Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв буюу хуучнаар Хүүхэд асран хүмүүжүүлэх  төвийн 14 хүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын үеэр ӨМӨЗО-ы Хөх хотын Хянган замын үндэсний сургуульд суралцахаар бол­сон байна.

Гэвч эдгээр 14 хүүхэд Хөх хотын ойролцоо хүнд хөдөлмөр хийж байгаад ирсэн гэх мэдээлэл гарсан юм. Уг мэдээллийн дагуу “Өнөр бүл” төвийн удирдлага болон албаны хүмүүстэй уулзахаар Баян­зүрх дүүргийн 53 дугаар сургуулийн хажууд байрлах “Өнөр бүл” төвд очлоо. Тус төвд барилгын ажил хийж байв. Дотогшоо ороход эхүүн үнэр байлаа. Гэрэл гэгээ муутай урт хонгил нь хуучны модон шалтай. Зарим өрөөний хаалга нь цуурч, эвдэрсэн байх аж.  Тэнд байдаг хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явчихсан учраас эзэнгүй шахам байсан юм.

“Өнөр бүл” асрамжийн төвд сургуулийн насны 106, цэцэрлэгийн насны 76 хүүхэд бий.

 

Өвөрмонголд очсон гэх хүүхдүүдийн хувьд явахаас нь өмнө Засгийн газар болон цагдаагийн байгууллагаас тэдний бичиг баримтыг бүрэн шалгасан гэнэ. “Тэд өөрсдийн хүсэлтээр хар ажил хийсэн” гэж асрамжийн төвийнхөн хэлсэн юм. Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр эрдэнэ шишийн талбай дээр хоёр сарын амралтаараа очиж ажилласан гэх юм. Гэвч Хөх хотод суралцсан гэх хүүхдүүдтэй уулзах боломж гарсангүй. Тэд Өвөрмонголоос өнгөрсөн сард ирсэн одоо Улаанбаатарт байгаа гэнэ. Гэхдээ ямар сургуульд сурч байгааг асрамжийн төвийнхөн хэлэхээс татгалзав. Дашрамд дурьдахад, “Өнөр бүл” төвд амьдардаг хүүхдүүдийн зарим нь хотыг сайн мэдэхгүй, ганцаараа явахаараа төөрөх тохиолдол ч гарч байсан аж. Ингээд тус төвийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан бидэнд зарим нэг мэдээллийг өгсөн юм.

-Танай төвийн хүүхдүүдээр хар ажил хийлгэсэн талаар мэдээлэл гарсан байна. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Манай “Өнөр бүл” төвөөс 14 хүүхэд Хөх хотод сургуульд сурахаар явсан. Тэднийг хүнд хөдөлмөр хийлгэсэн гэсэн мэдээлэл гараад байна. Яг одоогоор энэ талаар нарийн зүйлийг тайлбарлаж хэлэх боломжгүй байна. Манай байгууллагын удирдлага бүтэц өөрчлөгдөөд хоёр сар л болж байна. Энэ хугацаанд бид өмнө нь хандивын мөнгө авдаг байсныг бүрэн болиулж зөвхөн хүүхдүүдэд өгөхөд тохиромжтой бэлгүүдийг авах уриалга гарган ажиллаж байна. Энэ байгууллагад мөнгө биш сэтгэл шингээсэй гэж хүсэж байгаа.

Тэрбээр ийн хэлсэн юм. Хөх хотод солилцоогоор хүүхэд суралцуулахаар явуулах үед “Өнөр бүл” төвийн захирлаар Ж.Дүгэр гэдэг хүн ажиллаж байжээ. Харин тус төвийн нэгэн хүүхдийн хэлснээр “Манай хуучин захирал бидэнд өгсөн бэлгийг өрөөндөө ялгаж байгаад тарааж өгдөг байсан” гэж хэлсэн юм. Тухайн үед 14 хүүхэд ямар гэрээ нөхцөлтэйгээр явсныг одоогийн дарга нь “Мэдэхгүй байна” хэмээн ярив. Энгэрээрээ дүүрэн одон зүүсэн боловсролын салбарт авч үзээгүй шагнал байхгүй Ж.Дүгэр гэх хүний талаар байгууллагынхан нь ам сайтай байдаггүй нь харагдаж байлаа. Ямар нэгэн гавьяа шагналд өөрийгөө тодорхойлж одон медаль авахдаа сайн нэгэн ч гэх юм билээ.

Энэ талаар болон бага насны хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагаас зарим асуултад хариу авлаа.

-Хөх хотын ойролцоо “Өнөр бүл” асрамжийн төвийн насанд хүрээгүй 14 хүүхэд хүнд ажил хийж байгаад ирсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү Та бүхэн судалсан уу?

-Хүүхэд асран хамгаалах төвийн хүүхдүүдийг хууль бусаар хил гаргасан хэргийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан байна. Бид шинэ зохион байгуулалтад ороод зургаан сар болж байна. Энэ хүрээнд хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн удирдлага солигдсон. Удирдлага солигдохоос өмнө энэ төвийн 14 хүүхэд Өвөрмонголын сургуульд гэрээгээр суралцахаар явсан байсан юм билээ. Эдгээр хүүхэд тухайн үеийн Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга асан Д.Алтайн зөвшөөрлөөр явсан юм билээ. Шинэ удирдлага зохион байгуулалтад орсноор бид улсын асрамжинд байдаг 14 хүүхдээ сураглаж очсон юм. “Өнөр бүл” төвийн захирал Б.Бурмаа хүүхдүүдийн сурч буй сургуульд очоод өөрсдийнх нь хүсэлтээр эх оронд нь буцаан авчирсан. Учир нь хүүхдүүд хичээлийн хоцрогдолтой, хятад хэлний мэдлэгийн түвшин доогуур байсан учраас эргүүлэн авчрахаар болсон юм.

-Дан ганц асрамжийн төвийн 14 хүүхдийн асуудал биш. Ер нь орон гэргүй хүүхдүүд гэж байдаг байсан. Сүүлийн үед харагдахаа больсон. Тэдний талаар танайд мэдээлэл бий юу?

-Харьяалалгүй буюу траншейны хүүхдүүд харьцангуй хараа хяналтад ороод байгаа. Хүүхэд хамгааллын үйлчилгээний төрийн бус байгууллагууд олширсон нь энэ траншейны хүүхдүүд ба-гасах шалтгаан болсон гэж үзэж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний төвийн зүгээс асарч хамгаалдаг байгууллагуудад хуваарилаж өгч байгаа юм.

-Ер нь улсын хэмжээнд хэчнээн хүүхдийн асрамжийн газар байдаг вэ. Эдгээр газруудад байгаа хүүхдүүдийн эрх зөрчигдөх тохиолдол хэр зэрэг гардаг вэ?

-Хүүхдийн эрх зөрчигдөх асуудал алхам тутамд гарч байна. Үүнийг манай байгууллага нуухгүй гэдгээ хэлж байна. Үнэхээр ядуу амьдралтай, архины хэрэглээтэй холбоотой байгаа учраас төр засаг энэ тал дээр жаахан хяналт тавьж ажилламаар байна.

-“Инчон”-ы нисэх онгоцны буудал дээр хүлээлгийн өрөөнд унтаж байсан хүүхдийн эрхийн асуудал зөрчигдсөн байж магадгүй. Энэ тал дээр танай байгууллага ямар арга хэмжээ авсан бэ?

-Ерөнхийдөө бид холбогдох байгууллагуудад хүсэлт тавьчихсан байгаа. Ямар учраас бага насны хүүхэд хараа хяналтгүй бусад оронд зорчиж байгаа гэдгийг мэргэжлийн зүгээс шалтгааныг нь илрүүлэхээр ажиллаж байгаа. Иймэрхүү оролдлого байж магад гэдгийг шалгуулж байгаа. Одоогоор үүнээс өөр мэдээлэл бидэнд алга байна. 

-Мөн долоон настай хүүгээ сэхээнд ортол нь зодсон хэрэг гарсан. Иймэрхүү хэрэг хэр их гардаг вэ. Ийм тохиолдолд танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тэр хүүхдийн тал дээр манай байгууллагаас нөхцөл байдлын дүн шинжилгээ хийсэн. Эмнэлэгт долоо хоног байх хугацаанд байнга хамт байж, ээжийнх нь хамаатны хүмүүстэй холбогдох арга хэмжээг авч ажиллаж байсан.

 

Б.ЖАВЗАНХҮҮ: ХҮҮХДҮҮДИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ХЯТАДАД СУРГАСАН

Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүүгээс Хятадад сурч байсан асрах төвийн хүүхдүүдийн талаар тодрууллаа.

-Асрах төвийн хүүхдүүдийг Хятад руу сургуульд сургана гэж авч яваад ажил хийлгэсэн тухай мэдээлэл гарах боллоо. Хүүхдүүд саяхан эх орондоо ирсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өвөрмонголын Хөх хотод байрладаг Монгол үндэсний сургууль Улаанбаатар хотын хэд хэдэн сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй байдаг бөгөөд байнга монгол хүүхдүүдийг сургадаг юм. Тус сургуульд сурч байсан хүүхэд асрах төвийн 14 хүүхдийг өнгөрсөн сард авчирсан байгаа. Бидний санаа зовж байсан гол зүйл бол тэдний гадаад хэл сурах явц удаан байсан. Хүүхдүүдийн маань хятад хэлний түвшин доогуур учраас сургуулиа төгссөн гэсэн гэрчилгээ авч чадахгүйд хүрсэн юм. Тиймээс хүүхдүүд өөрсдөө нутаг буцмаар байна гэсэн учраас авчирлаа.

-Хүүхдүүдийг хар ажил хийлгүүлж байсан талаар юу хэлэх вэ?

-Хятадын сургуулийн өвлийн амралт  хоёр сар орчим үргэлжилдэг юм билээ. Хүүх­дүүдийг амралтынх нь хугацаанд Хятадын ахуй амьдралтай танилцуулах үүднээс хятад айлуудад аваачиж ажилд нь туслуулсан гэдэг тайлбарыг зохион байгуулагчид өгсөн байгаа. Хүүхдүүд өөрсдөө бид тариа ногоо хураах гэх мэт ажилд нь оролцож байсан гэсэн. Хүүхдүүд тэнд байхдаа ажил хийж байсан гэдэг нь бидний анхаарлыг татаж байгаа. Тэд өөрсдийн санаачилга хүсэлтээр бус зохион байгуулалттайгаар ажил хийж байсан нь бидний анхаарлыг татсан. Тийм учраас хөгжих, боловсрол эзэмших эрхийг нь хамгаалахын тулд хүүхдүүдийг авчрах шаардлагатай болсон.

-“Өнөр бүл” төвийн өмнөх удирдлагуудыг яагаад сольсон юм бол. Зарим хүний ярьж байгаагаар мөнгө завшсан хэрэг гарсан гэж байна?

-Өмнөх удирдлагууд хүүхдүүдийг хөгжүүлэх тал дээр дутагдалтай ажилласан. Ер нь өмнөх удирдлагууд сайн ажиллаж чадаагүй. Тийм учраас энэ байгууллагын удирдлыгыг сольж бүтцийн өөрчлөлтийг хийсэн юм. Түүнчлэн асрах байгууллагыг олон жил удирдаж байсан Ж.Дүгэр гуай тэтгэвэрт гарах болчихсон байсан. Тиймээс “Өнөр бүл”-ийн хоёр дарга нэг нь чөлөөлж өгөх хүсэлтээ өөрөө гаргасан. Нөгөө нь чөлөөлөх үндэслэлийг зөвшөөрсөн юм.

-Хоёр байгууллагын гэрээний дагуу хүүхдүүдийг Хятад руу авч явсан. Тэгвэл энэ гэрээнд хүүхдүүдийг хөдөлмөр эрхлүүлэх тухай тусгасан байсан юм уу?

-Тийм зүйл огт байгаагүй. Бидний хувьд хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлсэн байж магадгүй гэдэг үүндээс харж байгаа. Хүүхдийн эрх зөрчигдсөн байх магадлал байж болно гэж үзсэн. Асран хамгаалагчтай ч бай, үгүй ч бай Монгол Улсын хилээр хүүхэд гарч байгаа л бол нэвтэрдэг дүрэм журам нь нарийн байдаг. Байгууллагын гэрээ, асран хамгаалж байгаа хүний зөвшөөрөл гэх мэт зүйлийг хил гаалийнхан байнга л шалгаж байсан. Нөгөөтэйгүүр энэ гэрээний хүрээнд Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд, Гадаад харилцааны яамны Консулын газарынхан бүгд мэдэж байсан. Энд нууж хаагаад байх юм байхгүй. Хүүхдийн төлөө үндэсний газрын удирдлагуудыг шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Бидэнд нууж хаах зүйл байхгүй. Агентлаг хийх ёстой ажлаа л хийж байгаа.

Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл төв буюу хуучнаар Хүүхэд асран хамгаалах төвийн одоогийн захирал Б.Бурмаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хүүхдүүд Өвөрмонголд байхдаа ямар хүмүүсийн хараа хяналтанд байсан юм бэ?

-Өвөрмонголын Монгол үндэсний дээд сургуулийн захиргаа хүүхдүүдийг хариуцаж байсан.

-Хятад руу явсан хүүхдүүдийг дээрэлхэж зоддог байсан гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ талаар сонссон уу?

-Одоогийн байдлаар ийм зүйл сонсоогүй байна.

-Хятадад сурч байсан хүүх­дүүдтэй байнга холбоотой байсан уу. Тэдний өдөр тутмын цагийн хуваарийг мэдэж байв уу?

-Асран хүмүүжүүлэх төв, Монгол үндэсний сургууль хоёрын хооронд байгуулсан гэрээнд хүүхдүүдийн цагийн хуваарийг заасан байгаа.

-Хүүхдүүд тэнд сурч байх хугацаандаа ямар ажил хийж байсан юм бэ?

-Хичээлийн үеэр хүүхдүүдээр ажил хийлгэж байгаагүй. Харин амралтынх нь үеэр бага сага ажил хийлгэж байсан юм шиг байна билээ. Хүүхдүүдийн ярьж байгаагаар айлын гэр цэвэрлэх, мал аж ахуйд нь туслах гэх мэт ажил хийж байсан гэсэн.

-Хүүхдүүдийг сургах зардлыг хаанаас гаргаж байсан юм бэ?

-Бүх зардлыг Монгол үндэсний сургуулиас гаргаж байсан. Хүүхдүүдийг хичээлд оролцох бүхий л боломжийг нь хангаж байсан юм.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүд байсан бэ?

-9-16 насны хүүхдүүд байсан. Долоон эрэгтэй долоон эмэгтэй хүүхэд явсан юм.

-Өвөрмонголд байсан хүүх­дүүдтэй байнга харилцаатай байсан уу. Авчрах шийдвэрийг хэзээ гаргасан юм бэ?

-Би шинээр томилогдоод Ж.Дүгэр захиралаас ажлыг нь хүлээж авахдаа Өвөрмонгол руу явсан хүүхдүүдийн гэрчилгээ бичиг баримтыг л авсан юм. Тэгээд би энэ байгууллагын удирдлагын хувьд энэ хүүхдүүдийг яаж амьдарч байгааг газар дээр нь очиж үзэхээр шийдсэн юм. Тэнд очоод хүүхдүүд наашаа ирэх сонирхолтой байсан учраас авчирсан.

-Хүүхдүүдийг хэзээ явсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн наймдугаар сард яваад гуравдугаар сарын 24-ний өдөр ирсэн.

 

Ямартай ч хүүхэд асрах төвийн хүүхдүүд БНХАУ-д долоон сар байх хугацаандаа ажил хийж байсан аж. Суралцаж байх хугацаандаа амралтын хоёр сарын хугацаанд “өөрсдийн хүсэлтээр ажил хийсэн” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.

 

 

Н.Санжаасүрэн, Э.Баясгалан