Tөр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээх, мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудал ойрын үед олон нийтийн анхаарал татсан сэдэв болоод байна.

Уг нь өнгөрсөн 11 дүгээр сард энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 24 гишүүн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, энэ оны долоодугаар сарын 2-нд УИХ-д өргөн барьсан юм.
Тогтоолын хүрээнд Ю.Цэдэнбал агсны гэр музейг байгуулах, түүний улс төрийн хэлмэгдлийг цагаатгах, мэндэлсний нь 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ. Улмаар тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсны дараа 11 дүгээр сард анх удаа байнгын хороогоор хэлэлцсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлцэгдсэн уг асуудалд гишүүд нэлээд ач холбогдол өгч байв. Гишүүд Монголын нийгмийн хөгжлийн хагас зуун жилийн түүх энэ хүний ажил, амьдралтай салшгүй холбоотой тул түүхэн үнэнийг бодитоор нь үнэлж цэгнэх, алдаа оноог дэнсэлж нягтлах, залуу хойч үедээ сургамж болгох үүднээс Ю.Цэдэнбал агсны нэр төрийг сэргээж, алдар гавьяаг мөнхжүүлэх, мэндэлсний нь 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж байсан юм.
Гэтэл үүнтэй зэрэгцэн Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээнэ, сэргээхгүй гэх асуудал өрнөж, сүүлдээ халз мэтгэлцээн хийхээр болоод амжив. Тодруулбал, “Нэг Монгол” ТББ-ын дэргэдэх “Нэг Монгол нэг зүгт” хөдөлгөөн гээчээс өнөөдөр “Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх нь зөв үү” гэсэн сэдвээр халз мэтгэлцээн зохион байгуулах аж. Тус халз мэтгэлцээнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан нар оролцох юм байх. Ийнхүү эрх баригч, сөрөг хүчин хоёр намын төлөөлөл Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх эсэх асуудлаар халз мэтгэлцээн зохион байгуулна гэсэн нь олон нийтийн дургүйцлийг багагүй хүргээд байна. Ямартай ч олон нийт энэ асуудалд таатай хандахгүй байгаа бөгөөд өөр хийх ажил алга уу гэх зэргээр шүүмжилж байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй Ю.Цэдэнбал “Монголын түүхэнд гавьяатай хүн, Орост Монголыг нэгтгэх гэсэн урвагч” гэх зэргээр талцсан хэрүүл цахим ертөнцөд өрнөх болсон. “Юмжаагийн Цэдэнбал” гэсэн интернэт хайлтад “Википедиа”-д “Юмжаагийн Цэдэнбал нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын удирдагчдын нэг байжээ. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар. Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. Есөн жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долоодугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв. 1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны зургаадугаар сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм. Мөн зарим түүхийг гуйвуулагчид Ю.Цэдэнбалыг өөрийн төрсөн Давст уулыг Оросод худалдсан,Оросод дагаар орохоор санаархаж байсан хэмээн ярьж бичдэг ч түүх нэгэнт няцаалт өгсөн.
1984 оны наймдугаар сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авч ирж, Алтан өлгийд оршуулжээ” гэх мэдээлэл гарч ирнэ. Тэгвэл түүхчид энэ асуудалд өөр өөрийн өнцгөөс хандсаар ирсэн байдаг. Ямартай ч Ю.Цэдэнбал нэгэн үе Монголын төрийг удирдаж явсан гэдэг нь үнэн. Тэгвэл өнөөдөр энэ хүний нэр төрийг сэргээх эсэх нь улстөрчдийн намтар гоёх уралдаан эсвэл ямар нам эрх барьж байгаа зэргээс хамаарах болсон гэхэд хилсдэхгүй. Магадгүй түүний нэр төрийг сэргээвэл ирэх 2016 онд хэсэг нөхөд намтартаа “Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээсэн” гэж бичих магадлалтай.
Сэргээсэн үгүй аль нь боловч монголчууд өмнөх түүхээ үгүйсгэсээр ирсэн. Харин үүнд түүхчид бус улстөрчид гол буруутан болно гэчихвэл нэг их хилсдэхгүй. Учир нь Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх, хөшөөг нь буулгах асуудал яригдаж түүний хийж бүтээснийг ч мөн л адил үгүйсгэсэн. Уг нь ямар ч улс үндэстэн өөрийн удирдагчидаа сайн муу байсан ч өмгөөлдөг, хамгаалдаг. Эх орноосоо урваагүй, зугтаагүй л бол чээжээрээ хамгаалдаг нь нууц биш. Гэтэл Чингисийн үр сад гэж чээжээ дэлдэх хэдий ч өдгөө түүний нэрийг булаалдаж, сайн муу хэмээн амны зугаа болгох. Нэгэнтээ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Монголчууд бид төр барьж байсан хүмүүстэй хатуу” хэмээн чин үнэнийг хэлсэн байдаг. Хэдийгээр хатуу ч гэлээ ядаж үхсэн хүмүүсээ араар нь ингэж шоуддаггүй байвал гэж бодогдох. Уг нь монголчууд үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүйг хичээдэг ард түмэн. Тэгвэл ядаж үхсэн хойно нь ясыг нь өндөлзүүлэхгүйг бодож Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх асуудлаар шоу бага хийгээсэй.
Г.НАРАН

 

Эх сурвалж http://www.info.mn