Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баярын дурсамж нийтлэлүүдээс цувралаар танилцуулж байна.

Арав хүртлээ би "гахай" Баяр гэж хочлуулдаг, цулцгар цагаан хүүхэд байлаа. Тарган хүүхдийн зовлон их. "Гахай", "мантуу" гэж хочлох нь наад захынх. Өнгөтэй өөдтэйг минь булаах гэнэ, өгөхгүй гэвэл гөвнө. Үгүйдээ л араас амбаардчихаад зугтаана. Хойноос нь хөөгөөд гүйцэх биш. Гүйцлээ ч хариугаа авах зориг дутна. Тарганаа дагаад аймхай болдог аж. Аль нэгэнтэй маргалаа гэхэд чиний зөв байсан ч тарган учраас чи л буруутай. Хөвгүүд дээрэлхэнэ, охид үл тооно. Бүгд нийлээд шоолно. Тарган хүүхдийн зовлонг багадаа тарган байсан хүн л ойлгоно.

Байнга дээрэлхүүлсээр байгаад өөрийгөө үргэлж голдог болно. Хамгийн ноцтой нь үүндээ дасаж эхэлнэ. Дээрэлх үүлэх тусмаа ийм л байх ёстой юм байлгүй гэсэн арчааг үй хандлагад аяндаа автана. Боолын ийм сэтгэлгээтэй явсаар хамаг амьдралаа барах хувь заяа тохиосон бол яана гэж бодогддог байв. Тэгвэл үүнээс илүү эмгэнэл гэж юу байх билээ.

Эмгэнэлт ийм хувь заяанаас намайг аварсан хаврын нэгэн өдрийг би мартдаггүй юм. Аварсан ч юу байхав, аврах эхлэлийг нь тавьсан, эр хүн болох замыг минь заасан гэвэл илүү онох байх. Бага сургуулийн сурагч байсан үе. Эмээ цэргийн баярыг тохиолдуулан миний дуртай интоорын компоотыг орос дэлгүүрээс авахуулахаар хүн хард захижээ. Түүнийгээ нөгөө айлаас нь очиж авчихаад, булаалгачихгүй гэсэндээ өвөртөө гүн далдлан, сэмхэн алхаж явтал гай газар дороос гэгчээр нэгэн этгээдийн нүдэнд би өртөөдөхөв.

-Хөөш, "гахай" Баяр, нааш ир! гэж савлуур дээр буй нэгэн банди намайг дуудлаа. Би түүнийг зүс муухан мэдэхээс цаашгүй бөгөөд долдугаар гуанзны хойд байрны Бат-Үүл хэмээх өсвөрийн хулигаан гэсэн сураг л дуулсан байв. Цаанаа л нэг этгээд зэвүүн, навтгар хамартай тэр нөхөр намайг таниад, бүр хочоор минь хүртэл цоллон дуудаж байдаг. Тэр хавьд эргэлдэх бацаануудаас нэр гуншинг минь тэрүүхэн зуур асууж мэдсэн ч байж магад.

Би уг нь хэрэндээ муу санаалж, хүүхэд бужигнах газрыг тойрсхийн даялж яваад эрсдэлт бүсээс гардгийн даваан дээр ийн дуудагдав. Даялмар аядсан минь харин ч сэжигтэй харагдсан бололтой. Буруу тактик сонгосноо ойлгоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгдэгнэх намайг навтгар хамарт дахин дуудлаа.

-Хөөш, дөрвөн нүдэт ээ! Нааш ир гэж байна чамайг! хэмээн тэр зандрахдаа миний өөр нэгэн хочийг олонд тунхаглав. "Муухай дээрээ улцан" гэдэг шиг би тарган дээрээ өөртөө томдсон нүдний шил зүүдэг болчихсон байсан үе. Хөлс чийхарч, хамар дээр тохоостой шил доош гулсав. Зугтах байсан бол эхнээсээ л жирсхийх хэрэгтэй байж. Одоо бол оройтжээ. Очихоос өөр зам үлдсэнгүй. Хүрмэн доторх компоотоо доош дарсхийгээд хөдөллөө. Айснаа харуулахгүйг ихэд хичээн савлуурт тулж очив.

Үнэгүй үзвэрийн үнэр авсан байрны бацаанууд тоглоомоо орхин бөөгнөрөв. Таних, танихгүй арваад хүүхэд байна. Бат-Үүл цатгалан муур шиг инээвхийлээд л, жартгар нүдээрээ намайг доогтой ширтээд л, савлуур дээрээ савсаар нэг хэсэг болов. Бодвол "вариант босгох" хувилбараа сонгож байсан биз. Тэгснээ савлуураасаа тап хийтэл тоос манарган үсэрч буугаад, яриа дэлгэв. Тэр ярианаас хойш дөч гаруй жил өнгөрсөн тул бүрэн эхээр нь сэргээн толилуулах аргагүй нь ойлгомжтой. Гэхдээ ярианы ерөнхий агуулга, өнгө аяс нь иймэрхүү байв.

-Сайн уу хө, Баяр аа. Хаа хүрч явна даа?

-Гэртээ харьж...

-Наад өвөрт чинь юу томбойгоод байгаа юм бэ?

-Юу ч байхгүй.

-Байна ш дээ. Нэг юм байна. Энэ томбойж байна. За үнэнээ хэлчих...

-Компоот...

-Воот, зөв. Худлаа хэлэх муухай. Тиймээ, гахай Баяр аа. Ямар компоот юм бэ?

-Вишневый...

-Орос сургуулийнхан ч монголоо мэдэх биш дээ. Интоорын гэдэг юм.

Гаргаад ир. Үзье. Би хүрэмнийхээ цахилгааныг бага зэрэг доошлуулан, савтай компоотныхоо бөөрийг нь цухуйлгав.

-Орос дэлгүүрт гардаг компоот байна, би мэднэ. Дотроо жижигхэн жижигхэн ястай, тийм ээ?

-Тийм.

-Ийм сайхан компоотыг чи арай ганцаараа идэх гэж байгаа юм биш биз. Ганцаараа идсэн гахай яадаг билээ, "гахай" Баяр аа хэмээн түүнийг асуухад тойрон зогссон бацаанууд нирхийн инээлдэв.

Бат-Үүлийн хэлсэн уран санаа, түүний логик гаргалгаа бацаануудад таалагджээ. Тэд хэлснийг нь давтан шуугиж, хөдөлгөөнд оров. Араас минь дэлсээд ч авч байх шиг. Энэ байрны элсэн дээр хамт тоглож өссөн хэд гурван найз минь хүртэл тэдний дунд харагдав. Гэхдээ тэд намайг өмөөрөхгүй, тэдний зүгээс аврал ирэхг үй гэдгийг би мэдэж байв. Би тарган. Бат-Үүл туранхай. Би аймхай. Бат-Үүл эрэлхэг. Үнэгүй үзвэр сайхан. Дээр нь өвөрт буй компоот маань олны хүртээл болох урьдчилсан шинж тодроод ирсэн нь бүр ч сайхан. Улс төр судлалын сурах бичигт үүнийг л "нийтлэг эрх ашиг" гэдэг дээ. Нийтлэг эрх ашгаараа сүрэглэсэн олныг хэн буруутгаж, ямар нь дийлэх билээ.

Бацаанууд шуугилдан дэвхцэж байна. "Гахай Баяр ганц сайхан баригдлаа даа. Ганцаараа идэх гэж байж... Өвөртөө нуучихсан байгаам даа. Дөрвөн нүдэт... муу гахайг хашраах хэрэгтэй, нийлээд балбая" гэх үг, горимын гэмээр тодорхой санал ч дуулдаж эхлэв. Ганц нэг муу хулигаан биш, олон түмэн намайг жигшиж, үзэн ядаж байгаа аж. Би жинхэнэ ангийн дайсан, нийгмийн адгийн шаарын дүрд хувилав.

Тэдний дунд торойн зогсож байсан тэр мөчид иймэрх үү улс төр-уянгын халилд бодол зарах сөгөө байтугай, тийм юм бодох ухааны хэлтэрхий ч надад байсангүй. Хэрэг бишидлээ гэдгийг л би сайн ойлгож байв. Компоотоо алдах нь тодорхой. Гэхдээ компоот ч ёстой яамай. Тарган ч гэсэн биеэ, муу ч гэсэн нэрээ аврах хэрэгтэй боллоо.

-За, одоо компоотоо гаргаад энд задалчих уу даа, Баяр аа. Бид хүлээж байна хэмээн Бат- Үүл маань эелдэгхэн зөвлөж байна. Бяр нь амтагдахаас гадна хүрээлсэн олны хүчтэй дэмжлэг авсан тэр надтай хатуурхах огт шаардлагагүй, зөөлхөн харилцаж зөвлөгөө өгөхөд л асуудал аяндаа шийдэгдэнэ гэж зөв тооцжээ.

-Энэ компоотыг чинь манай эмээ хүнд захиж надад авч өгсөн бэлэг...

-Өө, эмээгийнхээ өгсөн бэлгийг найз нартайгаа хуваах харин ч гоё ш дээ. Чи ганцаараа идэх гээд байгаа юм уу. Арай үгүй байлгүй дээ гэж Бат-Үүл үнэн голоосоо гайхаж буй бололтой, хоёр гараа алдлав.

"Эмээгийн бэлэг" хэмээн би дэндүү жул шалтаг тоочжээ. Харин Бат-Үүлийн хэлсэн санаа, үндэслэл нотолгоо нь бацаануудад минийхээс хавьг үй илүү үнэмшилтэй байсан нь ойлгомжтой. Хамгийн гол нь нийтлэг эрх ашиг, нийгмийн шударга ёсны талаасаа маргаангүй зөв бууж байлаа. Байрны бацаанууд Бат-Үүлийн үгийг улангасан дэмжиж, бүр ч шуугилдав. Намайг ганц нэг шудраад авч байсан бол одоо бүр цохих, өшиглөхдөө хүрч эхлэв. Намайг нийлээд балбах нь гарцаагүй болж таарлаа. Саравчтай малгайг минь хэн нэгэн шүүрч газар чулуудав. Айснаас болж өвдөг чичирч, цавиар халуу оргино. "Арай шээж байгаа юм биш биз" гэж бодогдов.

-Өө, боль боль. Малгай энэ тэрийг нь оролдох хэрэггүй. Нааш аваад аль. Май өмс, Баяр аа гээд Бат-Үүл малгайг минь надад сарвайв. Тэгснээ

-Чи өөрөө л мэд. Би чамтай одоохондоо эвээр ярьж байна гэж тэр сануулав.

-Үгүй! Би өгөхгүй. Авмаар байгаа бол чи намайг зодоод ав. Хоёулаа зодолдъё гэсэн үг миний амнаас гарлаа.

Гэнэт нам гүм болов. "Гахай" Баярын амнаас ийм үг гарна гэж хэн бодох билээ. "Эмээгийн эрх" гэгдэх хулчгар жаал өөрөө хүртэл хэлснээсээ цочив. Хэлснийхээ дараа л чухам юу хэлж зүрхэлснээ ухаарав. Орох нүхгүй болсон хулгананд муурын зориг орно гэдэг энэ. Олны хөлд өчиггүй арчуулснаас нэгтэй нь үзээд үхье гэж хулгана шийджээ.

-Юу? Надтай зодолдох оо? Чи юу? гэж Бат-Үүл сайтар тодруулав. Хоёр чихэндээ тэр итгэхгүй байгаа аж. Царайнаас нь цатгалан муурны инээвхийлэл арчигдсан мэт алга болсон байв. Хорхойд хоргүй хулганаас ийм зориг гарна гэж хулгана өөрөө мэдээгүй байхад анд гарсан муур багш яаж мэдэх билээ.

-Тийм. Хоёулаа халз үзнэ. Дийлсэн нь энэ компоотыг аваг гэж би хариулаад бид хоёрыг бүчин зогсох бацаануудыг тойруулж харлаа. Над руу чиглэсэн олон нүдний харцанд гайхах, бас хүндлэх өнгө аяс тодорчээ. Ийм харцаар намайг хэн ч урьд өмнө харж байсангүй.

Энэ бол эргэлтийн цэг байв. Санаачилга миний гарт ороод ирснийг би мэдрэв.

-Хаана үзэх юм бэ, тэгээд? Энд зодолдох юм уу? гэж Бат- Үүл асууж байна.

-Гадаа дэмий. Хүн харчихна гэв.

-Тэгээд хаана гэж?

-Орцонд оръё. Манай орцонд үзье. Харин олуулаа тийш явахгүй шүү. Хоёулаа яваад л үзье хэмээн зодооны болзоо тохироо хэзээний хийж дадсан хүн шиг би тун ажил хэрэгч санал тавив.

Санаачилгыг гэнэт алдсандаа сааталд орсон Бат-Үүл дуугүй л толгой дохиж байна. Тэр ч, бацаанууд ч үйл явц, уур амьсгалын гэнэтийн огцом өрнөлтийн хурдыг гүйцсэнгүй. Мэл гайхсандаа миний хэлсэн болгоныг тэд хүлээн зөвшөөрлөө.

Бат-Үүл бид хоёр тэднийг орхин, хүнсний 20 дугаар дэлгүүртэй манай байрыг чиглэн хамт алхав. Нөгөө интоорын компоотоо би ил гаргаад барьчихсан байлаа. Цээжин доторх айдсын хар үүл арилж, дотор нэг л уужим саруулхан болчихсон байв. Навтгар хамарт Бат-Үүл, найзын хуншгүй бацаануудад ялагдах нь хамаагүй. Гол нь би өөрийгөө, дотор минь орогносон хулчгар "гахай Баярыг" ялжээ. Үүнийгээ би дараа нь л ухаарсан байх. Харин тэр өдөр бол "Энэ мууд зодуулсан ч яахав, энэ муу компоотыг алдсан ч яахав. Би харин овоо шүү" гэх ухааны юм бодож, дуу аялмаар ч юм шиг, хөл ер бусын хөнгөрчихсөн учраас нисмээр ч юм шиг сайхан байлаа.

Бид хоёр манай орцонд ороод өгсөв. Хоёр, гуравдугаар давхрын хоорондох жижиг талбай хүрээд өөд өөдөөсөө харан зогслоо. Хар айдас сэтгэлийг минь дахин бүрхээд авав. Хоёр өвдөг үл ялиг чичирч байгааг мэдмэгц түүнийгээ нуух гэж гутлын үдээсээ чангалж байгаа дүр эсгэв. Дээрээс хүн уруудаж байгаа нь дуулдлаа. "Манай гэрийнхэн байгаасай" хэмээн тэр хооронд би дотроо залбирав. Биш байлаа. Хажуу айлын хөгшин сав санжигнуулсаар бууж ирж байна. Бат-Үүл бид хоёр болзож уулзаж байгаа хоёр найз царайлаад түүнийг дэргэдүүрээ өнгөр өөв. Айлын хөгшин гадагш гарч, орцны хаалга дор хаагдах чимээнээр Бат-Үүл идэвхжлээ.

-За, наад компоотоо энэ тавцан дээр тавьчих гэж байна. Тэгснээ хамар дээрээс нүдний шилийг минь шүүрч аваад компоотны хажууд тавилаа.

-Нүдний шилийг чинь хагалчихвал гай. Энд байж байг. Нүцгэн гараараа л үзнэ шүү. Хамраас цус гарвал ялагдсанд тооцно. Шатны уруу түлхэхгүй, өшиглөж өвдөглөхгүй. За юу гээд өрж байгаа бололтой хоёр гар нь гозосхийв.

Би хасах дөрвийн шил зүүдэг байв. Шилгүй болмогц хоёр алхмын цаадах бүх юм бүдэг бадаг. Манан дотор Бат- Үүл хөдлөх шиг болонгуут би нүдээ тас аниад өөдөөс нь ухасхийлээ. Хараа муу, нүдээ аньсан ч, нээсэн ч дүндээ дүн л дээ. Хоёр гараа тээрмийн сэнс мэт эргүүлэн би давшилтанд орлоо. Бат-Үүлийн ясан нударга толгой, хацар, цээжин дээр минь бууж байсан ч би тээрмийн сэнсээ зогсоолгүй, хамаг чадлаараа савсаар л байв. Тэгтэл Бат-Үүл гэнэт

-Хөөе, зогсоорой. Хамраас цус гарч байна. Чи харахгүй байгаа юм уу гэж байна. Асуултынх нь өнгө, өгүүлбэрийнх нь өргөлт нэг л сонин. "Би дийлжээ" гэсэн бодол тархинд минь зурсхийн орж ирэв.

-Би сайн харахгүй байна. Би чамайг дийлсэн үү? гэж лавлан асуулаа.

-Тэнэг юм уу, хаашаа юм. Цус гарвал ялагдана гэж яриа биз дээ. Тэнэг юм асуугаад... гэж тэр уцаарлаж байна.

Тавцан дээрээс тэмтчин байж шилээ авч зүүв. Хараатай боллоо. Бат-Үүлийн навтгар хамрын нэг нүхнээс нь цус гарч байна. Би халааснаасаа эмээгийн индүүдсэн нусны алчуураа гаргаж түүнд сарвайв.

-Май, үүгээр арч.

Тэр алчуурны үзүүрийг шүлсээрээ норгоод, навтгар хамраа арчив. Дараа нь бид хоёр орцны чулуун шалан дээр энд тэнд дуссан цусны ганц нэг толбыг гутлынхаа улаар тарааж, арчмар аядав. Ажил ч ерөнхийдөө цэгцрээд ирлээ.

-Май, энэ компоотоо ав гээд Бат-Үүл цонхны тавцан дээр байсан компоотыг минь надад өгөв. Нүүрэнд нь цусны ор мөр үлдсэнгүй. Хамар нь надад яагаад ч юм, тийм ч зэвүүн навтгар санагдсангүй.

Би яах учраа олсонгүй. Зодуулсан хүн яадгийг би сайн мэднэ. Харин зодолдоод дийлсэн хүн яах ёстойг хэн ч надад заагаагүй байлаа. Тийм туршлага надад огт байсангүй.

-Энэ компоотыг хоёулаа хувааж идье. Манайд орох үү, Бат-Үүл ээ! гэлээ.

Миний энэ үгийг сонсоод Бат-Үүл цахилгаанд цохиулсан мэт болов. Түүний царай тэр дороо нөгөөх догшин хулигаан төрхөө олж, хамар нь дахин зэвүүн навтайгаад ирэв.

-Xувааж идье ээ? Хуц! Чиний энэ мууг горьдоно гэж бодоо юу? Наадахаа аваад зайл. Хамар санаандгүй оночихоод өөрийгөө юу болчихлоо гэж бодоод байгаа юм, чи муу. Хуц, муу дөрвөн нүдэт. Муу "гахай" Баяр гэж хараал урсгасаар шатны уруу пижигнэн алга болов. Орцны хаалга дор тасхийн хаагдаж байгаа нь дуулдлаа.

Би гайхав. Компоот хувааж идье гэсний төлөө ингэтлээ уурлах нь юу билээ. Тавлаж байна гэж ойлгосон юм байх даа. Би уг нь "сайдъя" гэсэн санаатай л хэлсэн юмсан. Гэхдээ эмээгийн маань хэлдэгчлэн "Юу хайхан гээ, дур хайхан". Хөл хөнгөрчихсөн би хэдхэн харайгаад л гэртээ оров.

Эр зориг гарган эргүүлж олж авсан эмээгийн маань тэр компоот ер бусын амттай байж билээ. Би түүнийгээ ганцаараа биш, эмээтэйгээ хувааж идсэн тул тарга тэвээргэнд маань нөлөөлөөгүй биз.

Тэр өдрөөс хойш ойр хавийн бацаанууд намайг "гахай", "дөрвөн нүдэт" гэж хочлохоо, элдвээр шоглодгоо үндсэндээ болив. Бат-Үүл тэдэнд юу хэлснийг би мэдэхгүй. Надтай зодолдохоор яваад компоотг үй буцаж ирсэн болохоор юм хэлэх хэрэг гараагүй ч байж мэднэ.

Дараа жилийн хавраас нь би гэнэт суга өсөж эхлэв. Бие, сэтгэлийн асар их зовлон надад амсуулсан мяраа тарга маань ашгүй нэг шувтарч, би ердийн хүүхдийн эгнээнд баяр бахдалтайгаар багтан жагсаж билээ.

Энэ явдлаас хойш бүхэл бүтэн амьдрал өнгөрчээ. Тэгж "танилцсан" Бат-Үүл бид хоёрыг хувь заяа маань түүнээс хойш овоо сайн гагнаж өгсөн дөө. Амьдралд маань юм юм л тохиолдож байв. Гэлээ ч навтгар хамартад би ач санаж явдаг. Хаврын тэр нэг өдөр тэнэж яваад "айдсын эсрэг вакцин"- ыг хажуу байрны "гахай" Баярт овоо сайн тунгаар санаандгүй шахчихсан гэдгээ тэр яаж мэдэх билээ. Амьдралыг утгагүй болгодог юм бол айдас. Түүний эсрэг "вакцин" нь эр зориг. Нас насандаа таарсан ийм "вакцин" хийлгэж байх нь хэрэгтэй юм билээ...

Санжийн Баяр

Өмнөх нийтлэлүүдийг эндээс уншина уу

1. С.Баяр: "Тэр боломжийг ашиглах минь яав даа" гэж харамсах үе надад бишгүй тохиолдсон

2. С.Баяр: Өнчин хүүхэд өөнтөгч. Тэгэхэд би хорин хоёртой байж

3. С.Баяр: Хориотой жимс амттай гэдэг. Зөвхөн жимс гэлтгүй, хориотой бүхэн л амттай