Монголбанкинд “нинжа” нар 25 тонн алт тушаана, харин “Оюутолгой” яах вэ?
2015/07/03
Монгол Улсын хэмжээнд алтны олборлолтыг нэмэгдүүлж, хайгуулыг эрчимжүүлэх зорилгоор Ашигт малтмалын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэг нь алтны татварыг бууруулсан явдал байв. Алтнаас авах татварыг 10 хувь байсныг 2.5 хувь болгож бууруулсан нь аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн том ажил болсон хэмээн бодлого тодорхойлогчид нь харж тайлбарлаж байв.
Энэ нь ч тэдний зөв гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тухайлбал, 2013 онд Монголбанкинд тушаасан нийт алтны хэмжээ ердөө зургаан тонн байсан бол өнгөрсөн онд энэ статистик 12 тонн болж “суга өссөн” юм. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт алтны нөөц хоёр дахин нэмэгджээ. Энэ алтны 20 гаруй хувийг бичил уурхайчид буюу олны ярьж заншснаар “нинжа” нар тушаасан байна. Мөн багахан хувийг сум, аймгийн төв дээр алтны арилжаа эрхэлж байсан зуучлагч нар тушаажээ.
Эндээс нэг сонирхолтой гаргалгаа хийж болох юм. Бичил уурхайчид буюу “нинжа” нар дарсан алтаа хилээр гаргалгүй Монгол Улсынхаа Төвбанкинд тушааж, эх оронч сэтгэл гаргасан нь сайшаалтай. Тэгвэл алт үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын тушаасан алтны хэмжээ яагаад өсөөгүй юм бол. Үүнийг зах зээлийн ажиглагч, шинжээчид “Алтны салбарынхан 2013 оныг хүртэл шинэ хууль гарна гэсэн хүлээлттэй байсан. Зарим нэгэн аж ахуйн нэгж, байгууллага бичил уурхайчид, зуучлагч нарт хар захаар борлуулж амжаагүй үлдсэн алтны нөөц тодорхой хэмжээгээр байсан. Бичил уурхайчид Төвбанкин дээр ирээд алтаа тушаахад хуульд харшлах зүйл үгүй. Харин алт олборлогч жижиг аж ахуй нэгж, компаниудын хувьд гурван тэрбум орчим төгрөгийн гүйлгээ хийгддэг. Тиймээс тэд татвараас зайлсхийж, “нинжа” нар болон зуучлагчаар дамжуулж алтаа тушаасныг үгүйсгэхгүй” гэж таамаглаж байна.
Энэ жил алт тушаалт нэмэгдэж 25 тоннд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа. Үнэндээ энэ нь муу зүйл биш. Монголбанкны алтны нөөц нэмэгдвэл валютын нөөц нэмэгдэж байна гэсэн үг. Энэ хэрээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарна. Төвбанкны алтны нөөц нэмэгдэхийн хэрээр тухайн улсыг эдийн засгийн хүч чадалтай байна гэж үздэг. Хэр хэмжээний алт байна, тэр хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулагчид, улс орнууд итгэж зээл, тусламж өгдөг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс төлбөрийн чадвартай гэдгийг илэрхийлэх ганц үзүүлэлт нь энэ. Харамсалтай нь Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлж байгаа ч хадгалж чадалгүй 10, заримдаа 50 хувийг нь борлуулчихаад байгаа юм. Яагаад гэвэл манай улсын эдийн засагт бэлэн мөнгөний эрэлт их байна.
Зарим хүн “Цаашид валютаа хадгалах хэрэгтэй. Монголбанк энэ чиглэлээр ажиллаж, алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьвал зөв алхам болно” гэж үзэж байна. Мөн үндэсний цөөхөн аж ахуйн нэгж, бичил уурхайчид л алт тушааж байгаа. Гэтэл “Оюутолгой” компани өнгөрсөн онд 20 орчим тонн алт үйлдвэрлэж экспортолсон. Энэ алтыг Монголбанкинд тушаагаагүй, шууд хилээр гаргачихсан. Тэгсэн хэр нь гаалийн статистикт энэ мэдээлэл нь байдаггүй. Тиймээс цаашид хилээр гаргаж буй алтны хэмжээг мэдээлж баймаар байна” гэж байр сууриа илэрхийлж байгаа юм. Магадгүй “Оюунтолгой” компанийнхан “Бид алт гаргадаггүй. Баяжмал гаргадаг учраас хэдэн тонн алт, мөнгө гаргаж байгаагаа хэмжиж мэдээлэх боломжгүй” гэх биз. Тэгвэл Монголоос ачуулсан тэр баяжмал дотор чинь алт, мөнгө гараад явж байгаа. Чили, АНУ-д ч ялгаагүй зэсийн уурхайтай, танай компани. Эдгээр улсын гаалын мэдүүлэг, байцаалтад хилээр гаргасан алт, мөнгөний чинь хэмжээ бичигддэг юм билээ. Энэ асуудал дээр зөвхөн “Оюутолгой” компанийг чичлэх биш. Манай гааль, татварын ерөнхий газрынхан ч ажиллахгүй байна.
Зочин · 2015/07/03
oyutolgoi hileer gargasan ym bol yagad meduuleg bdgui ym bee yu yriad ten egted bgaan suraaraa ym bolohneee