Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрөгч оны долдугаар сард Их хурлаар баталсан. Уг хууль батлагдсаны дараахан Засгийн газрын “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоох тухай” тогтоол гарснаар уул уурхайгаа түшиглэж, Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдэх эрх зүйн орчин бүрдсэн юм. Ингээд сүүлийн таван жилийн хугацаанд олгогдолгүй хүлээгдээд байсан хайгуулын лиценз хүсэгчдийн өргөдлийг Ашигт малтмалын газраас энэ оны нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн. Лиценз олголт эхнээсээ л гомдол маргаан, хардлага сэрдлэг төрүүлж хэл ам дагуулсан.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Ашигт малтмалын газар нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд 280 мянган төгрөгөөр төхөөрөмж, 500 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр цахим системд нэвтрэх дугаарыг худалдаж байна. Дээрх төлбөрийг авах эрх олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байхгүй” гэсэн мэдэгдэл хүртэл гаргаж байсан. Ердөө 40-хөн секундэд 120 аж ахуйн нэгжийг бүртгэн авсан нь хачирхалтай, тийм боломж байхгүй гэх лиценз тойрсон шуугиан тасраагүй. Гэвч ашигт малтмалын газрынхан ард иргэдийн гомдлыг хүлээн авч, цаг тухай бүрт олон нийтэд мэдээлж байлаа.

Д.Үүрийнтуяа даргын сүүлд өгсөн мэдээллээр бол Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 676 нь VPN төхөөрөмж, 268 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар хүссэн ажээ. Тэрээр “219 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд тухайн орон нутгийн удирдлагаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн. Үүнээс гадна 78 талбайд санал авах мэдэгдэл хүргүүлэхээр ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хянагдаж байна” гэсэн тайлбарыг өгч байсан. Гэвч тэдний хэлж буй 219 хайгуулын тусгай зөвшөөрлөөс ердөө есөн лицензийг тухайн орон нутаг зөвшөөрсөн хариу ирүүлжээ. Үндсэндээ Ашигт малтмалын газраас одоо есөн газарт л хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлах болоод байна.

Ийнхүү ашигт малтмалын тусгай лицензээр уул уурхай дахин эргэлтэд орох, гадны томоохон хөрөнгө оруулагчид буцаад Монгол руу хандах, Монголын эдийн засгийн орчин баталгаатай болж, судсаар нь бага ч болов доллар гүйж эхлэх нь гэсэн хүлээлт талаар өнгөрлөө. “Хэдэн мал бэлчээрлэх нутаггүй болох нь” гэж хийрхсэн малчдын, эх орон, газар шороо, тусгаар тогтнол гэж худлаа цээжээ дэлдэж попиулизм хийж буй нөхдийн балаг, тэдний гар хөл болсон орон нутгийн удирдлагуудын улс орныхоо нэгдмэл эрх ашгийг уландаа гишгэлсэн сэтгэлгээ Монголын эдийн засгийг дахиад л туйлдуулж эхэллээ. Монголын төр орон нутагт бүх эрх мэдлийг нь өгч, жалга жалганд “тусгаар улс” байгуулж ноёдууд бий болгосныхоо горыг амсаж эхлэв бололтой.

Төр засагт доошоогоо тулах хөл байхгүй, данхагар том толгой цээжин биенээс өөр суурьгүй болж ганхаж буйн нэгэн тод баталгаа нь энэхүү лиценз олголтын шийдвэр гээд хэлчихэд даваадуулсан болохгүй биз ээ. Төр хэрвээ хөлтэй гартай, орон нутгаа удирдаж бүрэн дүүрэн гаргасан шийдвэр, хууль тогтоомжоо үг дуугүй дагаж мөрдүүлдэг, хэрвээ биелүүлээгүй тохиолдолд төрийн цээрлэл хүлээлгэдэг, ажлаас нь халдаг, төрийн дээр сандайлах гэсэн санаархлыг нь тас цохидог байсан бол өнөөдөр “дошны ноёд”-доо ингээд дарлуулаад, өөдөөс нь хэлэх үггүй суухгүй биз дээ. Монголын төр тулах цэггүй, суурьгүй болон ганхаж буй нь харамсалтай.

“Монголын төрийн голлох шийдвэрийг яг хэн гаргадаг юм бэ. Дөрвөн жил тутамд төрийн эрх барих байгууллагын сонгууль явуулсны дараа бүрдүүлдэг төр засаг уу, эсвэл түр зуурын зохион байгуулалтад орсон иргэний байгууллагууд эрх барьдаг орон уу. Жинхэнэ утгаараа Монголд засгийн эрхийг хэн барьж байна вэ. Ноён уул болон бусад улс төр эдийн засгийн ноён шийдвэрүүд гарсан процедурыг ажиглахад Монголд засаглалын онцгой шинжүүд тодрон гардаг. Шинжүүд нь Монголын хөгж­лийн одоогийн шатны төлөв болон тусгаар тогтно­лынх нь ирээдүйг тодорхойлон шинжих бололцоог олгож байна. Ноён уулаас эхлээд Монголын эдийн засаг, улс төрийн асуудлыг шийдэх гарцыг заадаг ноён нь Монголын ард түмэн үү, төр нь үү, эсэргүүцлийн хөдөлгөөн үү, эсвэл энэ бүхнийг цаанаас нь удирддаг өөр хүчин байна уу” гэж “Өдрийн сонин”-ы нэгдүгээр орлогч эрхлэгч төрийн шагналт Б.Цэнддоо “XXI зууны Монгол: Тоглоомын улсаас тоглоомон улс” алдарт нийтлэлдээ саяхан бичсэн нь бий.

“Жалга бүхэн жасаатай” гэдэг шиг дошны ноёдын жишээ захаас аваад байж байна. Тэр жил яалаа. “Эрдэнэс таван толгой” компанид Засгийн газраас Балгасын нуурын орчимд усны хайгуул, олборлолт хийхийг зөвшөөрсөн. Гэвч Өмнөговь аймгийн засаг захиргаа тус газрыг орон нутгийн тусгай хэрэгцээндээ авчихсан гээд хавьтуулаагүй. Үүнээс болж Эрдэнэс таван толгойн баяжуулах үйлдвэр барих ажил зогсож байсан түүхийг бид мэднэ. Өнөө дээр доргүй яриад байгаа популизм гэдэг чинь жинхэнэ утгаараа орон нутагт хэрэгжиж, алдаа завхрал муу муухай бүхнийг даллаж байна уу даа. Эдийн засгийн эсрэг тэмцэнэ гэдэг үнэн чанартаа эх орныхоо эсрэг тэмцэж буй хэрэг шүү дээ.

Монгол Улсын хууль тогтнолын дагуу хайгуул, олборлолт хийх эрхээ аваад ирж буй компани, хөрөнгө оруулагчдыг, нутаг орныг нь сайхан болгоё, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж бүтээн байгуулалт өрнүүлье, иргэдийг нь ажилтай орлоготой болгоё хэмээн зорилго тавиад, хөтөлбөр боловсруулаад зүтгэж буй баялаг бүтээгчдийг тэд арай л буу шагайж угтах нь холгүй юм болдог. Шууд эсэргүүцэж тэмцэж эхэлдэг. Хөөж тууж, ална шудна даа хүрдэг. Өмч хөрөнгө рүү нь дайрч эвдэж сүйтгэдэг.

“Тийм өвөг дээдсийн минь үе удмаараа мал хуйгаа өсгөж ирсэн нутаг. Тахилгатай, савдагтай, булш бунхантай, түүх соёлын...” гээд хэн нэгэн нөхөр оройлоод эхэлнэ дээ. Яг үнэндээ оройлж тэмцээд, нутгийн иргэдийг турхираад байгаа хүн ачир дээрээ тэр нутгийнх биш болж таардаг. Ийм л популист үйл ажиллагаа явагддаг юм. Үүний өмнө Монголын төр сул дорой гэдгээ харуулсаар байгаа. Улстөрчид улс төрийн зоримог алхам хийхгүй, улаан нүүрээ хамгаалж, амиа хоохойлж байна. Энэ бүхний баталгаа хайгуулын лицензийн тусгай зөвшөөрөл боллоо л доо. Лицензээр нэг тэрбум ам.долларын ашиг олно гэж Уул уурхайн яамныхан баримт нотолгоотой мэдэгдсэн. Баялаг бүтээгч, капитал үйлдвэрлэгчид лицензийн тусгай зөвшөөрөл итгэл төрүүлсэн юм.

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлдэг нэгэн. Тэрээр “Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5 хувийг эзэлж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно гээд хуулинд заачихсан. Түүний дагуу лицензийн тусгай зөвшөөрөл явагдлаа. 200 гаруй тусгай зөвшөөрлийн ердөө есхөнийг орон нутаг зөвшөөрсөн байна. Монгол Улсын нэгдмэл байр суурийн эсрэг хандлаа. Төр засгийн шийдвэрийг уул нь хуулийн дагуу дэмжих хэрэгтэй. Орон нутаг ийм хандлага үзүүлнэ гэдгийг эртнээс мэдэж байсан. Ашигт малтмалын тухай хуулинд 2006 онд шинэчилсэн найруулга хийгдэхэд, мөн 2001 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль батлагдахад миний бие саналаа хэлсэн. Гэвч төр засаг хүлээж аваагүй. Уг хоёр хуулинд өөрчлөлт оруулах гээд бараагүй. Бидний дэвшүүлсэн саналаар лицензийн шийдвэр гарахын өмнө Засгийн газар орон нутагтай яриад зөвшилцөх хэрэгтэй. Тэгвэл ямар нэгэн хэл ам гарахгүй. Аж ахуйн нэгжүүдэд ийм чирэгдэл дарамт учрахгүй. Төхөөрөмж худалдаж авчихаад, 500 мянгаас хоёр, гурван сая хүртэлх төгрөгөөр дугаарын эрх авчихаад орон нутагт очоод өмнөөсөө салаавч гаргуулна гэдэг хөрөнгө оруулагчдад байж боломгүй зүйл. Эрх зүйн зохицуулалт муу, төр нь сул дорой улс орнуудад ийм байдал ажиглагддаг. Орон нутагтаа эрх мэдлийг нь өгсөн улс орнууд эдийн засгийн хувьд хэдхэн хүн баяжаад л, сууриараа дампуурдаг. Монголд ийм аюул болохгүй гэх баталгаа алга” хэмээн хатуухан хэлээд авсан.

Өнгөрөгч онд мөн Засгийн газраас шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг баталсан. Уг журмын дагуу өнгөрсөн оны наймдугаар сараас зургаан удаагийн сонгон шалгаруулалт явагдаж, 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэтэл дээрх 29 лицензийн наймыг нь орон нутаг зөвшөөрөөд бусдыг нь мөн л сурсан зангаараа тас гүрийгээд хэвтчихжээ. Ингэж жалгын популистууд Монголын эдийн засгийг боомилж гүйцлээ. Хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьж, таван халтар цаасны төлөө Монголын тусгаар тогтнолын дархлааг үгүй хийж байна.

Н.ГАНТУЛГА