрүүлсэн зөрчлийг арилгах дараагийн ажил биелэлээ ололгүй замхраад өнгөрдөг нь нууц биш. Уг нь хууль дүрмийн дагуу бол голын эргээс 200 метр хүртэлх газрыг онцгой бүсэд хамааруулдаг юм билээ. Харин 500 метр доторхийг энгийн хамгаалалтын бүс гэж заасан бөгөөд аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Харамсалтай нь Улаанбаатар хотод төдийгүй улсын хэмжээнд байгаль орчны, усны, дархан цаазат газрын тухай гэх мэт байгаль орчинтой холбоотой хууль тогтоомж ерөөс үйлчилдэггүй. Ийм хууль байдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд мэддэггүй, аль эсвэл мэддэг хэрнээ тоодоггүй байх. Нөгөө талаар тэд ашиг орлогоо бодоод зориуд хууль зөрчиж Туулын захад амралтын газар байгуулсан байж болно. Харин үүнийг таслан зогсоох, хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй төрийн албаныхан гэж бий. Гэтэл хууль сахиулагсад өөрсдөө санаатайгаар зөрчдөг болох нь Э.Бат-Үүл даргын захирамжаас харагдаж байна. Зарим хүний хэлснээр нэр бүхий эрхэм дарга нарын өөрсдийнх нь амралт зугаалгын газар Туулын эрэг орчмоор олон байдаг аж. Тухайлбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багагүй хувийг нь эзэмшдэг “Хаан жимс” компанийн амралтын газар Туул голыг ихээхэн бохирдуулж буй талаар Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтынхан хэлж байсан юм. Тус газрыг анх “Чацаргана тариална” гэж авсан байдаг ч өдгөө чацарганы хажуугаар амралтын газар ажиллуулж, найр наадмын нутаг дэвсгэр болгосон ажээ. Тэгээд ч чацаргана хамгийн их арчилгаа шаарддаг, ойр тойрныхоо мод, бут ургамлын бүх л усыг сорж ургадаг, 

АМРАЛТ ЗУГААЛГЫН БҮС БАЙГУУЛАХ ГАЗРУУДЫН БАЙРШИЛ: 
ДУНД ГОЛ ДАГУУ
 1.Алтай хотхоны баруун урд талд 1.4 га 
2.Энхтайваны гүүрээс Нарны гүүр хүртэлх 7.5 га 
3.Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талын 18.5 га 
4.Дүнжингарав хотхоны хойд талд дөрвөн га -Туул гол дагуу 
5.Сонсголонгийн гүүрийн баруун талд зургаан га 
6.Сонсголонгийн гүүрийн зүүн талд Туул голын урд талын байршил 4.5 га 
7.Сонсголонгийн гүүрийн зүүн талд Туул голын хойд талын байршил 17 га 
8.“Мишээл экспо” худалдааны төвийн урд дөрвөн га 
9.ХААИС-ийн баруун талд 6.2 га 
10.Зайсан толгойн зүүн талд таван га 
11.Маршалын гүүрийн баруун талд нэг га 
12.Маршалын гүүрийн зүүн талд долоон га 
13.Их тэнгэрийн амны зүүн хойд талд таван га 
14.Их тэнгэрийн амны зүүн хойд талд долоон га 
15.“Хорчин булан” ХХК-ний баруун талд /Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо/ зургаан га 
16.“Скай резорт”-ын баруун талд /Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо/ 9.5 га 
17.“Скай резорт”-ын гольфын талбайн хойд талд 0.6 га 
18.Баянзүрх гүүрийн баруун урд талд 12 га 
нэг төрлийн цөлжүүлэх аюултай ургамал гэдгийг мэргэжлийнх нь хүн хэлсэн нь бий. Үүний хажуугаар сайдын амралтын газар Туул голын эрэг дагуу бохирынхоо саарал усыг цутгаж, нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг бохирдуулж байгаа тухай өмнө нь зарим хэвлэл бичиж байсан. Гэвч хууль зөрчсөн энэ байдлыг мэргэжлийнхэн мэддэг ч шаардлага тавьж зүрхэлдэггүй бололтой. Ер нь эрх баригчдын энэ мэт амралтын газар Туулын эрэг дагуу олон бий. Тиймээс хотын дарга тэдгээр амралтын газруудад хэнч халдахааргүй улам баталгаажуулах, мөн нэмж өөрсдийн амралт зугаалгын газрыг байгуулахын тулд захирамж гаргасан гэдэг үнэний ортой болов уу. Туул голыг сэргээнэ, хогийг нь цэвэрлэнэ, хамгаалалтын бүсэд буй аж ахуйн нэгжүүдийн эрхийг цуцална, хаана, хөөнө гэж байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг яам, тамгийн газар, ТББ- ынхан ярьдаг юм билээ. Тухайлбал, Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга Ц.Бажий “Сүүлийн 20 жилд Туул голыг бохирдуулах нь хэрээс хэтэрсэн. Эхний ээлжинд төв цэвэршүүлэх байгууламж нь усаа 90 хувиас дээш цэвэршүүлэх чадвартай байх ёстой. Гэтэл манай төв цэвэрлэх байгууламж тийм биш. Үүнээс болж Туул голын урсгал доор байдаг торгон элс нь олон төрлийн бодисоор бохирдсон. Нөгөө талаар хүмүүс ундааны саваа хаяж, голын эрэг дээр машинаа угааж бохирдуулж байна. Мөн Туулын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг хаах учиртай” хэмээн ярилцлага өгсөн нь бий. Харамсалтай нь хотын даргын захирамж үүний эсрэг гаргалаа. Туул гол нь Улаанбаатар хот, Төв аймгийн 20 сум, Булган аймгийн тав, Архангайн нэг, Өвөрхангайн хоёр сум, нийт нэг хот, дөрвөн аймгийн 30 сумыг дамжин урсдаг. Харин хотын даргын амралт зугаалгын газрууд байгуулагдвал хэдхэн жилийн дараа бүрмөсөн ширгэж, улмаар үр хүүхдэд маань “Туул гэдэг гол урсч байжээ” гэсэн төсөөлөл үлдэж, түүх болон дурсагдах нь ээ.
 

М.НАРАНБОЛД