Ч.Бадрах: Миний үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулах юм биш
2018/05/17
Сүхбаатар аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Бадрахтай ярилцлаа.
-Шүүхийн захиргааны ахмад ажилтан Танд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн мэнд хүргэе. Шүүхийн тамгын хэлтсийн даргаар томилогдож байсан үе дурсаач?
-Би хуульч биш хөдөө аж ахуйн салбарын хүн шүү дээ. Сүхбаатар аймгийн шүүхээс санал тавьсны дагуу 1995 оноос шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажилласан. Шүүхийн гал тогоонд долоон жил ажиллаад гавьяаны амралтаа авсан. Анх шүүхэд ажиллах санал тавихад тамгын хэлтэс нь захиргааны ажил гэж мэдэхгүй хууль мэддэг л хүн байх нь гэж боддог байлаа. Шүүхийн шинэ системээр тамгын хэлтэс нь захиргааны байгууллага гэдгийг тайлбарласнаар ажиллаж чадах итгэл төрсөн хэрэг. Тамгын хэлтсийн даргаар томилогдохдоо аймгийн Эрүүлийг хамгаалах газрын хэлтсийн даргатай өрсөлдөж шалгарч байлаа. Тэр үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулах юм биш. Өөрийн гэсэн орон байр байхгүй, зургаан сая төгрөгийн өртэй шүүхийг хүлээж аваад "Энэ байдлаараа бол хэцүү юм байна даа” гэж бодож байлаа.
Тэгж байтал Дээд шүүхийн тамгын газрын дарга Дашням ирээд "Та өөрийн мэдлээр нэг ч төгрөг зарах эрхгүй. Дээд шүүхээс хуваарилсны дагуу л санхүүгээ зарцуулна. Харин туслах аж ахуйтай бол” гэж тушаалаа.
-Малтай бол гэж дээ.
-Харин тийм. Аймгийн захиргаанд нэгдлийн дарга нар цугласныг сонсоод нөгөө хүмүүсийг шүүхдээ урилаа. Ерөнхий шүүгчийнхээ өрөөнд нэгдлийн дарга нарыг оруулж байгаад бүгдээс нь мал гуйв. Ингээд 400 гаруй малтай болж, түүнийгээ хоёр, гурван сар цуглууллаа. Онгон сумаас нэг малчин олж авсан. Мал маань ч сайхан өссөн. Дээд шүүхийн даргын даалгасан туслах аж ахуйг хөгжүүлж чадсан шүү.
Туслах аж ахуйтай болоод шийдэгдчихдэг юм биш. Цалингаа тавьж чаддаггүй байлаа.
-Санхүүжилт цагтаа ирдэггүй юү?
-Цагтаа ирнэ гэж байхгүй. Шүүгч, ажилтнууд нэхээд суучихна. Хувийн компанитай Энхтуяа гэдэг эмэгтэйгээс цалингийн мөнгө зээлнэ. Тайлангаа бичихдээ бөөн зовлон тоочоод явуулна. Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Дээд шүүхийн мэдэлд байна. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дэмбэрэлцэрэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байлаа. Хотод тайлангийн хурлаар оччихоод Д.Дэмбэрэлцэрэн даргаас машин гуйхаар өрөөнд нь орлоо. Намайг тоож харах юм биш. Аймгийн даргаас хандиваар авсан, актад гарах шахсан АУЗ-469 маань явахаа болилоо, машин өгөөч гэж гуйсаар байгаад ганц машины эрх авч байлаа. Энэ мэтчилэн зохицуулдаг байлаа шүү дээ.
Шүүх засаглал бие даасан, хараат бус байна гэдэг одоогийн том ойлголт тэр үед бараг байдаггүй.
-Шүүхээс бол иргэд болгоомжилно биз?
-Болгоомжлох биш бүүр айна. Хөдөө явж байхад "Та шүүгчтэйгээ явна уу” гэж асуугаад тийм гэхээр "Шүүгчгүй явсан бол хэлэх юм байна. Шүүгчээс айгаад байна” гэдэг байлаа.Миний ярьж байгаа зүйл үлгэр шиг санагдаж байгаа байх. Шүүх одоо огт өөр болсон байна лээ.
-Шүүхдээ очиж байна уу?
-Тэр бүр очдоггүй. Шүүхийнхэн маань ирдэг. Шүүхийн боловсон хүчин залуужсан байна. Шүүхийн шинэтгэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хардаг. Их ажил хийж байгааг харахад сайхан байдаг. Шүүхийн захиргааны төв байгууллага Дээд шүүхээс тусдаа гарсан нь зөв чиглэл гэж хардаг. Дээд шүүх захиргааны асуудлаа шийдүүлэхээр УИХ, Засгийн газрыг гуйгаад, орон нутгийн шүүхийн тамгын газар нь аймгийн удирдлагуудаа царайчлаад явдаггүй болсон нь маш том алхам. Шүүхийн ерөнхий зөвлөл захиргааны бүх асуудлыг хариуцаж байгаа нь шүүх хараат бус, бие дааж ажиллах боломжийг олгож байгаа юм. Ийм байдлаар ажиглаж сууна.
-Ярилцсанд баярлалаа.