Монголын эмэгтэйчүүдийг соёлтой, боловсролтой, сэхээтэн, манлайлагч байх суурийг тавигчид
2020/03/12
- С.Удвал Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын үйлдвэрчний эвлэл болон яамдын орлогч сайдын албыг эмэгтэй хүнээр хашуулах тухай намын төв хорооны тогтоол батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн
- Н.Янжмаа, Д.Пагмадулам гуай нар хайр сэтгэлээрээ хүнтэй суух, боловсрол эзэмших, сонгох, сонгогдох эрхийн асуудлыг нам төрийн удирдлагуудад уламжилж, Үндсэн хуулиараа батлахад хувь нэмрээ оруулж байжээ
Өнөөдөр Монгол Улсын эмэгтэйчүүд хараат бусаар үзэл бодлоо илэрхийлж, ажил хөдөлмөр эрхэлж, таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсрол эзэмшиж, эрх тэгш амьдарч байна. Харин энэхүү эрх, боломж бололцоо бидэнд түүхэн эмэгтэйчүүдийн бодит зүтгэл, тэмцлийн ачаар ирсэн. Тиймээс эмэгтэйчүүдэд энэ эрхийг олгохын төлөө ажиллаж ирсэн, ажиллаж буй эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, бодит оролцоо, хувь нэмрийг бодитоор үнэлэх, түгээх нь чухал ач холбогдолтой юм. Ингээд Монголын түүхэн баримт бичиг, эх сурвалжуудад дурдсан, түүхэн үүрэг гүйцэтгэж, бодит оролцоо, хувь нэмэр оруулж ирсэн гайхамшигт эмэгтэйчүүдийн талаар товчхон танилцуулъя.
Б.Оюунгэрэл: Монголын эмэгтэйчүүд эрт үеэсээ төрийн хэрэгт оролцож, шинэчлэл хийж байсан
Монголын түүхэн баримт бичиг, эх сурвалжид дурдсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг бодит оролцоо, хувь нэмрийг таниулах, түгээхэд хэрхэн анхаарах шаардлагатай байгаа талаар МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлээс тодрууллаа.
-Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, үүргийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Манай улс Хүннү гүрний үеэс жендэрийн тэгш харилцааг эрхэмлэж, эмэгтэйчүүдийг төрийн хэрэгт оролцуулдаг байсан. Мөн Монголын түүхэнд хувь нэмэр оруулсан 34 их хатны тухай баримт, сэлт бий. Тэдний 17 нь Онон мөрний сав газраар нутаглаж байсан гэдэг. Тодорхой хууль байхгүй ч гэсэн тэдгээр хатад төрийн хэрэгт оролцож байсан. Тэр үед өнөөдрийнх шиг жендэрийн асуудлын талаар ярьж байгаагүй ч арга билгийн ухаанаар төр улсаа удирдаж байсан түүхтэй.
-Түүхэнд үлдсэн Н.Янжмаа, Д.Пагмадулам, С.Удвал зэрэг сэхээтнүүдийн ачаар эмэгтэйчүүдийн соёл боловсрол, нийгэмд эзлэх байр суурь дээшилсэн гэж хэлж болно. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Эдгээр хүмүүсийн хувь нэмрийг үнэлж баршгүй. Тухайн үед эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрх олгох нь байтугай тэднийг эд бараа мэт богтолдог байсан. Мөн тэр үеийн нийгэм эмэгтэй хүн бичиг үсэг сурах нь хоттой хонь руу чоно дайрах адил хэмээдэг байсан. Харин Н.Янжмаа, Д.Пагмадулам гуай нар хайр сэтгэлээрээ хүнтэй суух, боловсрол эзэмших, сонгох, сонгогдох эрхийн асуудлыг нам төрийн удирдлагуудад уламжилж, Үндсэн хуулиараа батлахад хувь нэмрээ оруулж байсан. Дайны хүнд хэцүү үед ч Н.Янжмаа гуай эмэгтэйчүүдийг нэгтгэн үйлдвэрлэл явуулж, хувцас оёод фронтод илгээж байлаа. Бөртэ үйлдвэрийн суурь энэ үед тавигдсан гэдэг. Харин С.Удвал даргын үед ахуйн соёлын хувьсгал хийж, эмэгтэйчүүдийг сэхээтэн болгож бэлтгэж байсан. Ер нь бид ямар ч үед хүйс үл хамааран түүхээ мэддэг байх ёстой, түүнийгээ залуу хойч үедээ өвлүүлж, уламжлах ёстой.
-Энэ чиглэлээр МЭХ-оос ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ. Мөн цаашид төлөвлөж буй ажлынхаа талаар хуваалцахгүй юу?
-Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 60, 70-аад оны үед соёлын довтолгоо буюу ахуйн соёлыг хувьсгалыг хийж байсан. Үсээ яаж самнахаас эхлээд гэрээ хэрхэн цэвэрлэх, гараа угаах, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх гэх мэтчилэн. Харин одоо “Соёлын довтолгоо- 2” төслийг хэрэгжүүлж байна. Залуу гэр бүлүүдэд монгол өв соёлоо түгээж, сурталчлан таниулах, нөгөө талаас эмэгтэйчүүдийн байгууллага юу хийж ирсэн, цаашид юу хийх талаар мэдээлэл хүргэх зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөсөн. Цаашид МЭХ-ны 100 жилийн ойг угтаж, Монгол Улсын түүхэнд хувь нэмрээ оруулсан ээжүүдийн тухай баримтат нэвтрүүлэг хийх, ном гаргах гэх мэт олон ажил хийнэ. Хувь хүнийг сурталчлахаас илүү тухайн хүн юу хийж бүтээсэн бэ, иргэн хүнийхээ хувьд ямар үүрэг оролцоотой вэ гэдгийг таниулах нь чухал.
Эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах эхлэлийг тавив
Н.Янжмаа бол 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”- ийг анх байгуулж байсан хувьсгалын төлөө цогтой тэмцэгч, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн юм. Тэрбээр Ардын их хурлын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр ажиллаж, 1953 онд АИХ-ын даргаар сонгогдон ажиллаж, дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрч байв. Мөн богтлох ёсыг халахад хувь нэмрээ оруулж, анхны хүүхдийн цэцэрлэгийг 1930 онд Нийслэлд байгуулах ажлыг манлайлан удирдсан. Хамгийн чухал нь тэрбээр эмэгтэйчүүдийн түр сургуулийг ажиллуулсан нь өнөөгийн бүсгүйчүүдийн соёл боловсрол, нийгмийн амьдралын тэгш оролцоог хангахад чиглэсэн чухал алхам болж байв.
Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, богтлох ёсыг халахад хувь нэмрээ оруулсан Д.Пагмадулам
Д.Пагмадулам буюу их зохиолч Д.Нацагдоржийн гэргий тэрбээр Монголын түүхэнд чухал хувь нэмэр оруулж, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг шинэ түвшинд гаргасан юм. Тэрбээр өөрөө ч 14 настайдаа Эрдэнэ чин вангийн хүү Палам гэгчид хүчээр богтлогдож байсан гэдэг. Д.Пагмадулам монголчуудаас анхлан баруунд боловсрол эзэмшиж, Германд суралцсан таван эмэгтэйн нэг байсан бөгөөд Улсын бага хуралд сонгогдон ажиллаж, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг анхны Үндсэн хуулиар баталгаажуулахад хувь нэмрээ оруулж байв. Түүнчлэн 1924 онд Намын төв хорооны дэргэдэх “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг”-ийг байгуулж Монголын эмэгтэйчүүдийн холбооны эх суурийг тавьсан гавьяатай юм. 1924 оны МАН-ын III Их хуралд түүний хэлсэн“... эмэгтэйчүүд өөрийн эрхгүй явсныг эдүгээх засгийн үед татан авч, Европын боловсон улсын эхнэр, охидын адилаар эрдэм соёлд боловсруулан буй нь цаглашгүй өршөөл суртлыг хүртээсэн хэмээвээс болох тул бидний эхнэр, охид нийтээр эрдэм сурталд боловсорч чинад дор өөрийн эрх чөлөөг олж чадах дор ард түмний хэрэгт чармайн зүтгэлцэх болтугай хэмээн илтгэл талбия. Бүх Монголын бүсгүйчүүд эрдэм боловсролд дэвшин хөгжиж, эрх чөлөөг эдэлтүгэй” хэмээсэн нь өнөө ч хадгалагдан үлджээ.
С.Удвал асан соёлын үрийг тарьж, жендэрийн тэгш эрхийн асуудлыг шийдвэрлэн, сэхээтэн эмэгтэйчүүдийг бэлтгэж байв
Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 25 жил удирдахын сацуу, зохиол бүтээлээ туурвиж, Монголын зохиолчдын эвлэлийг тэргүүлж байсан С.Удвал гуайг дэлхийн хэмжээний удирдагч байсан хэмээн онцолдог. Тэрбээр соёлжих танхим байгуулан эмэгтэйчүүдийг төрөл бүрийн хоол хийх, ширээ засах, хүүхдээ арчлах асрах, үс хумсаа засах, будах зэрэг ахуйн соёлд сургах талаар маш олон ажил хийж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Түүгээр зогсохгүй Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын үйлдвэрчний эвлэл болон яамдын орлогч сайдын албыг эмэгтэй хүнээр хашуулах тухай Намын төв хорооны тогтоол батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн гол нь удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах чухал алхам хийснийг нь дурдахгүй өнгөрч болохгүй.
Засгийн газрын мэдээ сонин