Намар намарт хэдэн мянган оюутан их, дээд сургуульд элсэж,  хавар хаварт хэдэн мянган “дипломтонгууд” төгсөж байна. Дээхнэ үедээ бидний ээж, аавын оюутан ахуйд дээд боловсролтой хүмүүс үнэ, цэнэтэй байж.

Арга ч үгүй биз. Гарын таван хуруунд багтах улсын их, дээд сургуультай, тэдэнд нь цөөн хэдэн оюутан суралцаж, чанартай ч төгсдөг байж.

Гэтэл өдгөө хүн бүр бакалаврын диплом бүр цаашлаад аль нэгэн мэргэжлээр магистрын дипломтой болохоор чармайх болжээ. Ганц бакалаврын дипломоор гайгүй ажилтай болж чадахгүй юм байна, яаж ийгээд л магистр болчихъё гэсэн бодолтой болчихсон. Үнэхээр ч хүн бүр бакалаврын дипломтой юм чинь магистр хамгаалчихвал тэднээс арай л ялгарч харагдана. Ажил олгогч байгууллагууд ч төгссөн сургууль, гадаад хэлний мэдлэг, мэргэжил дээшлүүлсэн байдал зэргийг хардаг болсон цаг болохоор аргагүй биз.   

 Дэлхий дахинаа боловсрол үнэ орохын хэрээр манайд үнэгүйдэж байгаа юм шиг санагдана. Дэлхийн томоохон гүрэн АНУ-д л гэхэд оюутнууд нь хичээлийн хажуугаар ажил хийж, сургалтын төлбөртөө нэмэрлэчихнэ. Өөрөөр хэлбэл, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажил дээр гарах бэлтгэлээ ийнхүү хийдэг гэнэ. Гэтэл манайд цагийн ажил хийдэг оюутан хэд байгаа бол? Үгүйдээ л хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө олъё гэх чин сэтгэлтэй залуус хэр олон бол?

  Манай улсад төрийн өмчит болон хувийн хэвшлийн 160 гаруй их, дээд сургууль мэргэжилтэн бэлтгэж байна. Эдгээр сургуульд ойролцоогоор жилд 37000 мэргэжилтэн бэлтгэгдэн төгсөж байна гэсэн судалгаа бий.

Энэхүү зах зээлдээ ахадсан олон хувийн их, дээд сургуулийн  шалгуур ердөө л  дунд сургууль төгсөж, бүрэн дунд боловсролын үнэмлэх авсан байхад л болох юм байх. Тэд сургууль төгссөн гэрчилгээгээ Ерөнхий Шалгалтын оноотойгоо авч ирээд л бүртгүүлчихдэг болсон.  Сургуулиуд босго оноогоо тогтоодог ч түүнд хүрэхгүй нэг нь хандив нэрийн дор хэдэн төгрөг өгөөд л ордог болсон гэх.  

Ингэж сургуульд орсон залуус  дөрвөн жилийн дотор оюутан хэмээх нэрийн дор сурсан ч юм шиг, сураагүй ч юм шиг төгсөх нь цөөнгүй.  Дөрвөн жилийн дараа сургуулиа төгсөж диплом өвөртөлсөн залууст ажлын байр гэх том асуудал тулгарна. Ажил олгогчийн зүгээс мэдээж өндөр шаардлагатай. Дээрээс нь танил талаараа ажилд ордог увайгүй зан бидэнд бүр хэвшил болчихсон. Тэр нэгэн даргын эсвэл эрх мэдэлтний хамаатан,  төрөл садан, найз нөхдийн хүүхэд л биш бол ажилд орох амаргүй даваа. Мөн шинэ төгсөгчид дадлага, туршлагагүй гэх шалтгаанаар ажилд тэнцэхгүй байх нь олонтоо.

Ингээд л өнгө өнгийн дипломтой, дээд боловсролтонгууд жил бүр олширсоор байна. Эдгээрийн цөөнгүй хэсэг нь бусдын хүүхдээс дор орчихгүйн тулд сургуулийн хаалга татаж байна гэхэд хилсдэхгүй биз. Дээд сургуулийн диплом эзнээ насаар нь тэжээж байхад насаараа шилэн хоргонд залрах диплом ч цөөнгүй байгаа юм. 

Б.Хорлоо