Монголчууд хэзээ Оюу толгойгоос үр ашиг хүртэх вэ?
1 цагийн өмнө

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ.
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийтдээ 300 гэрчийг оролцуулахаар шийдвэрлэсэн юм.

Сонсголын эхний өдөр: “Жавхлант”, “Шивээ толгой”, “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ, ОНТРЭ компанийн нөөцийг хэлэлцэв

Өчигдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судлав. Мөн 2025 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг хэлэлцэв.
О.Батнайрамдал: Оюу толгойн орд ард түмний баялаг, тиймээс сонсголыг нээлттэй явуулна
Сонсголыг даргалагч О.Батнайрамдал:
-Хэн бүхэн парламентыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Хоёрдугаарт, сонсгол даргалагч сонсголын дэг сахиулах бөгөөд дэг зөрчигчийг сануулж, танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна.
Гуравдугаарт, сонсгол даргалагч гэрч, шинжээч, хянан шалгагч, бусад оролцогчид хууль сануулж, эрх үүргийг нь танилцуулах үүрэгтэй. Дөрөвдүгээрт сонсголыг доор дурдсанаас бусад тохиолдолд нээлттэй явуулж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Хувь хүний нууцтай холбоотой асуудал, гэрч эсвэл гуравдагч этгээдийн хувийн амьдралтай холбоотой асуудал, мөн нийтэд мэдээлбэл түүний хууль ёсны ашиг сонирхол хохироох үйл баримт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учрахтай холбоотой асуудал байгаа. Бид хянан шалгах түр хорооны сонсголыг олон нийтэд нээлттэй явуулах зарчмыг баримталж байгаа. Оюутолгойн орд төрийн нийтийн өмч буюу ард түмний баялаг. Ард түмний мэдэх эрхийг хангах үндсэн үүргийг хангах зорилготой.
Шинжээч: Оюу толгойн бүлэг орд, ОНТРЭ ямар нөөц баялагтай вэ?
Сонсголд шинжээчид Оюутолгойн бүлэг орд болон ОНТРЭ компанийн нөөцийн тухай дүгнэлтээ танилцуулсан юм. Оюу толгойн бүлэг орд үндсэн гурван том ордоос бүрддэг. Херуга орд, Оюут орд, Хюго Даммет. Хюго Даммет ордыг Өмнөд Хюго, Хойд Хюго, Хойд Хюго үргэлжлэл гэж гурав хуваасан. Оюутолгой орд бол дэлхийд маш том ордод тооцогддог. Бүрэн хүчин чадлаараа орох юм бол зэс олборлолтоороо, үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт орохоор юм. Оюутолгойн бүлэг ордын нөөцийг гурван удаа эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцэж бүртгэж, улсын эрдсийн санд авсан. 2009 он, 2014 он, 2021 онд гурван удаа яриад ашигт малтмалын газрын даргын тушаалаар мөн сайдын тушаалаар нөөцийг бүртгэж авсан. Нөөц нь 2009 онд 36.2 сая тонн зэс, 1162 тонн алт, 9208 тонн мөнгө гэж бүртгэсэн. 2014 онд геологи хайгуулын ажил нэлээн хийсний үр дүнд нөөцийн хэмжээ өссөн. Зэс 44.4 сая тонн, алт 1903 тонн, мөнгө 12 мянган тонн болсон. Шинээр молибден 250 мянган тонн гэж бүртгэж авсан. 2021 онд дахин нөөцийн тайлан орж ирээд эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцээд зэсийн нөөц 43.6 сая тонн, алт 1838 тонн, мөнгө 11.745 тонн, молибден 203 мянган тонн болсон. Эцсийн бүртгэсэн тоонуудыг танилцуулбал, хүдэр 6.27 тэрбум тонн, зэс 43.6 сая тонн, алт 1838 тонн, мөнгө 11,745 тонн, молибден 203 мянган тонн байна.
Оюу толгойн бүлэг ордын нөөцийн нэгтгэл зэрэг, тоо, хувиар
A B бол маш сайн судлагдсан гэсэн үг. Үйлдвэрлэлд бэлдсэн гэж хэлж болно. C бол судалгааны түвшинд, эрсдэлтэй гэж хэлж болно. Үүнийг хувилж харвал хүдрийн хувьд A B-гээр үйлдвэрлэлд бэлдсэн нөөц 33.6 хувь байна. Зэс 46.7 хувь, алт 38.1 хувь, мөнгө 40.6 хувь байна. C буюу эрсдэлтэй дээр 66.4 хувь хүдэр, зэс 53.3 хувь, алт 61.9 хувь, мөнгө 59.4 хувь байна. Ямар ч ордыг олборлоход нөөц үлддэг. Гэхдээ үүнээс харахад зөвшөөрлийн хэмжээнээс хамаагүй илүү өндөр гарсан. Үүнийг хүдэр дээр хэлбэл, Херуга орд гэвэл 61.5 хувь нь үлдээнэ гэж байна. Оюут орд дээр 50.6 хувь, Өмнөд Хюго дээр 64.3 хувь, Хойд Хюно дээр хамгийн их олборлоно гэж байгаа. 73.5 хувийг олборлоод 26.5 хувь газартаа үлдэнэ гэжээ. Үүний эх сурвалж бол Оюутолгойн 2021 онд хамгаалсан геологийн нөөцийн тодотгол тайлангаас авсан. Монгол Улсын эрдсийн санд нийт бүртгүүлсэн геологийн нөөцөөс 50 орчим хувийг газарт үлдээхээр төсөөлсөн байна. Хүдэрийн хувьд нийт бүлэг ордын хэмжээнд 3.2 тэрбумыг олборлоод 2 тэрбум 955 сая тонн үлдээхээр байна. Энэ нь 50:50 хувьтай гэж хэлж болно. Зэсийн хувьд 55.9 хувийг олборлоод 44.1 хувийг газарт үлдээнэ. Алт дээр 60 хувийг үлдээж, мөнгө дээр 57 хувийг үлдээхээр урьдчилсан төсөөлөл тооцоо явж байна. Хоёр Эрдэнэт үйлдвэрийг газрын хэвлийд үлдээж, Бороо Гоулд ордын 1080 гаруй тонн алтыг үлдээх гэж байна. Мөнгөний хувьд Монголын хамгийн том Асгатын мөнгөний ордтой дүйцэх нөөцийг газарт үлдээхээр болж байна. Энэ бол зүйрлэсэн тооцоо юм.
Оюу толгойн бүлэг ордуудын нөөцийн зэрэглэл, түүний хүдэр дэх металлын дундаж агуулга
1. Ордын нөөцийн зэрэг өндөр болох тусам металлын агуулга өсөж байна
2. Хойд Хюго, ОНТРЭ Хойд Хюго үргэлжлэл ордын A+B зэргийн нөөцийн агуулга нь бусад ордуудын металлуудын агуулгаас зэс 1.8-6 дахин өндөр, алт 1.2-8 дахин өндөр, мөнгө 1.3-4 дахин өндөр байна.
10 гаруй жилийн өмнөөс хайгуул ажлууд явж байх үед Хойд Хюго дээр ажлаа үргэлжлүүлье, төвлөрүүлье. Үүн дээр баян хүдэр гэдэг нь тодорхой байсан тул Оюутолгой компани хамаг хүчээ хаяж, асар их хөрөнгийг энэ ажилд зарцуулсан.
Хойд Хюго ордын зэсийн тархалт:
Ийм орд бол дахиж Монголд огт байхгүй, маш баян хүдэр юм. Хайгуулын ажлыг бүрэн гүйцээх шардлагатай. Хойд Хюго ордыг олборлож өндөр ашигтай байх хугацаанд бүлэг ордынхоо хайгуулыг дуусгах хэрэгтэй. Мөн сорчлон олборлолт явагдахаар байна гэх төсөөлөл байна.
Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэлэлцүүлэг өрнөв.

“Рио Тинтогийн хурлын тэмдэглэлийг та бүхэнд өгөх эсэхээ асуугаад эргээд хариулъя”

УИХ-ын гишүүн С.Шижир:
-Монголчууд хэзээ Оюу толгойгоос үр ашгаа хүртэх вэ. Оюу толгойгоос 2037 оноос эхлэн ногдол ашиг хүртэнэ гэсэн. Энэ хугацаа олон удаа хойшилсон. Гэтэл гурван жилийн дараагаас Оюу толгойн зардал ихээхэн өсөх нь. Оюу толгойн санхүүгийн тайлан одоог хүртэл нууц байна. Та бүхэн дуртай үедээ сонсголд ирдэг байж болохгүй. Рио Тинто яагаад манайд 11 хувийн зээл өгсөн атлаа "Онтрэ"-д зургаан хувийн хүүтэй зээл өгөв. Оюу толгойн ТУЗ есөн гишүүнтэй. Тэдний 6-г нь Рио Тинто томилдог. С.Мөнхсүх захирал та ТУЗ-д гурав дахь жилдээ сууж байна. Менежментийн төлбөр зургаан хувь буюу өндөр байна. Одоо бид нийт 12 тэрбум ам.долларын зээлтэй болсон. Рио Тинто уул уурхайн биш санхүүгийн бизнес эрхлээд байна уу.
Оюутолгойн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
-"Онтрэ"-тэй хийсэн хэлцэл 2004 оноос эхлэлтэй. Тухайн үед Рио Тинто компанид би байгаагүй. Оюу толгой Онтрэтэй хэлэлцээ хийгээд сайжруулсан хувилбараа ТУЗ-д танилцуулсан, шийдвэр хүлээж байна. Pentwater компани "Туркойз хилл ресурс"-ын томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг байв. Гүний уурхайн зардал хэтрэлттэй холбоотой мэдээллийг хожуу мэдээлсэн гэдэг үндэслэлээр шүүхэд хандаад, талууд эвлэрч, шүүхийн маргаан эцэс болсон. Оюу толгойн ТУЗ-д санал зөрөх, нэгдэх үе ч бий. ТУЗ олноороо хүч түрдэггүй, аль болох ойлголцож 100 хувийн саналтай шийдвэр гаргах гэж хичээдэг. Менежментийн төлбөрт нийт Рио Тинтогоос 1.1 тэрбум ам.доллар орчим төлсөн гэж бодож байна. Лавлах хэрэгтэй. Рио Тинтогийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг би та бүхэнд өгөх эрхтэй эсэхээ мэдэхгүй байна. Асуугаад эргээд хариулъя.
“Оюу толгой” ХХК-ийн Техник, нэгдсэн төлөвлөлтийн Ерөнхий менежер Т.Отгонбаяр:
-Сорчлон олборлох гэдэг дээр хариултаа нэмж хэлье. Оюу толгой ордын олборлолтын хувьд сорчлон олборлолт гэдэг ангилалд орохгүй. Харин ордыг дэс дараалалтайгаар стратеги дарааллынхаа дагуу явж байгаа. Хайгуулын ажил одоо ч үргэлжлээд явж байгаа. Иргээдүйд ч үргэлжлээд явах болно. Дор хаяж 100 жил үргэлжлэх юм. Ордын дарааллын хамгийн эхэнд Өмнөд Оюу, Хюго Норт, Өмнөд Хюго, Херуга гэсэн дарааллаар явна.
“Ордыг бүрэн судлаад төгс ТЭЗҮ хийхэд маш их хөрөнгө, цаг хугацаа шаардана”
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
- ТЭЗҮ-тэй холбоотой асуудлууд яригдаж байна. Ашигт малтмал газрын тосны газрын хариулт их сонин сонсогдож байна. ТЭЗҮ чухал биш. Тайлан авах нь чухал байдаг гэж сая хэлсэн. Ямар хуулийн ямар зүйл заалтаар ингэж хариулсан бэ?
Ашигт малтмал газрын тосны газар Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир:
-Хуулийн заалтын хувьд бол бид мэдээ тайлан гаргах буюу ашигт малтмалын тухай хуулийн 48-р зүйлийн дагуу төлөвлөгөөг хүлээж авдаг. Техник эдийн засгийн үндэслэл чухал биш гэж хэлээгүй. Тухайн төслийн хувьд бидэнд өөр гарц байгаагүй. Бидэнд энэ төслийг зогсоох эрх байхгүй. Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар ТЭЗҮ-ийг нь хүлээж аваагүй учраас бид бас хүлээж авахгүй гэдэг бодлого барьдаггүй. Асуудлыг хүлээж авахаар шийдвэрлэх боломж байдаггүй учраас л буцаадаг. Буцаасан ч тасралтгүй явж байх ёстой гэсэн үндэслэлээр уулын ажлын төлөвлөгөөг нь хүлээж аваад явдаг. Бид тайланг авч байх нь чухал байдаг гэх л тайлбар өгч байгаа юм.
Оюу толгойн ТУЗ-ийн дарга Шон Хилтон:
-Бид шийдвэр гаргахдаа дүрэм журмаа зөрчих вий гээд хуулийн дагуу шийдвэрээ гаргая гэдэг. Бүр талууд шийдвэр гаргахад оролцож байгаа оролцогч талууд хангалттай бүх мэдээллийг авсан эсэх дээр бид анхаарч дараа нь тухайн шийдвэр нь зөв зүйтэй шийдвэр үү, үгүй юу гэдэг дээр анхаарч, ийм гурван шалгуураар бид ТУЗ-ийн шийдвэрийг гаргадаг. Бид уурхайн үйл ажиллагаа явуулаад ашигтай ажлаа явуулах маш эгзэгтэй чухал үед ирээд байна. Хүүгийн түвшний асуудал ТУЗ-ийн дарга болохоос өмнө Засгийн газартай хэлэлцээр явж байсан. Одоо ч гэсэн хүүгийн зохистой түвшний талаар Засгийн газарт хэлэлцээр явж байна гэж ойлгож байна.
Оюу толгойн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
-Манай компанийн хамт олон өнөө өглөө л шинжээч нарын дүгнэлттэй танилцсан. Өмнө нь танилцах боломж, бололцоо байгаагүй. Бид хараад шууд санал нийлж байна, нийлэхгүй байна гэж хэлэхэд хүндрэлтэй байна. Миний харснаар гурван үндсэн асуудал байх шиг байна. Нэгд, зарчмын хувьд санал нийлж байгаа зүйлс байна. Жишээ нь, олборлолтын үйл ажиллагаа явж байхад дээрээс нь хайгуулын ажил хийгээд явах ёстой. Илүү нарийвчилсан судалгаа хийгээд явж байх ёстой. Мөн нөөцөө нэмэгдүүлээд явж байх ёстой гэдэг дээр бид байнга санал нийлэх болно. Харин санал огт нийлэхгүй байгаа хэд хэдэн зүйл байна. Бид нар хөрөнгө мөнгө, хөрөнгө оруулалтын үр өгөөжөө бодох шаардлагатай байдаг. Тэгэхээр ордыг бүрэн бүтнээр нь судлаад үүнд төгс ТЭЗҮ хийнэ гэдэг ойлголт хүндрэлтэй. Маш их хөрөнгө оруулалт шаардана. Үүнд олон жилийн ажил шаардана.
“Оюу толгой компанийн гүйцэтгэх удирдлагууд парламентыг үл хүндэтгэж байна”

Түр хорооны дарга О.Батнайрамдал:
-Хянан шалгах түр хорооны хуралд Оюу толгой компанийн гүйцэтгэх удирдлагад танилцуулгаа тавиач гэж зургаан удаа албан бичиг болон хүсэлт тавьсан боловч ирээгүй. Парламентын хяналтын хороо дуудаж байхад ирэх ёстой. Парламентыг үл хүндэтгэнэ гэдэг байх ёсгүй зүйл. Оюу толгой компанийг бид хүрэлцэн ирж албан ёсоор хариулт өгөөч ээ гэж дуудахад парламентыг үл хүндэлж ирээгүй. Яагаад ирээгүй вэ. Энэ шийдвэрийг та гаргасан уу. Энэ талаар та тайлбар өгөх ёстой. Оюу толгойн орд бол ард түмний өмч. Ард түмний төлөөлөл болсон Хянан шалгах хороо дуудсан юм. Бид Хянан шалгах хорооны хурал дээр 92467 хуудас нотлох баримтыг бид цуглуулсан. Гэвч харамсалтай нь 54 хувь нь маш нууц, байгууллагын нууц, төрийн нууц гэсэн тамга дарагдсан учраас бид энэ талаар нээлттэй ярьж чадахгүй, өнөөдрийн сонсгол дээр ярьж чадахгүй байна. Яагаад хуудас болгон дээр нууцын тамга дарсан юм бэ?
Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнгөнсүх:
-Би хоёр долоо хоногийн өмнөөс Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилогдсон. Албан ёсоор хоёрдугаар сарын 1-ээс үүрэгт ажлаа хүлээн авна. Оюу толгойн төслийн 20 жилийн түүхийг би нарийн мэдэхгүй. Техникийн мэдээллийг нь бас сайн мэдэхгүй. Түр хорооны хуралдаанд яагаад ирээгүй вэ гэдэгт, компани дотроо хуралдаад багийн шийдвэр гаргасан. Яагаад оролцохгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн.Онтрэ болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хэлэлцээр эхэлж байсан. Хэлэлцээрийг илүү өгөөжтэй, ойлгомжтой байлгахын тулд олон газар мэдээлэл гаргахгүй байх ёстой байсан. Ултай, буурьтай, суурьтай хэлэлцээрийг үргэлжлүүлэх нь чухал болохоор энэ талаар нээлттэй хуралд ярих нь зохимжгүй гэдэг дүгнэлт хийсэн. Компани дотроо нэлээд өөрчлөлт орсон. Гүйцэтгэл захирал өөрчлөгдөхөөс эхлээд тодорхойгүй зүйл нэлээд байсан учраас дотоод шалтгаанаар бид оролцох боломжгүй байсан.Яагаад нууцын тамга дарчихсан юм бэ гэж та сая асуулаа. Учир нь энэ бол компанийн дотоод баримт бичиг байгаа. Компанид олон нийтэд мэдээлэх зүйл, олон нийтэд мэдээлэх шаардлагагүй мэдээлэл гэж бий. Тэгэхээр энэ бол нууц гэхээсээ илүү олон нийт мэдээд шаардлагагүй мэдээлэл юм.
“Онтрэгийн асуудал бидний шийдэх эрхтэй асуудал биш”
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Оюу толгой амжилттай, барцад багатай урагшлах нь Монголын цаашдын хөрөнө оруулалтад чухал гэж үзэж байна. Тиймээс сонсголыг өнгөрсөн алдаа оноогоо дүгнээд сайжруулаад явах боломж гэж харж байна. Сая шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан асуухад яагаад ТЭЗҮ-ээ батлуулахгүй яваад байна вэ, ингэж болох уу?
Оюу толгойн компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
-Компанийн зүгээс ТЭЗҮ-гүй явах сонирхол байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд таван жил болгон ТЭЗҮ-ээ шинэчилж, өөрчлөөд явах ёстой. Гэхдээ 2015 оноос хойш ТЭЗҮ шинэчлэгдээгүй байна. Компанийн зүгээс ТЭЗҮ-ээ батлуулах чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хувь нийлүүлэгчдийн үр өгөөж, 103-р тогтоолын хэрэгжилт, Онтрэгийн асуудлыг нэг тийш нь шийд гэдэг. Энэ нь компанийн шийдэх эрхтэй асуудал биш.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга М.Мэндбаяр:
-2024 оны гуравдугаар сарын 1-нд Эрдэс баялгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Оюу толгойн ТЭЗҮ-ийг хэлэлцсэн. Батлаагүй шалтгаан нь хоёр компанийн тусгай зөвшөөрлийн хоёр тусдаа байгаа нөөцийг нийлүүлж олборлож болох боловч түүнийх нь үр өгөөж, эдийн засгийн тооцооллыг залгаж хийх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Нөөц, эдийн засгийн тооцооллоос гадна санхүүгийн тооцооллын задаргаанууд нь тодорхойгүй, хэзээнээс хэдий хэмжээний хувь ашиг хүртэх вэ зэрэг тооцоолол эргэлзээтэй байсан учраас батлаагүй.
“Манай талбай Хойд Хюго ордтой нийлмэл тул олборлолт явуулах нь зөв гэж үзсэн”

УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-ТЭЗҮ-гүй байтал яагаад Оюу толгой компанийн үйл ажиллагааг зогсоогоогүй вэ. Онтрэгийн талбайгаас олборлох гэж байхад яагаад зөвшөөрсөн бэ?
"Онтрэ ресурс" компанийн гүйцэтгэх захирал Стивэн Скотт:
-Манайх 10 ажилтантай, олборлолт явуулах техникийн хүчин чадал бидэнд байхгүй. Мөн манай тусгай зөвшөөрөлтэй талбай нь Хойд Хюго ордтой нийлмэл тул нэгдсэн байдлаар олборлолт явуулах нь зөв гэж бид үзсэн. Тийм учраас Оюу толгойн компаниас тусад нь олборлоно гэвэл эдийн засгийн үр ашиггүй.
АМГТГ-ын Хайгуул ашиглалтын газрын дарга С.Ган-Очир:
-Сүүлийн 10 жил уулын ажлын төлөвлөгөөг хянах ТЭЗҮ байхгүй байсан нь үнэн. Гэхдээ Оюу толгой компани 2020 он хүртэл 2015 оны ТЭЗҮ хүчин төгөлдөр байв. 2020 онд ТЭЗҮ-гээ ирүүлсэн. Гэвч шаардлага хангаагүй. Мөн 2023 онд ТЭЗҮ-гээ ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид уулын ажлын үйл явцын талаар бүэрн мэдээлэлтэй байсан гэсэн үг. Нөгөө талаас бид уулын ажлын төлөвлөгөөг хүлээж авахдаа холбогдох байгууллагуудаас бас чиглэл авдаг. Энэ том төслийг ТЭЗҮ-гүй гээд зогсоох эрх бидэнд байхгүй.
УИХ-ын гишүүн С.Зульпхар:
-Энэ нээлттэй сонсголыг явуулж байгаа хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, гадны хөрөнгө оруулагч нарт ямар хүндэтгэлтэй хандаж, хоёр тал эрх тэгш байх зарчим маань хэрхэн явагдаж байгаа талаарх мэдээллийг сонсч байна. Хоёрдугаарт, энэ төсөл бол харилцан ашигтай, эрх тэгш байх зарчим алдагдсан учраас байгалийн баялгийг эзэмшиж байгаа Монголын ард түмний хүсэлтээр явуулж байгаа. Бид уг нь энэ төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг 53 хувьтай гэж ойлгож байсан бол өнөөдөр бидний гарт байгаа танилцуулга мэдээллээс харахад 27 хувьтай байна. Тэгэхээр гарцаагүй энэ мэт тодорхой зүйлсийг асуух, Монголын талын өгөөж харилцан тохирсон үр өгөөжид хүрэх ёстой гэдэг утгаар энэ сонсгол явж байгаа шүү. Асуултын хувьд шинжээчдээс эхлээд тодруулъя. Тухайн үед буюу Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед ТЭЗҮ урьдчилсан байдлаар байснаас биш батлагдаагүй байсан гэж шинжээч үзсэн байна. Үүнийг тодруулмаар байна. Яагаад ингэж батлагдсан үндэслэлийг та бүхэн харж үзсэн үү.
Хоёрдугаарт, С.Мөнхсүх захирлаас асуухад, ТЭЗҮ батлагдаагүйгээс үүдээд төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн гэсэн асуудал яригдаж байна. Энэ дээр ямар тайлбар хийх вэ.
Гурав дахь асуулт “Рио Тинто”-оос асууя. “Рио Тинто” групп бусад улсад хэрэгжүүлж байгаа төслүүд дээр ТЭЗҮ батлуулахгүй явдаг жишиг, практик байгаа юу гэдгийг тодруулъя.
Дөрөвдүгээрт, уул уурхайн мэргэжлийн зөвлөлөөс асууя. 10 жилийн турш ТЭЗҮ-г нь баталж өгөөгүйгээс Оюутолгойн зүгээс дураар шийдвэр гаргах нөхцөл үүссэн үү. Бидний авсан мэдээллээс бол тэгж харагдаж байна. Сорчлон олборлох хандлагатай тухай шинжээчийн зүгээс гаргасан дүгнэлт байна. Эндээс Монголын талд учрах хор хохирлыг хэрхэн харж байна вэ.
Шинжээч:
-Би сайн мэдэхгүй ч тухайн үед ТЭЗҮ бэлэн байгаагүй болов уу гэж би харж байна. ТЭЗҮ-г ер нь гадаад компани боловсруулаад түүнийг нь Монголын компани манай форматад тохируулаад эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлдэг. 2009 онд ТЭЗҮ гарсны дараа гэрээ хэлцэл хийх ёстой байсан.
Хоёрдугаар асуултад хариулахад, эхлээд баян хүдрийг нь 30 жил олборлочихоод дараа нь ядуу хүдрийг нь олборлох болоход тухайн үеийн эдийн засаг даахаа болино. Адилхан их зардал гараад байдаг, гэтэл хүдрийн агууламж бага учир эцсийн эцэст Монгол Улс баахан ядуу хүдэртэй л үлдэнэ. Мөнгөөр хэмжихэд ямар тоо гарахын нарийн судалж хэлэх байх. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд ийм аюул байдаг, олон улсад ч гарч байсан учраас ингэж дүгнэсэн. Энийг нарийвчлан тооцох хэрэгтэй.
Оюутолгой Монгол компанийн захирал С.Мөнхсүх:
-ТЭЗҮ батлагдаагүйгээс болоод алдагдал хүлээсэн үү гэж асуулаа. Үйлдвэрлэл бүтээн байгуулалт хойшилсон юм байхгүй. “Рио Тинто”-гийн хувьд миний урьд өмнө ажиллаж байсан бусад улс орон манайхтай адил зарчмаар ТЭЗҮ ажилладаггүй. Аюулгүй ажиллагаа, хөлөлмөрийн аюулгүй байдал талаас нь ажилладаг.
Эрдэс баялгийн зөвлөл:
-Яагаад ТЭЗҮ батлаагүй вэ гэвэл журмын дагуу бүх юмаа үзээд энэ шаардлагыг ханга гэж дүгнэлтээ өгдөг, дараа нь хэлэлцдэг. Ингэж хэлэлцэхэд ямар нэг саад гардаггүй. 2024 онд шинжээчдийн өгсөн дүгнэлтийг засаагүй байхад нь оруулаад эргээд хэлэлцсэн байна. Энэ бол уг нь их том боломж. Оюутолгойд нэг буруу ойлголт байна. ТЭЗҮ-гүй уурхай эрхэлнэ гэж байхгүй. Ямар түвшинд ямар албан тушаалтан мэдэх вэ гэдэг нь байна. ТЭЗҮ бол техник технологийн хэлтсийн төлөвлөлтөө явуулдаг гол баримт бичиг юм. ТЭЗҮ-ээр уул уурхай эрхэлнэ гэдэг боломжгүй зүйл. Дараагийн том баримт бичиг нь зураг төсөл юм. Зураг төсөлгүй энэ том уурхайг явуулж болохгүй. Гэтэл ТЭЗҮ-гүй явуулна гэж хаана байх вэ. ТЭЗҮ бол хамгийн доод талын баримт бичиг шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Бид Оюутолгойн Монголд өгч байгаа үнэ цэнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Шинжээч нарын дүгнэлттэй Оюутолгой компани болон Төрийн захиргааны байгууллага санал нийлж байгаа юу?
ТЭЗҮ-тэй холбоотой асуудлууд яригдаж байна. АМГТГ-ын хариулт сонин санагдлаа. ТЭЗҮ чухал биш, тайлан авах нь чухал гэж хэлсэн. Энийг ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн хариулж байгаа вэ.
Оюутолгойгоос өөр ТЭЗҮ-гүй хэчнээн төсөл хэрэгжиж байгаа вэ. Нийт хөрөнгө оруулалтын урьдчилсан хэмжээ 26 тэрбум ам.доллар. Гэтэл Монголын эргээд төлж байгаа хөрөнгө оруулалтын хэлбэр дээр явж байгаа мөнгөн дүн хүүгийн хэмжээ буурахгүй бол 24 тэрбум болно гэж байгаа. Үүнтэй санал нийлж байгаа юу.
Шон Хинтон ТУЗ-ын дарга оролцож байгаа учраас хариулт авмаар байна. Төрийн захиргааны байгууллагууд бол ТЭЗҮ-гүй явж болно гэсэн байна. Хоёрдугаарт, зардлын өсөлтийн хяналт муу байсан юм уу, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна уу?
-АМГТГ-ын шинжээч Ган-Очир:
-Хуулийн заалтын хувьд бид мэдээ тайлан гаргах буюу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэсэн. ТЭЗҮ чухал биш гэж би хэлээгүй. Тухайн төслийн хувьд өөр гарц байгаагүй. Энэ том төслийг ТЭЗҮ нь бэлэн болоогүй юм байна, хүлээж авахгүй гэх эрхгүй байсан. Зарим нэг уурхайд ийм нөхцөл байдалтай байгааг ч нуухгүй. Зөвхөн Оюутолгой ийм эрх эдлээд явдаггүй. Уулын ажил тасралтгүй явж байх ёстой гэдэг үндэслэлээр тайлан мэдээллийг нь аваад үйл ажиллагааг нь явуулдаг.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Шон Хинтон:

-Би нэг жилийн өмнөөс Оюутолгойн ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллаж байна. Би 1988 онд оюутан байхдаа Монголд ирж байсан, монгол хэл бага зэрэг сурсан. Чухал сэдвээр ярих учраас англи дээр орчуулагчтай үргэлжлүүлэн ярья. Зээлийн хүүтэй холбоотойгоор, зээлийн хүү оновчтой байна уу гэдгийг тодруулан асуулаа гэж ойлголоо. ТУЗ-ийн өмнө тулгардаг гурван гол асуудлыг хэлэхэд, нэгдүгээрт дүрэм журмыг дагаж чадсан уу. хоёрдугаарт бүх тал хангалттай мэдээлэл авсан уу гэдэгт бид маш их анхаардаг. Мөн гуравдугаарт зөв зүйтэй шийдвэр байж чадсан уу гэсэн гурван шалгуураар нягталж байж бид шийдвэрийг гаргадаг.
Бид уурхай бүтээн байгуулалтыг дөнгөж бий болгоод, одоо маш чухал буюу үйл ажиллагаагаа ашигтай явуулах, амжилттай цаг үед ирчихээд байна. Намайг ТУЗ-ийн дарга болохоос өмнө хүүгийн асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр эхэлсэн, одоо ч үргэлжилж байгаа. Би нэг зүйл тодруулмаар байна. 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарыг хөгжүүлэхээр Монголд орж ирсэн.
Сангийн яамны Санхүүгийн зах зээл, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга н.Амарбаясгалан:
-“Эрдэнэс Оюутолгой”-гоос өгсөн мэдээллээс үнэслэж хариулахад үндсэн зээл 10.1 тэрбум, хүү долоон тэрбум байсан бол одоо үндсэн зээлийн хүүгийн эргэн төлөлт дөрвөн тэрбум, хүүгийн үлдэгдэл хоёр тэрбумыг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 6.1 тэрбум, хүүгийн үлдэгдэл зургаан тэрбум болсон гэж үзэж байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл, 2025-2051 оны хооронд Монгол Улсын Оюутолгойгоос хүртэх өгөөж 11.5 тэрбум буюу 33 хувь, нийт төслийн 63 хувийг хөрөнгө оруулагч тал хүртэхээр тооцоологдсон байна.
Их хурлын гишүүн О.Батнайрамдал:
-“Онтрэ” компаниас нотлох баримт цуглуулах хүрээнд 1000 гаруй хуудас нотлох баримт цуглуулсан. Гэвч бидэнд ирүүлсэн баримтыг нягтлах боломж олдсонгүй. Яагаад гэвэл хуудас болгон дээр компанийн нууцын тамга дарсан байсан. Ямар үндэслэлээр төрийн байгууллагын баримт дээр байгууллагын нууц гэсэн тамга дарсан юм бэ?
“Онтрэ” компанийг төлөөлж, өмгөөлөгчдийн холбооны гишүүн н.Энхтөр:
-Байгууллагын нууцын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасны дагуу тухайн компани нууцын тамга дарж хүргүүлээрэй гэсэн зөвлөмжийг би өөрийн биеэр өгсөн.
О.Батнайрамдал:
Өнөөдрийн сонсголын үндсэн шалтгаан бол Үндсэн хуулиар олгосон байгалийн баялгийг хэрхэн ашиглаж байгааг шалгаж мэдэх ард түмэнд мэдээлэл өгөх л зорилготой гэдгийг ойлгох хэрэгтэй.
2009 оны Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 167 дугаар тушаал байна. Энэ тушаал бол өмнөд Оюугийн бүлэг ордын нөөцийн тодотгол буюу Оюутолгойн бүлэг ордын лицензэд хамаарч байгаа бүлэг ордын нөөцийн тодотгол. Мөн нөөцийн тайланг нэгтгэн хүлээн авах, нөөцийг бүртгэх тухай сайдын тушаал байгаа. Сайдын тушаал, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн мэргэжлийн дүгнэлт дээр үндэслэж гардаг. Тушаалын 11 дүгээр зүйлд “Онтрэ компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тусгай зөвшөөрлийн лицензийг нэг мөр болгон шийдвэрлэхийг “Айвенхоу Майнз” компанид үүрэг болгох агуулга байна. Та ямар хууль зүйн үндэслэлээр энэ тушаалыг гаргаж, хоёр нөөцийн тайланг хамтад нь нэгтгэн хүлээн авсан бэ?
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт:
-Нээлттэй сонсгол хийх нь Их хурлын бүрэн эрх. Гэхдээ цаашдаа нэг зүйлийг анхаарах нь зүйтэй байх. 300 хүн дуудаад 17-18 жилийн өмнөх зүйлийг шууд асууж байгаа нь учир дутагдалтай байна. Бэлдэх цагтай байвал сонсгол хийж байгаа та нарын ажилд ч нэмэр болно. 17-18 жилийн өмнөх техникийн шинж чанартай холбоотой асуултуудад урьдчилж материалтай танилцах бололцоог өгч байгаач.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл өөрийн гэсэн журамтай. Тайлан зөвлөмж нь ороод ирэхээр манай яамны мэргэжлийн хүмүүс үзэж хараад дүгнээд сайдын тушаал гаргадаг журамтай. Таны асууснаар нэг мөр болгож гэдгийг нь би юу гэж ойлгож байна вэ гэхээр нэг орд гэдгийг сорчилж ашиглаж болохгүй. Стратегийн ач холбогдолтой том ордын асуудлыг нэгдсэн байдлаар том зургаар харах нь зүйтэй л гэж би ойлгож байсан. Энэ дагуу тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу гаргасан тушаал. 2008 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ ярьж байхад Монголын нэг өрхийн орлого 326 ам.доллар байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсаны дараа буюу дөрвөн жилийн дотор 627 ам.доллар болсон. Энэ бол төсвийн орлогыг тооцоогүй тоо. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө төсвийн орлого өмнө хоёр их наяд л байсан бол өнөөдөр 30 их наяд болж 15 дахин нэмэгдсэн.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг яригдаж байх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдаж байсан уу? хэдэн удаа танилцуулагдаж байсан бэ. Тухайн үед ямар албан тушаалтан танилцуулж байсан бэ. Тэр үед “Онтрэ” компанийн талаар мэдээлэл байсан уу. ҮАБЗ-өөс ямар чиглэл өгч байсан бэ?
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-Хөрөнгө оруулаалтын гэрээний талаар би одоо сайн санахгүй байна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хоёр удаа хэлэлцэж байсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан М.Энхболд, С.Баяр нар хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг танилцуулж байсан. М.Энхболдын гэрээг харьцангуй гайгүй байна гэхдээ Монголын эрх ашгийг харьцангуй дутуу бодсон байна, сайжруулъя гэж шийдээд буцаасан. С.Баяр Ерөнхий сайдын хувьд нэлээн "улайрсан" байдалтай танилцуулсан. Тэр байтугай “Та өөрөө гэрээ хэлцэл хийвэл яасан юм” гэж надад хэлж байсан. Би “Чи ажлаа сайн хий. Энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг сайн тусгаж чадаагүй байна” гэж хариулж байсан.
Би бол гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох дэмжих бодлоготой байсан. Эхлээд Оюутолгойн гэрээ аятайхан санагдаж байсан ч яваандаа Монголд ашиг муутай санагдаж эхэлсэн. Тиймээс эргэлзээгээ тайлахын тулд М.Энхболд болон С.Баяр Ерөнхий сайд нарын ажлын хэсэгт аль алинд нь тодорхой чиглэлүүдийг өгч байсан. 51 хувиа Монгол өөрсдөө авъя, хөрөнгө оруулагч тал 49 хувь авъя гэж хэлж байсан. Гэтэл хэцүү гэсэн. Тэгвэл багаар эхлээд аажмаар нэмэгдүүлье гэсэн санал тавья гэсэн. Энэ дээр тодорхой амжилт олсон жишээ ч байгаа. Эрдэнэт дээр Монголын хувь бага байсан ч Их өрийн асуудлыг ярихад Монголын талын хувийг 51 хувь болгож чадсан. Тэрэн шиг зохицуулъя, оросуудтай адилхан аажмаар 51 хувь болгоё гэж хэлж байсан. Тэрийг бас зөвшөөрөөгүй.
Сангийн сайд асан С.Баярцогт:

-Би энд маш олон зүйлийг ярьж чадахгүй байгаа. Яагаад гэвэл Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш олон зүйл байгаа. Үр өгөөжийн асуудлыг ярих үед би өөрийн санаж байгаагаа баасан гарагт хэлэх болно. Хаалттай хурал хийх ёстой. Тэгвэл би хаанаас ямар шахалт дарамт ирээд үүлэн чөлөөний нар шиг юман дундуур яаж бид энэ гэрээг баталсныг ярина. Өмнөх хоёр гэрээ яагаад унасан юм. Яагаад цаг алдаад байсан юм. Эс үйлдэл, үйлдэл хоёр хоёулаа үр дагавартай.
Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг:

-Тийм зүйл байсныг одоо сонсч байна. Тэргүүн шадар сайдад танилцуулагддаг Оюу толгойн асуудал тэр үед байгаагүй. Би бас мартсан байна. Д.Зоригт сайд миний хажууд байна, та бүхэн тодруулна биз. Би нэг зүйл хэлье. Би Оюутолгойн гэрээ байгуулагдаж байхад Тэргүүн Шадар сайдаар ажилалж байсан. Хувь хүний хувьд томоохон хөрөнгө оруулалт оруулж ирэхийг дэмжиж байсан. Гэхдээ хувь процентийг тал талдаа ярьж байгаад шийдсэн асуудал. 2012 онд Ерөнхий сайд болоод одоо Оюутолгойн гэрээ юу болж байна, 34 хувийн ашиг байна гэж асууж тодруулж байсан. Анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдчихсэн байсан. Энэтэй холбоотой олон зүйл болсон. Би Ерөнхий сайд болоод хоёр сарын дараа захирамж гаргаад Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулъя, энэ дээр ажиллах ёстой гээд захирамж гаргаад дөрвөн сайд оролцсон ажлын хэсэг байгуулсан. Энэ бол ноцтой асуудал үүсгэсэн. Ингээд манай Засгийн газар руу гал ирж эхэлсэн. Дараа нь юу эхэлсэн бэ гэхээр 2013 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг суулгаж байгаад Их хурал дээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг тодруулъя, лицензтэй холбоотой маргаан үүссэн. “Онтрэ Гоулд” компанийн ашиглалтын лиценз хууль зүйн дагуу мөн үү гэдгийг тодруулах хэрэгтэй гэсэн. Ийм гурван асуудлыг чуулган дээр ярьж тавьсан.
Т.БАТСАЙХАН, Б.НЯМСҮРЭН
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 231 (7728)
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин







Зочин · 22 минутын өмнө
VANXANDI SEXSY NZ AMRAG SEKSY DEWSGER BOLI80955877
Зочин · 44 минутын өмнө
URN SHINEGENE AMSI ANUSDI BOOW XXI BOOB DOLOOJ80955877