“Өдрийн сонин”-ы 1999 оны зургадугаар сарын 17-ны нэгэн дугаар. Энэхүү дугаар дээр “О.Дашбалбар: Энэ гурван эмэгтэй аль аль нь миний амьдралд үнэ цэнэтэй” гэсэн гарчигтай бурхан болохоосоо өмнө хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна.

…-Пукшины хүүхнүүдийн тухай ном хүртэл байдаг биз дээ?

-Тийм ш дээ. Би амьдралдаа Оюунханд гэдэг бүсгүйд маш их дурлаж байсан. Энэ хүүхэн миний амьдрал, уран бүтээлд маш их үүрэг гүйцэтгэсэн. Түүнд олон шүлэг, номуудаа зориулсан. Одоо хайрлаж, хүндэтгэдэг хэвээрээ байгаа.

Сайхан, дөлгөөн тийм нэг охин цэцгэн дундуур, гол усны хөвөөгөөр, толгодын дундуур дэгдэж явсныг би мэдэх юм. Сартай, саргүй олон шөнө надтай хөтлөлцөөд явж байсныг би мартдаггүй. Манай Сүхбаатар аймгийн бүсгүй л дээ. Дараа нь манай авгай байна, Бор гээд. Түүндээ би их олон гэрэлт, гэгээн шүлгүүдээ бичсэн. Хүүхэд байхдаа би түүнд сайн байсан. Оюунханд бид хоёр хувь заяаны эрхээр нийлж чадаагүй. Бурхан болохгүй юмаа болгодоггүй шүү дээ. Надаас цөөн хэдээр эгч. Ийм нэг бүсгүй. Харин, Бор бид хоёр намайг 17-той байхад танилцсан. Оройн сургуульд хамт явдаг байлаа. Түүнийг 19-тэй, намайг 18-тай байхад бид гэрлэсэн. Одоо хоёр охин, нэг хүүтэй л дээ. Энэ хорин жилийн туршид ханилахдаа би ханийгаа гомдоогоогүй. Гэхдээ би яруу найрагч хүний хувьд бүсгүй хүний гоо сайхныг үнэлэх, хүндэтгэх, тэдэнд шүлэг зохиолоо зориулахдаа ямар нэгэн хараа хяналт, хил хязгаар тавиулаагүй. Энэ утгаар нь шар сонинууд намайг дайрч доромжилж л байдаг юм. Би тоодоггүй.

Үнэнийг хэлэхэд, дараа нь би Анима гэдэг эмэгтэйтэй учирсан. Энэ бүгд үнэн. “Гэрэлт хайр” гээд сайхан номуудаа зориулсаан. Индра гэдэг миний охин ч байгаа. Би Анимаад маш их баярлаж явдаг юм. Яагаад гэвэл, хүнд хэцүү үед минь надад маш их халамжтай. Түүнээс нэг тийм Дарьганга эмэгтэйн шинжүүд дандаа харагддаг юм. Энэ гурван эмэгтэй надад аль аль нь үнэ цэнэтэй.

-Гурвуулаа танай нутгийнх юм аа даа?

-Гурвуулаа Сүхбаатарынх. Би тэр нь дутуу, энэ нь илүү гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл, миний хувь тавилан, уран зохиолд зохих байрыг эзэлсэн, надад нөлөөлсөн учраас. За, бусад эмэгтэйчүүдийн тухай би олон юм ярихгүй.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би ганц хүү, дөрвөн охинтой. Бор маань миний гурван хүүхдийг төрүүлж өсгөсөн. Оюунханд, Анимаа нар хоёр сайхан охины маань ээжүүд. Энэ миний хувь тавилан. Би өөрийнхөөрөө л амьдарч байна. Оюунханд нь утга зохиолын багш, их энхрий бүсгүй бий. Анимаа их эмч, гэгээн сайхан эмэгтэй. Бор маань гайхалтай ялдам. Тэр  ч бас их эмч.

…-Дашбалбар гэдэг хүний сэтгэлийн хийгээд онгод хайрын бүсгүйчүүдийн тухай хүмүүс мэддэггүй. Үүнийг ойлгож мэдрэх хүн нь бас хэд билээ. Таныг гурван эхнэртэй л гэлцдэг шүү дээ?

-Би ерөөсөө ард түмнээсээ юу ч нуухгүй. Энэ гурван бүсгүйг би нуугаагүй шүү дээ…

…-Тантай учирсан энэ гурван бүсгүй бүгд тийм ялдам уу. Тэд хоорондоо ямар ялгаатай вэ?

-Би чамд илэн далангүй л ярьж байна. Угаасаа би Оюунханд, Бор, Анимаа энэ гурвын тухай ард түмнээсээ нуугаагүй гэж хэлсэн шүү дээ. Жишээлбэл, манай Бор маш ялдам эмэгтэй. Үлэмж ялдамхан. Анимаа, Оюунханд хоёр бол маш тийм энхрий хүмүүс. Эднийг би хайрлах ёстой юм. Ийм сайхан хүмүүс орчлон дээр байгаад баярлах ёстой. Тэднийг ийм төрсөнд хэн нэгэн хүн шүтэн бишрэх ёстой биз дээ. Тэднийг ингэж хайрлаж, дурлаж яваа минь бусдад хамаагүй л байхгүй юу даа. Нарийндаа яривал хн бүгд л дотроо хэн нэгэнд дурлаж, шүтэж, хайрлаж л явдаг шүү дээ. Тэгээд одоо нэгийгээ ад үзээд, хүнийг хайрлаж хүндэтгэснийх нь төлөө хараагаад байдаг. Ингэж болохгүй шүү дээ…

О.Дашбалбар агсан бурхны оронд одохынхоо өмнөхөн ингэж ярьжээ. Тэгэхээр түүнийг болоод түүний амьд ахуйдаа хийж буй үйлдлүүдийг үгүйсгэж буй хүмүүс бас энэ ярилцлагыг ч бас “согтуудаа өгсөн” гэж гүтгэхгүй байлгүй дээ.

Нөгөөтэйгүүр, ээжүүд нь олон жилийн туршид биесээ хүлээн зөвшөөрч, хүүхдүүд нь ч бас хүлээн зөвшөөрөлцсөөр ирсэн атлаа яагаад чухам энэ цаг үед гэнэтхэн “яс булаалдах мэт” шөргөөлцөлдөж эхэлсэний учрыг гайхаад, гайхаад барахгүй нь. Гэхдээ бодит байдлыг харахад, “О.Дашбалбарын хүүхдүүд хоорондоо муудалцаад байна” гэж хүмүүсийн яриад байгаа шиг зүйл болоогүй юм шиг санагдав. Учир нь, энд ямар нэгэн маргаан, мэтгэлцээн болоогүй, ганцхан хүний “тоглолт” явагдаад байгаа нь анзаарагдсан. Өөрөөр хэлбэл, Д.Индра энэхүү асуудалд оролцолгүй, чимээгүй байгаад нь талархав. Гэвч тэр чухам юуны учир “аавынхаа амь насыг хороосон” хэрэгтэн мэтээр хэлүүлж, гүтгүүлж, чичлүүлтэлээ ийнхүү чимээгүй явна вэ? Тэрбээр өөрөө “Тэнгэрт буй бурхныхаа ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ л…” гэж учирласан байна билээ. Хэдийгээр бид “биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй” гэдэг боловч тэнгэр мэт тэнүүн ухаант тийм эцгийн охинд энэ зэргийн ухаан өвлөгдсөн л байлгүй яах вэ дээ.

Эцэст нь дахин сануулахад, ТЭНГЭР МЭТ ЭЦГИЙНХЭЭ ҮЙЛДЛИЙГ ҮР ХҮҮХЭД НЬ ШҮҮДЭГГҮЙ ЮМ. Энэ бол Монгол түмний хамгийн том цагаашрал, цагаатгал билээ.

Оюунханд-д

Шаргын шарга уулс сэтгэл дотор сүүмэлзэнэ

Шар талын цэцэгс өвөр зуураа эрхлэлдэнэ

Шалзат багахан шарга гүвээ дамнан хатирна

Шаргиа мөнгөн хазаар явдал дунд нь жингэнэнэ.

Шанд, булгийн ус харгилан бургилан урсана

Шанз, хуурын эгшиг харшин хоршин сонсдоно.

Шаавай төрсөн Оюунаа бүдэг бадагхан санагдана

Шалдар булдар насандаа даанч ажиггүй явжээ

Шар торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ

Шальгүй эмзэг зүрх минь түгших баясах зэрэгцэнэ

Шаргын уулын янзага нь толгод дундаа тоглоно

Шар талын гөрөөс урдуур хойгуур хуйларна

Шанз, хуурын эгшиг харшин хоршин сонсдоно.

Шалзат багахан шарга гүвээ дамнан хатирна

Шар торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ

Шаргын шарга уулс тэнгэрийн хаяанд сүүмэлзэнэ.

1980 он. Баруун-Урт.

Анимаа-д

Цасан бударсан энэ дэлхийгээс чи бид алгуурхан явна

Цантсан бургас, бүүдгэр сар, алжаангуй уулс үлдэнэ

Өвөг дээдсийн минь үед эрхлэнгүй гялалзсан шигээ

Өвлийн шөнийн одод, үр ачийн минь дээр гэрэлтэнэ

Хөөрхөн жаал тооны дэвтрээ сэмхэн баллуурдах шиг

Хөлийн чинь мөрийг аальгүй салхи арчин арилгана

Чамайг минь даган урд хойно чинь сэмхэн шогших

Чандаган салхи  хожим өөр хүүхний хормой дэрвүүлнэ

Чи бид хоёр энэ дэлхийгээс явж, аясын салхи үлдэнэ

Чилийх олон зууныг туучин ач үрс маань ирцгээнэ

Болор оддын дор цасан будрахыг үзэхээр

Болзсон өдөр, энэ дэлхий дээрээ цугларна

Хорвоогоо тэдэнд орхиод явахаас өмнө

Хором бүр нь үнэтэй эрдэнэсийн өдрүүд цувна

Харьцангуй мөнх уул, анд нөхөд шиг байна

Хаана, хэнтэй үнсэлцсэнийг цагаахан хус мэднэ.

Гурван мянган жилийн дараа, энэ дэлхийд амьдрахаар ирнэ

Гоо сайхан охин чамтай минь адил цасан будрахад дулана

Дэлхий минв их хувирч, юм бүхэн өөр болно. Гэвч

Дэгжин охин чамтай минь адил өвлийн оддыг хайрлан ширтэнэ.

1987 он

Бор-д

Цасан бударсан шөнө дөлөөр

Чамайг хөтлөөд би явж байсан!

Орчлон ертөнц үлгэр шиг сүүмэлзэж

Оддын дундуур чи бид хоёр алхалсан…

Орох цас нүүр рүү бударсан!

Ирээдүй рүү чи бид хоёр явж

Үр хүүхэд минь холын одноос унасан

Цасан ширхэг шиг, үлгэр шиг тэд ирж

Үүрд мөнхрөл биднийг холбож,

Бяцхан охин байсан чи,

Миний хүүхдүүдийн ээж болсон!

Сансрын зам дээр би чамайг хүлээж

Сартай саргүй олон шөнө хөлийн чимээ чагнаж,

Болзоот хүүхэн биш, эхнэр минь гэж

Бодолдоо ч хир суулгалгүй хайрлаж

Амгалан дөлгөөн чамайгаа

Аяндаа хайрласан!

Хаврын ногоон дээр чи надад

Хүүхэд насаа өгсөн.

Халуун нулимсан дунд чинь би

Эр хүн болсон

Чамайгаа би биеэрээ ч мэдэрнэ, сэтгэлээрээ ч мэдэрнэ.

Чамайгаа би хараад л мэднэ, шүргээд л мэднэ

Хорин жил цас бударсан өвлийг

Хоёулаа угтаж, хос мөрөө үлдээлээ.

Явсан зам маань тэнгэрийн заадал!

Янаг минь чи, энэ дэлхийн охин!

Цасан бударсан оддын дундуур

Цагийн гол дээрх гүүр – тэнгэрийн заадлаар

Чи бид хоёр явж байна.

Чимээгүй оддын гүнээс нүүр рүү цас бударна!

Чи бид хоёр явж байна.

1984.10.05