Манай гаригийн 179 орны, долоон тэрбум хүн жилд 250.9 сая тонн мах хэрэглэдэг, үүний 28.6 хувийг иддэг хятадууд нэгдүгээрт жагсаж байна.

Ард нь зогсож байгаа АНУ, Герман, Бразил, Орос, Мексик, Франц, Энэтхэг, Япон, Итали зэрэг махны хэрэглээ ихтэй орнууд нийлээд махны 66 хувийг зооглодог. 

Харин өөрсдийгөө чононоос дутуугүй махчин гэж боддог монголчууд нэг хүнд ноогдох малын тоогоор аравдугаарт бичигдэж, махны жилийн дундаж хэрэглээгээрээ 11 дүгээрт жагсдаг. Энэ тооцоог “Eurasia Capital Management” болон “Eurasia Capital Mongolia” байгууллагаас хийсэн байна. 

Мөн Улс орны хөгжлийг иргэдийнх нь жилд идэж байгаа махны хэмжээгээр тодорхойлдог гэх. Аль ч үндэстэн гал тогооны соёл, уламжлалаасаа төдийлөн шалтгаалахгүйгээр болж л өгвөл махтай хоол идэхийг илүүд үздэг аж. 

Ард иргэдийн талаас илүү хувь нь ядуус гэгдэж, цагаан хоолноос өөр юм хоолойгоор нь давдаггүй байх гэж бидний боддог энэтхэгчүүд жилд иддэг махаараа хоёрдугаарт ордог байх нь сонин. Олны олон таван цэн гэдэг нь энэ байх. 

Гэтэл манай орны хувьд дээр дурьдсан улсыг бодвол хүн амын тоо цөөн төдийгүй, өсгөж үржүүлж буй малын тоо харьцангуй их. Өөрөөр хэлбэл, 2.9 саяд 50 сая мал гэсэн үг. Энэ тоог харсан хэн ч тал дүүрэн бэлчсэн малтай манай улсыг хэрэглээгээ бүрэн хангаж, үнийн хөөрөгдөл гэдгийг мэдэхгүй улс л гэж харахаар үзүүлэлт шүү. 

Гэвч энэ бол цаасан дээр хараар бичсэн тоо. Угтаа бол бид хаана ч байхгүй бага үнээр мах идэх боломжтой улс. Өдгөө энэ нь мөрөөдөл болж. Эртний л махсаг монголчууд махгүй хононо гэдэг асуудал. Гэтэл энэ завшааныг овжин ашиглаж, олны ходоодыг атгасан хэсэг хүмүүс өдгөө үнийн хөөрөгдлийг цэцэглүүлээд удаж буй. Эрх мэдэл их, эрх ямбатнууд энэ тал дээр юу хийж гийгүүлсэн юм бүү мэд. Арай ард талд өөрсдөө ахиад “нэм нэм” ашиг наашаа гээд арзайгаад сууж байдаг юм биш биз. 

Нөгөөтэйгүүр Монголчуудын махны үнээ тогтвортой барьж чадахгүй байгаа нь тансаг хэрэглээнд хэт туйлширдаг зантай холбоотой байж мэдэх юм. Цагаан будаа, тахиа шувууны мах, тансаг хоол хүнс гэхчилэн ихэнх бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирдэг манайхан дотоодын үйлдвэрлэлээ дэмждэггүйн улмаас хамгийн хямд байх мах тэнгэрт хадсан байж мэдэх юм. 

Хөндлөнгийн хүн хэлэхээс нааш зовж зүдэрч яваагаа тоодоггүй, хэнэггүй монголчууд махны үнэ нэмэгдэхэд харин тун дургүй. Гэхдээ л монголчууд махаа идсэн хэвээр. Жилийн жилд махны үнэ байнга нэмэгдэж ирсэн ч бидний хэрэглээ өссөөр байна. Учир нь багцаагаар 350 мянга орчим ууц айлын ширээ чимж, 200 мянга орчим махаар наадамладаг. 

2013 оны долдугаар сарын 17-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.7 хувь, адууны махны үнэ 2.9 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, ямааны болон үхрийн цул махны үнэ өөрчлөлтгүй. Харин өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай мах 0.2 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.8 хувь, ямааны махны үнэ 0.6 хувиар өссөн байна. Үхрийн цул махны болон адууны махны үнэ өөрчлөлтгүй гэв. Гэвч энэ бол бодит тоо биш, бодит байгаа ч үгүй. Цаашдаа ч нэмэгдэнэ. 

Угтаа бол малчдаас 1500-2000 төгрөгөөр зарагдаж буй махыг ченж гэх шулаачдын гараар дамжуулах бус, шууд иргэдийн гарт хүргэхэд сайд дарга нар ажиллавал хэн хэндээ ойр тусах болов уу. 

Мах ба ханш 

Нийт 12 салбарын 326 төрөл зүйлийн бараа, үйлчилгээний жагсаалтаар монголчуудын хэрэглээг тодорхойлдгийн дотор мах жин илүү дардаг аж. 

Хэрэглээний үнийн индексийн савлагааны 30 хувийг мах дангаараа хөдөлгөдөг. Иймээс төгрөгийн ханшийг барихын тулд “Нөөцийн мах” гэдэг зүйл бодож олжээ. Гэтэл “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр зах зээлийн жамаараа мах үнэд орвол засаг төр хямд зардлаар бэлтгэж, хадгалуулсан ясны шөл ч гарахааргүй махаа борлуулж, махны үнийг хөөрөгдүүлж цаашлаад төгрөгийн ханшийг барихад хүргэсэн. 

Махны үнээс үүдэлтэй төгрөгийн ханшийг Монголбанк тогтоох гэж тэмцэж буй арга нь нэг л гажигтай. Тэднийг төгрөгийн ханш барьсангүй гэж зэмлэх улс төрчид ард түмний өмнө нигүүлсэнгүй царайтай. Энэ хоёр хоёулаа буруу гэж хашгирах тэмцэгчид бидний нүүрэн дээр баатарлаг төрхтэй. 

Овжин нь хальсан ченж 

Махны худалдагч нийгэмдээ нөлөө бүхий нэгэн байсан цагт Улаанбаатарчуудын хэрэглээнд зориулж өвөл 5000 тонн мах нөөцөлдөг байж. Нам засгаас жил бүр малаа 25 сая толгойд хүргэх чухал зорилт дэвшүүлдэг ч мал аж ахуйн орны иргэд мах, махан бүтээгдэхүүнээр байнга гачигдана. Нэгдэл задарсны буянаар малын тоо гялалзтал өссөн ч мах бэлтгэлийн систем нийгэмтэйгээ хамт задарлаа.

Ардчилсан үндсэн хуулиараа малыг төрийн хамгаалалтад авсан ч монголчууд тэднийгээ алж иддэг зуршил нь өөрчлөгдсөнгүй. Тиймээс энэ хэрэгцээг нь дагаад нийлүүлэгч гарч ирлээ. 

Махны ченж хийдэг бизнесийнхний талаар хэдэн зүйл олж мэдэх гэхээр “хараал иддэг” ченжүүд зугтах маягтай байх юм. Монголд өдгөө ажиллаж буй 40 орчим махны үйлдвэр ч эдний гарыг хардаг аж. 

Гэхдээ тэднийг нийгмээрээ хараадаг. Чухамдаа бол, өөрөө хамаг эрсдлээ үүрээд хотын хүн амыг махаар хангадаг улсыг магтахгүй юм аа гэхэд муу хэлэх тэнэг л дээ. Уулын амаар нэг тарсан малчид мөнгөний хэрэгцээ гарлаа гээд ганц хонь туугаад хот орвол ямаан дээрээ тэмээний гарзтай. 

Гэтэл өөрийнхөө зардлаар хотонд нь бэлэн мөнгөтэйгөө ирээд малыг нь авч тус болдог ченжүүдэд малчид хүртэл ам муутай. Хэдэн сараар айл айлаар орж ганц нэгээр нь цуглуулсан малаа нядалж янзлаад лангуун дээр хүссэн зоргоор нь дэлгэсэн байхад худалдан авагчид бүр их үзэн ядна. Гэхдээ тэд иймхэн юманд шантрах улс биш. Амьдралаа залгуулах энэ аргаа улам бүр нарийсгаж өөр өөрийн систем бүрдүүлжээ. Түүний ачаар бид хэтэвчнийхээ хэмжээгээр махаа зооглосоор удлаа даа. Цаашдаа ч ийм байх биз. 

Нөлөөллөөс дээгүүр малчид 

Монголын махны жилийн хэрэглээний 80 хувийг Улаанбаатарчууд, 20 хувийг бусад суурин хэрэглэдэг бол малчид 90 хувийг нь хүртдэг байна. 

Уг нь ерээд онд гурил будаагаар малаа сольдог байсан малчид шинэ зууны эхээр бэлэн мөнгийг илүүд үзэх болж улмаар наад захын ахуйн хэрэгцээгээ нь хангаад иржээ. Харин гаднаа тавган антенн, салхин генератор, машин унаатай малчинд мөнгө чухал болж малынхаа үнийг нэмсэн бололтой. Мөн малын гол түүхий эдийн нэг арьс, нэхийний үнэ сүүлийн нэг жилийн дотор бараг хэлбэлзэлгүй өндөр хэвээр байлаа.

Ийм мөнгө нөмөрсөн малаа хэн ч хямд өгөхгүй. Монголын арьс ширийг өндөр үнэлж буй Хятадын зах зээлийн нөлөөгөөр мал үнэд орсноор малчид хожиж, харин хэрэглэгчид гонсойв. 

Нөлөөгүй төр

Махны үнэ төгрөгийн ханшийг тогтоодог. Үүнийг захын улс төрч зурагтаар яриад сурчихсан. Харин тэд хэрэглэгчдийн өмнөөс махны ченжүүдийг хараахаас өөрийг хийсэн нь бараг үгүй. 

Адаглаад аль 2004 онд Махны холбооноос санаачилсан Малын биржийн асуудлыг өнгөрсөн жил нэг ярьсан ч сонгуулиар оноо алдахаас эмээж “малчидтай зөвлөх” нэрээр бас л хойшлуулсан. 

Үнэндээ улс төрчид энэ зун хөдөө очоод мөнгө амалж, хөөрөг солилцохоос өөр юм хийхгүй. Нөөцийн махнаас өөрөөр хянаж чадахгүй байгаа махны зах зээлийг огт баримт судалгаагүй төр барьж төгрөгийн ханшийг, цаашлаад монголчуудын амьдралыг өөд татах нь юу л бол. 

Ер нь энэ салбарт бидний мэдэхгүй юм маш олон. Өнгөрсөн жил америкчууд Монголын махны зах зээлийн талаар судалгаа хийхдээ манайхантай уулзаж аман мэдээлэл авахын оронд өөрсдөө гардан судлахыг илүүд үзжээ. Учир юунд вэ гэвэл, манай махны зээлийг эзэгнэгчид бүгд худлаа ярьдаг. Улсын чанартай бүртгэл тооцоо нь ч эргэлзээтэй болоод тэр.

Ж.Эрдэнэчимэг