XVI зуунаас Монголд бурхны шашин орж ирсэн гэдэг.  Үүнээс хойш Өндөр гэгээнийг таалал хураахад түүний биеийг занданшуулж мөн Монгол оронд авчирж,  Амарбаясгалант хийдэд занданшуулсан шүтээн биеийг нь суваргалж, шүтэн тахиж байсан түүхтэй.  Улмаар Монголын найман богд, Заяын бүх дүр, Ламын гэгээний бүх дүр, том хувилгаадуудыг бүгдээрэнг нь занданшуулж, шүтээн болгож байсан уламжлалтай юм. Төвдийн XIII далай лам хүртэлх бүх Далай ламыг таалал хураахад биеийг нь занданшуулаад, бодлын ордон дотор шүтээн болгосон байдаг. Манай Гандантэгчэнлин хийдийн гурван ногоон дээвэртэй дуганд VIII, V, VII Богдын занданшуулсан шүтээн бий гэдгийг ч бурхан шашинтнууд онцолдог.  Тиймээс Монгол орны хаанаас ч манай том лам нарын нуусан, занданшуулсан шарил олон гарч ирэхийг үгүйсгэхгүй аж.

61735

Ингэж занданшуулдаг нь цаанаа маш том учир шалтгаантай, мөн ард иргэд занданшуулсан шүтээнд мөргөж, шүтэх нь маш их ивээл ерөөлийг авчирдаг гэдэг.

Гэтэл Цорж Санжжавын занданшуулсан шүтээн муу гараар орж, хулгайлагдсан нь олныг сэртхийлгээд авлаа. Одоо хэний шүтээн болохыг олж тогтоосон сэвтсэн зүйлийг нь засаж, буцаагаад ууланд нь тусгай сүм дуганд тахина гэдгээ ажлын хэсэг онцлоод байна.

Шүтээнийг хэнийх болохыг тогтоохоор Археологи, шүүх эмнэлэг, цагдаа, шашны байгуулага, түүхийн хүрээлэн гэх мэт олон талын мэргэжилтэнүүд хамтран ажилласан гэдгийг энд дурдах нь зүйтэй биз ээ.

Уг шүтээнийг авч явсан этгээдүүд бунхныг хуучин хэвэнд нь оруулан, хөндөгдөөгүй мэт болгосон байсан нь ажлын  хэсгийг багагүй төөрөгдүүлсэн ч ийн хэн болохыг нь тогтоож чадсан юм. Энэхүү олдсон занданшуулсан шүтээн бие бол очир завилаар суулгаад, зүүн гарыг нь тэгш агуулсан чагжаа хийлгээд, баруун гараар нь ном номлохын чагжаа зүрхэн тушаа хийлгэсэн, он удаан жил өнгөрсний улмаас бөгтийснөөс болж гар нь жаахан доошоо болсон байжээ.  Эндээс үзэхэд албан ёсоор шүтээнчлэн занданшуулсан шарил болох нь илт байгаа аж. Өөрөөр хэлбэл  бясалгалд суугаад өөрөө аяндаа занданшсан хүн биш.  Зориуд энэ хүнийг бунхалсан гэсэн үг юм.

 Үүнийг заншандуулсан шарил эсвэл муми биш занданшсан шүтээн бие гэж нэрлэвэл зохимжтой  гэдгийг Бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн онцоллоо.

Д.Ундрах