Цаг цагаар нэг цаддаг цагаан сараар нэг цаддагийн адилаар лам нарын хувьд сар шинийн дараа тэдэн шиг эрэлттэй хүмүүс ховордож, унаагүй нь унаа авч унаатай нь түүнийгээ томруулдаг болжээ. Монголчуудын 87 хувь нь буддын шашин шүтдэг тухай судалгаа байдаг гэнэ. Амьдрал дээр үүнээс ч илүү байж мэднэ.

Тэгвэл хүн амын 90-ээд хувийн дунд л шинийн наймны дотор эс амжвал 15-ны дотор (бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн өдрүүд) тухайн жилийнхээ заслыг хийлгэх ёстой хэмээх ойлголт баттай суусан үүний дээр лам нар ч сайтар сурталчилж өгдөг биз. Тиймээс л энэ үеэр лам нарын халаас түнтийж орон хийд, зурхайч лам нарын үүдэнд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол дараалал тасрахгүй.

Зүгээр л шашны дээд сургуулийн оюутнууд сар шинийн өдрүүдэд 100-500 мянган төгрөгийн орлоготой байдаг гэж байгаа. Лам нарын зиндаа ахих тусам энэ мөнгө математикийн аргаар өснө. Шарсан мах анддаггүй зурхайчид бол дор хаяж өдөртөө л хагас сая төгрөг олох нь энүүхэнд гэдгийг сайн таних лам нөхөр ярьсан юм. Шударгаар хэлчихэд сүсэгтэн олон итгэл үнэмшлийнхээ "пи ар"-т дөрлөгдөн жилийн энэ өдрүүдэд л нэг төрлийн бизнест мөнгөө хайрлахгүй цацдаг аж.

Одоо засал номын үйлчилгээ улам л "сайхан" болж сүм хийдэд дугаарлаж цагаа алдахгүй гэртээ захиалга өгөөд аль эсхүл гар утасны оператор болон интернэтийн цаанаас номоо уншуулчихдаг болжээ. Гэрээр үйлчилгээ үзүүлвэл дунджаар 20-50 мянган төгрөг болох төдийгүй дуудлагын үнэ, тухайн хүний хэр их нүгэл барцад хуримтлуулсан тэр жилдээ хэр хүнд засал хийхээс шалтгаалан зардал нь өснө.

Дөрвөн тоотой лавлах утас руу залгаж ном уншуулангаа минутын тарифаар тооцоо бодуулчих нь явдал чирэгдэлгүй амар мэт санагдавч сүсэгтэн олонд нэг л итгэл үнэмшилгүй санагддаг бололтой энэ чиглэлийн бизнес эрхэлдэг лам нарт "явцгүй" санагдах болсон гэдэг шүү. Тиймээс уламжлалт буюу үйлчлүүлэгчийнхээ урд залрангаа хааяа нэг гар утсаараа дараагийн захиалгаа авч өгөлцөн суух арга л илүү найдвартай аж.

Татварын газарт нэг төгрөг ч өгөхгүй, үйлчлүүлэгч нь Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргахгүй, аль болох л ламтны уншсан номыг өөртөө наалдуулахын тулд итгэл үнэмшлээ дээд зэрэгт нь төвлөрүүлэхийг хичээх тул нэг үгээр хэлбэл, гэрээр явж ном хурна гэдэг лам нарын хувьд унацтай “халтуур”, нөгөө талаар тун чиг аятайхан эрсдэл багатай бизнес болжээ.

Сүсэгтэн олонд зориулан түвд хэл дээрх номыг монгол руу орчуулах ажил ч нэлээдгүй жилийн өмнөөс яригдсар ирсэн ч том бизнесийн нөлөөгөөр урагшилдаггүй ажил бололтой.

Лам, банк хоёр гэдэг эцсийн эцэст цэвэр итгэлцэл дээр тогтдог бизнес бололтой. Яахав дээ орчин цагт шашны нэрээр мөнгө хийж хөлжих гэсэн хэсэг шунахай этгээдүүдийн харгайгаар л Монголд лам нарын нэр хүнд ингэж унаад байгаа юм. Үүнтэй харьцуулахад энэтхэг, түвд, хятад, солонгосын буддын сүмийн лам нар ёстой л сүсэгтэн олны тусын тулд буян хийдэг газар энэ юм гэмээр байдаг тухай мөргөлчдийн амнаас бишгүй л нэг сонсож байлаа. Уг нь эрдэм чадлаар ард олны дунд алдаршсан, ёс жаягаа чандлан сахисан хутагт хувилгаад, гэгээнтнүүдийн үр сад сайн лам нар бий. Тэд ч гэсэн өнөөгийн энэ байдалд эмзэглэдэг нь тодорхой.

Монголчууд бид л гэхээр яачихсан ч хүмүүс юм. Заавал цөөн хэсэг нь нэгнээ хохироож, үлдсэн олонх нь мэдсээр хэрнээ сайн дураараа шахуу хохирсоор л байдаг.

Эцэст нь Сан-Францискогийн түвд, монголчуудтай уулзалт хийхдээ дээрхийн гэгээн XIV Далай ламын "XXI зууны буддист байхын тулд хоосон сүсэглэж, хий шүтэх биш, харин утгыг нь судалж, ухааныг нь мэдэх хэрэгтэй" хэмээн айлдсан нь санаанд орчихуй.

Н.Төгс