“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нартай хамтарсан “Хөх мөнх тэнгэр” цомгийнх нь нээлтийн үеэр хэдэн хором ярилцсан юм. Ямагт “Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй” нэгэн мэт харагддаг тэрбээр энэ удаа хоёр дүүгийнхээ дэргэд тун ч намбатай харагдаж байлаа.

 
-Таны дууг сонсохоор нот бүр нь судсаар тань гүйж байгаа мэт санагддаг. “Хөх мөнх тэнгэр” цомог судсаар тань удаан лугшсан тэр үзлээс үүдэлтэй юу?

-Үндэсний ухаан бид бүгдийн судсаар гүйж байгаа. Гагцхүү түүнийгээ нээж харах, сонсох цаг зав хомс байдаг юм болов уу. Бүтэн сайн өдөр л сүмд очиж, бурхан шүтдэг гэдэг шиг түүнийгээ хааяахан мэд­рээд байх шиг санагддаг. Магадгүй энэ тухай цаг үргэлж бодож байвал улс орон маань илүү хурдан хөгжих байх.


Бид эзэн Чингис хаан, үндэсний ухаан, өв уламж­лалын тухай дуулж бол­доггүй үзэл суртлын цаг үед амьдарч байлаа шүү дээ. Гэвч нэг тийм зүйл сэтгэл дотор багтаж ядаж л байдаг байсан. “Болохгүй гээд байхад бид яагаад ийм юманд дурлаад байгаа юм бол оо” гэж өөрсдөө ч гайхдаг байлаа. Нэгэн цагт ил гарах л учиртай зүйл байж.


Өвөг дээдэс, төрсөн нут­гаараа бахархдаггүй хүн гэж үгүй. Эцсийн дүнд нутаг усаа хайрлаж амьдрах нь монгол хүний хамгийн зөв ухаан байжээ гэдгийг л дуулж байгаа хэрэг.



-Хамтарсан  цомог бү­тээх  санааг анх хэн гарга­сан бэ?

-Амьд байхдаа биесээ хайрлаж,  хамтарч юм бү­тээх­гүй бол бид эргэж төр­лөө гээд ээжийгээ ч таних­гүй шүү дээ. Бид ганц л удаа хамт амьдарна. Ганц удаа хамт амьдрахдаа хү­ний сэтгэл баясгасан сай­хан цомог гаргаж яагаад болохгүй гэж.



-Цомгийн талаар нэлээд удаан ярьсан. Ер нь та бүх­ний хэдэн  жилийн хөдөлмөр энэ цомогт багтав?

-Намайг 1989 онд дуулж эхлэхэд Амараа тайзны ард гүйж л явсан. Хоёр, гурван тоглолт хийчихээд, Соёлын төв өргөөнд байрлаж байхад Дээгий  бас тэнд гүйж л яв­сан. Ингээд бодохоор бид үргэлж хамт байж, ярилц­саар өдийг хүрсэн. Зарим хүн “Их яри­лаа” гэж шүүм­жилдэг. Гэвч аливаа юм гэ­дэг их ярьж байж бүтдэг юм байна.


Хоёр дүү маань “Бид хоёр хамтарч цомог гаргахаар 75 хувь зөвшөөрлөө. Та хэ­дэн хувь зөвшөөрч бай­на” гэж анх асуу­сан. Би “Үлдсэн 25 хувьд нь зөв­шөөрье” гэсэн. “Яарах­гүй, тэвдэхгүй” гэсэн ам өч­гийг нь ч авсан. Гурван жил бэлт­­гэсний эцэст бэлэн болголоо.



-Та гурвыг юу ингэж нэгтгэж чадав аа?

-Үнэндээ үндэсний ухаан, эрдэм мэдлэг, өв соёл, ёс суртахуун биднийг нэгт­гэсэн хэрэг. Баатар хүн зөвхөн ар гэрийнхнийхээ тө­лөө биш бид бүгдийн төлөө амиа өр­гө­дөг. Тэдэнд дуун суварга босгох нь зүйтэй. Хоёр дүү маань ч үүнд нэгдэхээс өөр аргагүй.



-Цаашид дэлхийгээр нэг тархсан монголчууддаа ая дуугаа хүргэхээр төлөвлөж байгаа гэж сонссон?

-Хэрэв тэдний оршин суу­гаа орон нутгийнх нь засаг захиргаа  зөвшөөрвөл  дэлхийн өнцөг булан бүрт амь­дарч байгаа монгол­чууд­­даа тоглолтоо хүр­гэх хүсэлтэй байна. Гэхдээ бүх саад бэрхшээлийг даваад очих болно. Очиж ч яваа.



-Дахиж хамтарсан цомог гаргах уу?

-Би хувьдаа тэгж бодох­гүй байна. Гэхдээ  ирээдүйг таашгүй. Бүх юм цагтаа л эхэлдэг юм гэсэн.



-“Харанга” хамт­­­­­лагаар сонин юутай вэ?

-Манай хамтлаг 25 жи­лийнхээ ойг угтаж, болж өг­­вөл ирэх жил гадаадад бай­гаа монголчууддаа хүрч ажил­лах, дуу хуураа түгээх з­о­рилготой бай­на. Ажлаа энэ хавраас эхэлнэ.


Олон ажил давхцаад бай­на. Энэ хоёрын­хоо ажилд орол­цохын зэрэг­цээ хамт­лагаа бодохгүй бол бо­лохгүй. Аль алийг нь амжуулах са­­­­­­наатай “Гүй­чихье”-гээ /“Gucci”/ өмсөөд л гүйж явна даа.

 

Намайг “Сайхан амьдраасай” гэж хүсдэг ард түмний хүсэл биелнэ

 
-Танаас ямагт эрх чөлөө, эрч хүч үнэртэж байдаг. Судасны тань лугшилт ямар үед илүү хүчтэй цохилдог вэ?

-Сайн бодож бясалгаж байж юм хий гэж ээж, аав тань захидаг л байлгүй. Би бол бусдын л адил өрөөлийн бодож байгааг дамжуулагч. Гэхдээ хөгжмийн хэл, ур­лагийн цаг хугацаа, хэм­нэлд багтаагаад, жаахан товч­лолтой хүргэдэг. Энэ нь жаа­хан чамлалттай боловч бас нэг талын ашигтай.


Сайн бясалгасны дүнд л хүмүүст хүргэх гэсэн зүйлээ зөв хүргэж чаддаг. Өнөө цагт үндэсний юмаа дуулж, эрх чөлөөгөө тунхаглах нь буруу биш гэж бодож байна.



-Таныхаар эрх чөлөө гэж юуг хэлэх вэ?

-Энэ бол монголчуудын бүтээсэн хамгийн үнэт өв. Монголчууд шиг эрх чө­­лөөтэй  амьдардаг үндэстэн хорвоо дээр өөр байхгүй л болов уу. Бүсгүйчүүд нь хүр­тэл завилж сууж болдог юм гэнэ лээ.



Би дуулах ёстой. Энэ бол миний эрх чөлөө.

-Дээдлэн хайрладаг зүйлсийн тань тэргүүн маг­­найд мөнх  хөх тэнгэр бай­даг бололтой?


-Миний төрсөн өдрөөр дэлхий сөнөөгүйд би маш их баярлаж, “Мянга мянган жил гийнгоо эгшиглэж, түм түмэн жил наадам болж байг” гэж ерөөсөн юм. Хөх тэнгэр бидний орой дээр мөнхөд оршдог. Хүн ит­гэлээр л амьдардаг шүү дээ. Тэр ч утгаараа юунд итгэнэ, түү­нийхээ хишиг буяныг хүртдэг.



-Таны энэ үзэлтэй хол­боод ч  тэр үү, “Харанга”-ын  Лхагваа бөө болох гэнэ гэ­сэн яриа хүртэл гар­чих­сан байна лээ?

-Онгод гэдэг чинь өөрийн­хөө хүч чадлыг даачих хү­нийг хайж явдаг юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, бодож, сэтгэж, хайрлаж чаддаг сүнс гэсэн үг юм уу даа. Хүний биед орохоороо хийх ёстой зүйлээ хийж чад­даг. Түүнийг биедээ оруул­даг шидийг олсон хүмүүсийг бөө, удган, зайран гэдэг байх.



-Та нэгэн удаа “Би дуу­лахдаа л бөөлчихдөг” гэж ярь­сан байсан. Дуулах, бөө­лөх хоёр адилхан гэж үү?

-Үнэн сэтгэлээсээ дуулна гэдэг бөөлөхтэй адилхан шүү дээ. Хэрвээ би бөө юм бол тийм ажил хийх ёстой бөө гэж ойлгож болно.



-Та ер нь ямар бурханд итгэдэг вэ?

-Би  бүх л бурханд итгэ­дэг. Яагаад гэвэл тэд дандаа зөв замыг заадаг. Гэхдээ эдэн дундаа Буддын шинжлэх ухааныг арай илүү сайн үр дүнд хүрсэн гэж ойлгодог.



-Та  ямагт өөртөө итгэл­тэй, бардам харагддаг?

-Би хийж байгаа ажлаа ярих юм бол бардам хүн. Яагаад болохгүй гэж. Би хувь­даа чамайг над шиг дуулж чадна гэж бодохгүй бай­на. Тиймээс энэ тал дээр бар­дамнах эрхтэй гэж бодож байна.


Хүн бүр адилгүй, хүлэг болгон  жороогүй. Тиймээс юм  бүхнийг  адилтгаж бо­лох­гүй. Манайхан улаан хувьс­гал хийж, бүгдээрээ адил­­хан амьдрах гээд бүтэл­гүйт­сэн шүү дээ.



-Та бараг л бүх өгүүл­бэр­тээ зүйр үг хэрэглэх юм аа?

-Би ардынхаа сайхан үгээр л амьдардаг. Хамгийн гол нь тэд бүгд үнэн бай­даг. Бидний өвөг дээдэс гай­­хамшигтай  ухаантай хү­мүүс. Би Монголоос хаа­шаа ч явахгүй. Энэ хөх тэнгэр, ногоон га­зарт л би бүхнээс илүү хайр­­тай. Тиймээс на­майг шоронд хийх нь гэж айгаад Америк явна гэж байхгүй. Өвөг дээдсийн минь сүнс эндээ, бидэндээ ойрхон бай­на.

 

Эндээ л байж байсан нь дээр.Өөрийнхөө нутаг дээр гэрээ барьж чадаагүй хүн, хүний нутагт байшин барина гэдэгт би итгэдэггүй. Ядуу гэх гээд байгаа бол ядуу гэдэг ойлголтыг  би сэт­гэлээрээ ядуу байх л гэж ойлгодог.


Хэрэв би дуулж чадахаа болиод, на­дад боломж ол­дох­гүй бол ээжийнхээ дэр­гэд очоод гэр бариад, тол­гой, цувдай авч идээд л амь­дар­чихна. Тийм байдлаар сайхан цаг иртэл хүлээж чадна.


“Амьдрал бол альбом, Амьдрах гэдэг  тэвчээр” гэдэг. “Зураг үлдэж, зул асах”-ын хооронд нэг их юм хэрэггүй шүү дээ. Хүмүүс амьдралыг их урт гэж бод­дог. Даанч тийм биш. “Жаргах цагт цаг хуга­цаа харвасан сум шиг одно. Зовох цагт цаг хугацаа зогс­сон юм шиг удна”. Гэвч цаг хуга­цаа хэзээ ч зогс­доггүй, урагшилсаар л байдаг.



-Хэдэн жилийн өмнө уулзаж байсныг бодвол та нэлээд намба суужээ. Ард түмэн ч одоо тогтож сайхан амьдраасай  гэж хүсч бай­гаа байх?

-Намайг хайрладаг хү­мүүс “Сайхан амьдраасай” гэж хүсдэг л байх. Тэдний хүссэнээр болно оо. Ард тү­мэн гэдэг агуу шүү дээ. Тэд­ний хүсэл биелсээр ирсэн. Биелэх ч болно. Хамгийн гол нь ард түм­ний тэр их хайрыг даах хүн нь ганцхан би гэж бодохоор бага зэрэг хэцүү санагддаг.



-“Лхагваа, та заавал ийм байх ёстой” гэж тул­гаад байх шиг санагддаг гэж үү?

-Уг нь хүн өөрийнхөөрөө л амьдрах ёстой. Гэвч хүмүүс яаж  ийж байгаад л од бол­гож, томоотой байлгаж, сай­хан амьдруулах гээд байдаг. “Тайзан дээр нэг юм татаад байна. Нөгөөхөө ч та­таж байгаа юм бил үү” гэж хардана. Хэцүү шүү дээ. Амархан бүтдэг зүйл ховор. Болгоё  гэвэл болохгүй юм энэ  хорвоод үгүй. “Болох­гүй” гэвэл болох юм ер­төн­цөд нэг ч үгүй. Зовлон тохиолдоход зориг хэрэгтэй. Жаргал ирэхэд сэрэмж хэрэгтэй.


 

Орхиод үхэх байж хүүхдүүдээ эрхлүүлэх дэмий гэж боддог

 

-Та “аавынд” байхдаа ээжийнхээ  төлөө л их ша­нал­сан гэж ярьж байсан. Гарч ирснээсээ хойш ээж­дээ сэт­гэлийнхээ өрийг ним­гэлж чадав уу?

-Хүн чинь сэтгэлээрээ шоронд орно гэж нэг юм байна. Би хулгай хийчихсэн биш, олон сая төгрөг идчих­сэн биш. Тийм гэмтэй хүмүүс шиг шаналахгүй шүү дээ. Би хэзээ ч өөрийгөө сэтгэлийн шоронд хийхгүй. Гадаа шоронгийн хашаа бай­даг л юм байгаа биз. Ганданд байгаа юм шиг өөрийгөө ариусгаад л сууж байсан.



-Яаж ариусгах вэ?

-Юу ч бодохгүй, бурхдын тухай ном их уншина. Би энэ ертөнц, хүмүүний амьдрал, ертөнцийн гарал үүслийн тухай уншина. Номонд сай­хан зүйлс их бий.



-Та бүсгүй хүн бүрийг хайрладаг гэж ярьдаг. Энэ их хайр тэр ариуслаас үүдэл­тэй юм болов уу?

-Эмэгтэй хүн бол амьд бурхан. Хүслээ гүйцээх гэж хүү, орчлонг үргэлжлүүлэх гэж охин төрүүлдэг буянтан. Тэд зөвхөн миний биш бурх­ны өмнө сайхан, муу бүх­нийг үзүүлдэг. Тийм л учраас эмэгтэй хүн зовлон даадаг байх.



-Гэвч гурван ч эхнэр сольчихсон болохоор тань зарим хүн “Лхагваа бүсгүй хүнийг хайрладаг гэж худлаа ярьж байна” гэж боддог байх даа?

-Би гурвууланд нь хайр­тай. Миний гурван эхнэр нийлж суугаад, намайг сайн шүүмжилдэг. Миний үр­гэлжлэлийг энэ хорвоод тө­рүүлж өгсөн тэднээрээ би их бахархдаг.



-Хайртай юм бол яагаад салчихдаг билээ?

-Хайр сэтгэл нийлсэн бо­­­ловч сэтгэл санаа ний­лээгүй.



-Биесээ хайрлаж л бай­гаа бол нийцүүлж болмоор л юм?

-Заавал нийцүүлэх гэж зүт­гээд яах  юм бэ. Яг  үнэнийг  хэлэхэд миний  ажил арай  илүү  чухал бай­сан юм. Ард  түмэн  на­майг дуу­луулах гээд байхад ха­­жууд байгаа нь бүр илүү зүт­гэх ёстой гэж би боддог. Тэгж чадахгүй бол зам замаа бодсон нь дээр. Найз байсан нь илүү зөв.



-Та хувиа хичээсэн байх нь ээ?

-Үгүй шүү, би хувиа хи­­чээ­гээгүй. Би дуулахын тулд л ийм  байгаа  юм. Би “Надтай хамт үүнд зориу­лагд­вал зо­риулагд. Үгүй бол замаа  бод” гэж тэдэнд хэл­сэн.  Гэвч миний замаар явах их хэцүү. Өөрийнхөө хүсэл мө­рөөдлийг гүйцээх зав ч олдох­гүй. Гэхдээ хожим тэд намайг буруутгахгүй байх.



-Та одоо ч тэдэндээ хайр­тай гэж ярилаа. Тэд ч бас таныг хайрласаар байгаа болов уу?

-Баяр баясгалантай үед минь цэцэг бариад л ирц­гээнэ гэдгийг нь би сайн мэдэж байна. Тэр л надад хангалттай. Тэд нөхөртэй болсон  байлаа ч, хүн дээ­рэлх­­вэл би нөхөртэй нь хамт хамгаална. Би  хэнийг  нь  ч  хаяад явж чадаагүй. Тэгж ч болохгүй. Өөрсдийг  нь явуулдаг.

 

Тэ­гээд хэсэг хугацаанд хүлээж, дараа нь мартахыг хичээдэг. Гурван сар орчим шанална, архи ууна. Тэгээд л ажилдаа гарна даа. Тэгэхгүй бол дуулахад хэцүү. Маш их энерги хэрэг­тэй. Яг тоглолтын өмнө эхнэрт­эйгээ хэрэлдчихвэл хэч­нээн орилоод ч дуу гарах­гүй шүү дээ. Их сонин.



-Хоёр хүүхэдтэйгээ хэр зэрэг холбоотой байдаг вэ?

 -Би том хүүтэйгээ байн­га холбоотой байдаг. Бага охинтойгоо тэр бүр уул­­заад байдаггүй. Бага бай­хад нь ээжээс нь салсан бо­лохоор түүнийг өөртөө нэг их дас­гаад яах вэ гэж боддог юм. Би уг нь орхиод үхэх байж хүүхдүүдээ эрхлүүлэх дэ­мий гэж боддог. Гэвч эрх­лүүлэх дуртай.



-Хүмүүс таныг хүүдээ аль хэдийнэ гэрээслэлээ биччихсэн гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Би хүүдээ “Намайг үхэхээр аваачиж булна уу, шатаана уу өөрөө мэдээрэй. Бас зураг үзэхээр бол Чука ахаасаа аваарай” гэж за­хи­сан. Хүмүүс “Айдгаа авд­рандаа хийнэ” гэж ярьдаг даа. Тэгвэл би “Айдгаа авсан­даа хийчихсэн” хүн.



-Таныг “Одоо эхнэрээ дахиж солихгүй байх” гэж олон хүн найдаж, харж байгаа байх даа?

-Би нэг удаа аавдаа “Та гурав дахь амьдрал дээрээ тогтсон. Тэгвэл би ч бас гурав дахь дээрээ тогтоно” гэж хэлж байсан. Тэр хүн намайг хайрласныхаа төлөө баярлах эрхтэй.



-Одоогийн эхнэр тань танд зориулагдаж төрсөн хүн мөн үү?

-Хүмүүс бие биедээ зо­риулагдаж төрдөг гэдэгтэй би санал нийлдэггүй. Ээж, аав нар асар их тэвчээр гаргаж байж нэгэн насыг хамтдаа туулдаг. Миний  хувьд  онгод тэнгэр минь эмэгтэй хүнийг нөхдөг. Тийм болохоор амьд­рал минь тал байсан ч бүтээл минь бүтэн байх болно. Ми­ний зүрх сэтгэлээс ундран гардаг зүйлийг онгод тэнгэр надтай надгүй хийчихдэг юм.



-Та яг одоо өөртөө ямар зорилго тавиад байна вэ?

-Ард түмэндээ олон сай­хан аялгуу, үг хүргэх. Дуу хуур бол тэнгэрийн өмч, авьяас бол ард түмний өмч гэж ярьдагчлан би дуулах л ёстой бол дуулна.


Надад учирсан өчүүхэн зовлон дуу хуурт ямар ч хамаагүй. Би эхнэртэйгээ хэ­­рэлдлээ гээд тоглолтондоо очихгүй байж болохгүй. Шо­ронд орчихлоо гэж гутарч гуниад дуулахгүй байна гэж үгүй.


Хүн зовж байсан үеэ бодохоор инээд нь хүрдэг юм гэнэ лээ. Би ердөө ч зовоогүй. Үнэндээ бол зурагт үзээд, ном уншаад л хэвтэж байсан. Тиймээс надад дуу­лахгүй байх шалтгаан байх­гүй.