Монголд тээгч эх болвол 25 саяас гурван өрөө байрны ханштай гэнэ. Гэхдээ энэ ханш албан ёсны бус үйлчлүүлэгч, тээгч эх хоёрын харилцан тохиролцооноос гарсан аж. Монгол Улсад донорын тухай хууль байгаа ч тээгч эхийн тухай нэг ч заалт төдийгүй үг өгүүлбэр байдаггүй гэнэ. Тиймээс тээгч эхийн асуудал хөшигний ард тохиролцоон дээр явж байна. Өнөөдөр тээгч эх ямар үнэтэй вэ гэхэд нэг хэсэг нь манайд тийм юм байдаг уу гэж гайхах бол нөгөө хэсэг нь ойролцоогоор 150 орчим сая төгрөг гэж хариулна. Далд боловч ил болчихсон энэ асуудлыг хуулиар зохицуулахгүй бол үүний цаана хүний наймаа, хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэх баталгаа байхгүй.

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясахын хэлж буйгаар тээгч эх гэх асуудлыг нэн даруй хуулийн зохицуулалттай болгох хэрэгтэй.Судалгааны явцад авсан мэдээллээр урд хөрш рүү жирэмсэн гарсан эх эргэж ирэхдээ хүүхэдгүй ирэх тохиолдлууд гарч байгаа. Энэ нь хүний наймааны асуудал ч дагаж байгааг үгүйгэхгүй гэсэн байна.

Тэгэхээр тээгч эхийн талаар төрийн бус байгууллагынхан л анхаарал тавьдаг. Гэвч тэдний хувьд зохицуулаад хамгаалаад, хяналтандаа аваад явах эрх зүй, эдийн засгийн чадамж байхгүй. Дэлхийн бусад улс оронд тээгч эхийн эрх үүргийг хуулиар зохицуулж, тусгайлан эмнэлэг байгуулсан байдаг аж. Ингэснээр тээгч эхийн амьдралын баталгаа, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх. Хүний наймааны золиос болохоос хамгаалдаг аж.

 

Үр хүүхэд болохыг хүссэн, үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үргүйдлийг эмчлэх гээд энэ төрлийн мэдээлэл цахим ертөнцөд тавигдахад доор нь тээгч эх болох хүсэлтэй бүсгүйчүүд өөрийн мэдээллийг холбоо барих утасны дугаартай оруулсан байна. Зарим нь гэр бүлээрээ энэ асуудлыг шийдлээ. Бидэнд өрнөөс гарах, амьдралаа өөд татахад үүнээс өөр зам байгүй хэмээн аргаа барьсан зарууд ч их байна.

 

Ийм зарын дагуу 8814.... дугаарын утсанд холбогдлоо.

 

-Сайн байна уу. Тээгч эх болно гэсэн зарын дагуу ярьж байна?

-Сайн байна уу. Тийм байна. Тээгч эх болохоор шийдсэн 25 настай бүсгүй байна.

 

-Миний хувьд үр хүүхэд болж чадахгүй байгаа юм. Тээгч эх болоход ямар үнэтэй байна. Өмнө нь төрж байсан уу?

-Би нэг хүүхэдтэй хэвийн төрж хүүхэд минь эрүүл саруул бойжиж байгаа. Та надад ямар үнэ санал болгомоор байна, харицлан ярилцлаж байгаад тохиролцоно. Би анх удаагаа ийм ажил хийх гэж байгаа юм.

 

-50 сая төгрөг гэвэл хүлээж авах уу?

-50 сая боломжгүй. Уулзаж ярилцаж байгаа үнээ тохирч болно. Манай гэр бүл өртэй болсон болохоор л нөхөр бид 2 ярилцаад ийм ажил хийхээр шийдсэн. Өрийг минь шийдэх хэмжээний төлбөр төлбөл болно.

 

-За тэгвэл эргээд ярилцъя.

8844.... дугаартай 18 настай гэх дугаарт холбогдлоо.

 

-Сайн байна уу тээгч эх болно гэсэн зарын дагуу ярьж байна?

-Сайн байна уу тийм байна. Та хаанаас ярьж байна.

 

-Би хотод байна. 18 настай гэсэн байна. Өмнө нь төрж байсан уу. Ямар үнэ ханштай бол гэдгийг мэдэх гэсэн юм.?

-Нэг удаа төрсөн одоо хүүхэд минь 1,6 настай. Тээгч эх болж өөртөө болон үр хүүхэдгүй зовлонтой байгаа хүмүүст туслах гэсэн юм. Нөхөр нас барчихсан орох орон байргүй байгаа. Үнэ хөлсийг уулзаж ярилцаад тохирч болно. Шаардлагатай гээвэл эрүүл мэндийн үзлэгт орно.

 

-Үнэ ханш судалж байна. Боломжийн санал хэлбэл уулзая.

-Байртай болгоод өгвөл болно. Би бас IQ-гаа шалгуулж баталгаажуулсан. Үүний ч бас харуулж болно.


 

Тээгч эх болно гэсэн утас руу залгахад иймэрхүү зүйл ярьж байна. Мөнгө хэрэг болсон, өртэй гэсэн шалтгаанаар тээгч эх болох замыг бүсгүйчүүд сонгожээ. Мөн гэр бүлээрээ ярилцаад эхнэрийн биеийг ашиглаж мөнгө олох гэсэн хүмүүс ч байна. Тээгч эх болохоор зар өгсөн нэгэн бүсгүй “Би худлаа хэлж хулгай хийгээгүй. Үр хүүхдийн мөрөөсөл болсон гэр бүлд аз жаргал бэлэглэх гэж байна. Зарим хүмүүс худлаа янз бүрийн юм асуугаад байн байна залгаад шалгаад байдаг. Үүнээс болж утсаа ойр ойрхон солих хэрэг гардаг. Үнэхээр үрийн хүсэл мөрөөсөл болсон хүнд тус болоод өөрийнхөө санхүүгийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэж байв. Нийгэмд энэ төрлийн үйлчилгээ нэгэнт бий болсон, үйлчлүүлэгч ч байдаг хойно хууль санаачлагчид хүний эрхийг дээдэлсэн хуультай болгох өгөх цаг болжээ. Амьдрал доройтох тусам ийм аргаар мөнгөтэй болох гэсэн эмэгтэйчүүд улам л нэмэгдэнэ. Эрэлт нь бага болохоор тэд гадаадын хүмүүсийн саналыг хүлээж авна. Үүний дараа харин юу болохыг хэн ч таахын аргагүй.

Хүний амьдралын утга учир, энэ амьдралын үргэлжлэл болсон үр хүүхэд гэр бүлд аз жаргал авчирдаг. Хүүхдийн цангинасан дуу, бойтогны хонхны чимээ дутсан айлд баяр бэлэглэх боломжийг олгосон, тээгч эхийн эрхийг хамгаалсан хуулийг санаачлахыг парламентын эмэгтэй гишүүдэд уриалмаар байна.

 

Б.Санчир

Эх сурвалж: TIMES.MN