“Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй” В.Гюго

Аливаа улс орны нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг, хөдөлгөгч хүч нь залуучууд байдаг. Залуучууд л худал хуурмаг, болохгүй, бүтэхгүй бүхний эсрэг тулан зогсож, тэмцэгч байж гэмээнэ улс орныг өөрчилж, шинэчилж чаддаг. Таг дүлий төр, засгийг сонсгол ортол нь хашгирч, дуу хоолойгоо хүргэж, хэзээд үнэний талд зогсох тэр их эрч хүчийг залуучуудаас л харж болно.

Өнөөдөр Монгол улсыг нилэнхүйд нь бүрхэж, захаас нь шүүрч, замаас залгиад эхэлсэн сүйрэл мөхлийн сүүдэр, хүн ардын хар бараан амьдралд залуучууд л цэг тавьж чадна. Залуу хүнд зорилго бий, итгэл бий мөн сэтгэл бий. Улс орныг бузар буртагаас нь цэвэрлэж, муу муухайг нь үлдэн хөөж сад тавин урсах ёстой тэр их ус өнөөдөр хаана хашигдана вэ. Монгол улсыг залуусын орон гэдэг. Нийт хүн амынх нь 70 орчим хувийг 16-35 насны залуучууд бүрдүүлж байна.

Залуус давамгайлсан улс орон гэхэд нэг л унтаа, сульдаа, идэвхгүй, сул дорой болчихсон уруудаж буй орны л дүр зураг хөврөх юм. Эрч хүчтэйгээр улс орныхоо төлөө өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил, мэдлэг боловсролынхоо төлөө тэмүүлэгч байх ёстой залуу үе яачихсан юм бэ. Худал хуурмагийг сөрөн зогсох биш урсгал даган хөвөх зомгол мэт байх нь Монголын залуусын сонголт болсон юм гэж үү. Зүгээр суусаар өөрт хамаатай гэсэн бүхнээ алдчихаад тэвчээртэйгээр сайн цаг ирнэ гээд юу ч хийхгүй горьдлогтойгоор хүлээгээд суугаад байвал бүх юм болчихно, бүтчихнэ гэж бодсон уу.

Залуучуудаас өөр хэн тэгээд нийгмийг өөрчлөх юм бэ. Хэн тэгээд улс орныг сүйрүүлж буй, муу муухай, бузар булайн эсрэг тэмцэж цэг тавих юм. Өнөө маргаашаа л аргацаасан амьдралаар тэгээд хэр хол явцгаах вэ залуучуудаа. Тэмцдэггүй улс мөхдөг гэдэг. Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг нь ийм сул дорой байхад Монгол улс ийм дампуу байх нь арга ч үгүй биз дээ. Болж бүтэхгүй бүхэнтэй эвлэрээд аялдан дагалдаад, хүлээн зөвшөөрөөд явна гэдэг залуу хүний хувьд байж боломгүй маш том гутамшиг шүү дээ.

Залуучуудад урт удаан амьдрал байна. Хийж бүтээх их цаг хугацаа байна. Залуу хүнд гэрэл гэгээтэй ирээдүй бас байна. Ядаж түүнийхээ төлөө зүтгэх зүтгэл гэж байна уу. Ийм идэвхгүй, сул дорой, хүлцэнгүй байж яаж улс орныг цаашид авч явах юм бэ.

Та бүхнийг улс орны ирээдүй хойч гэж хөөргөчихөөд, хөгийн жаахан, хүсэл мөрөөдөл ч үгүй амьтан болгочихсон байна шүү дээ. Өөрсдийгөө нэг сайн харчихаад дараа нь толгойгоо өндийлгөөд улс орноо нэг хардаа. Та бүхний амьдарч ажиллаж, цааш нь авч явах ёстой тэр Монгол өнөөдөр яачихсан байна вэ. Монголдоо л сайхан амьдрана гэдэг чинь мөрөөдөл болж, мөнгөөр хэмжигдэх л болчихоод байна даа. Монголын төлөө хэзээд тэмцэж, улс орныхоо сайн сайхны, хөгжил дэвшлийн талд бат зогсох ёстой залуу үе өнөөдөр яажшуухан амьдарч, Монголын нийгэмд яг ямар үүрэгтэйгээр оролцоно вэ.

Эсвэл ямар ч үүрэг хүлээдэггүй юм уу. Монголын залуусын эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг нь сайн мэдлэг боловсрол эзэмшиж, улс орныхоо төлөө мэддэг, чаддаг бүхнээ зориулах л баймаар. Төр ч өөрийн үүргээ биелүүлж хүн төрөлхтний тэр л баталгаатай мэдлэг боловсролыг хүүхэд залуучуудад олгож, мэдсэн мэдлэгээ улс орондоо зориулах бүх нөхцөл, боломжийг нь бүрдүүлж, амьдрах баталгааг нь хангаж өгмөөр л байлтай.

Өнөөдөр Монголоор дүүрэн байгаа их, дээд сургуулиудад хэдэн зуун мянгаараа сурсан нэр зүүцгээж, төгссөн болж нэг диплом нэрт цаас өвөртөлсөн, мэдсэн мэдлэг байхгүй, ажилгүй, орлоггүй, харь улсын хар ажил мөрөөдсөн залуус хөлхөлдөнө. Тэд ийм байгаатайгаа дэндүү гэмээр эвлэрчихсэн. Мэдлэг олгох байгууллагууд нь дампуурчихсан. Мэдлэг гээд заасан бүхэн нь хаана ч хүчингүй. Арга ядахдаа харуул манаа, худалдагч, зөөгч гэсэн Монголын залуучуудад төрөөс нь гарган өгч буй ажлын байран дээр л бууна. Хамгийн сайн сонголт нь гадны аль нэг улсын хүнд хүчир ажлыг хийж амиа зогоож, өвчинд баригдах л тэр л зам болно.

Архи тамхи, элдэв янзын комьютер тоглоомд донтон, гадны элдэв янзын шашны золиос болсоор Монголын залуу үеийн тархи маш ихээр гэмтжээ. Юуг ч шинээр хүсэхгүй, ямар зүйл үнэ цэнэтэйг мэдэхгүй, өөрсдийнхөө цаашлаад улс орныхоо төлөө ажиллаж, амьдрахад юу шаардлагатай, хэрэгтэй талаар ямарч ойлголтгүй, юу ч мэдэхгүй байна шүү дээ. Өнөөдөр Монголын залуучууд энэ төр засгаас хүсэж, шаардах зүйл огт байхгүй, юм гэж үү. Бүх зүйл нь болж бүтэж байгаа хэрэг үү. Хаана ч хүчинтэй дэлхийн мэдлэг боловсролыг олж авч чадаж байна уу.

Яагаад өндөр мэдлэг боловсрол эзэмших бололцоог хангаж өгөхгүй байгааг төрөөсөө асууж, шаардах хэрэгтэй биздээ. Яагаад залуу хүмүүс эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөлгүй болж харь улсад хар ажил сонгох болсныг төр засгийн толгойд буй нөхдүүдээс асуух хэрэгтэй биз дээ. Ажил хөдөлмөр, амьдралын баталгааг нь төр хангаж өгөх үүрэгтэй. Түүнийгээ ч залуучууд шаардах ёстой юм. Монголын залуу үе хүсээгүй бүхнээ хийж, эрчүүд нь харь орны хар ажил, эмэгтэйчүүд нь харь орны эрчүүдийн мөнгөний дор сөхөрч цусаа бузарлах болсныхоо шалтгааныг ч тодруулах хэрэгтэй.

Залуучууд яагаад ийм болсондоо дүгнэлт хийж, нэг удаа ч болов бодож үзсэн болов уу. Монгол залуучуудын орон гэхэд арай л биш байна даа. Ийм дорой, хүлцэнгүй, ноомой байна гэдэг хашаанд хашигдаж, үхлээ хүлээх гарын тэжээмэл амьтдаас ялгаа юу байна. Ямар ч тэмцэлгүй амьдрал өөрөө утгагүй. Одоогийн залуус насан өндөр болтлоо Монголд л амьдрах нь тодорхой юм. Бүгд л цагаачлаад улс орноо орхихгүй нь тодорхой.

Тийм байж улс орон нь сүйрч, амьдрах нутаг нь цөлмөгдөж, ирээдүйн амьдрал нь сүйрч байхад улс төржихгүй гээд уугаад идээд унтаад яваад байх зөв явдал уу. Ард түмний амьдрал хэзээд улс төрөөс ихээхэн хамааралтай оршдог.Улстөрждөггүй, олигтой юм ч сурч боловсордоггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, архи тамхи, компьютер тоглоомд туйлын дуртай, задгай замбараагүй гэдэг нь ноёлсон залуучууд хэзээ Монголын төлөө залуу үе гэж хэлд орж хэдэн үг шулганаж чадах юм болдоо

 

А.Ганбаатар