4 дүгээр форумаас төрсөн 4 тэмдэглэл
2013/10/01
/Эхлэл хэсэг/
“Хятад Монголын сэтгүүлчид уулзлаа, хамтарч ажиллахаар боллоо” гэхээр л хачин царайлж, хэл амаа билүүдэн “Хэвлэлийн эрх чөлөөгүй, өндөр цензуртэй хятадуудаас юугаа сурдгийм бэ, нийлж хужаагийн хоол болгох гээ юу?” хэмээн сэтгүүлч, сурвалжлагч руу дайрсан үг өгүүллүүд гаргаж байсныг Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум уламжлал болон явагдаж эхэлсэн тэр цаг хугацаанаас хойш цөөн бус уншиж, харж байлаа. Харин энэ удаа надад энэхүү форумд анх удаа оролцох боломж тохиож Монголын Сайтын Холбоо гэх том айлын Ерөнхийлөгчөөр ажиллах болсноосоо хойшхи анхны гадаад томилолтоо Хятад-Монголын 4 дүгээр форумд оролцсоноор эхлүүлэв. Нэгэнт ийм боломж тохиосных энэ хуралдаан ямар төвшинд болдог, хятад хөршүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, цаашид юуг зорьж тэмүүлж байгаа талаар мэдээлэл олж авах, олж мэдсэнээ мэргэжил нэгт нөхөд, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад болон, нийт хэрэглэгчид, уншигчидтайгаа хуваалцах зорилго өвөртөлсөн билээ. Ингээд Хятад Монголын 4 дүгээр форумыг тойрсон 4 цуврал бичлэгийнхээ эхний хэсгийг үндсэн үйл ажиллагаа болох форум-хуралдаан, түүний эргэн тойрон дахь үйл явдлаас эхэлье.
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форумд хэн оролцдог вэ?
Энэ форумыг Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албанаас хамтран санаачилж, зохион байгуулж иржээ. Жил ирэх бүр Хятадын талаас форумд ач холбогдол өгч, оролцох бүрэлдэхүүн, тавих илтгэл, хэлэлцүүлэг, дэвшүүлэх асуудал, оролцогчдын цар хүрээндээ анхаарал тавьж улам чамбайруулж байгаа мэт санагдсан. Харин Монголын талаас Сэтгүүлчдийн Эвлэл л дангаараа гол анхаарлаа хандуулж, манай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хайнга хандаж, бид бэлтгэл муутай оролцож байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Хэдий өмнөх Засгийн газрын ХМА-ны хүмүүсийн оролцож, анхаарал тавьж байсан хуралдаан ч гэлээ энэ Засгийн газрын шинэчлэн байгуулагдсан Хэвлэл мэдээллийн алба ч хөрш орнуудынхаа хэвлэл мэдээллийн албад, хэрэгслүүдтэй найрсгаар дипломат хамтын ажиллагааг уламжлан хадгалж байх нь зүйтэй болов уу? гэсэн бодол төрж байсан.
Ингээд Монголын талаас жил бүр хамтран зохион байгуулагч Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн төлөөлөгчид оролцдог учраас багийн бүрэлдэхүүнд Сэтгүүлчдийн Эвлэлийн удирдлагууд болон орон нутгийн салбар зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөгчид багтсан байв. Мөн энэ жил Хятадын талаас энэхүү форумын гол уриа, хэлэлцэж байгаа сэдэвтэй уялдуулан өмнө нь олон жил найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн Монголын Сайтын Холбооны төлөөллийг оролцуулахаар онцгойлж урьсан байлаа. Монголын сэтгүүлчдийн багийг МСЭ-ийн дэд ерөнхийлөгч, “Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга Д.Заяабат ахалж МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, “Түгээмэл” дээд сургуулийн захирал, гавьяат сэтгүүлч Ү.Хүрэлбаатар, МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, ETV телевизийн Ерөнхий захирал, гавьяат сэтгүүлч Ц.Энхбат, МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн салбар зөвлөлийн дарга С.Бадамжав, МСЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, Монголын Сайтын Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Б.Мөнхдөл, Монголын Сайтын Холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүн Х.Ганбаатар, МСЭ-ийн гишүүн П.Түмэнжаргал, www.news.mn сайтын Эдийн засгийн албаны сэтгүүлч У.Болормаа, МСЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Б.Дуламсүрэн, “Эрдэнэт” телевизийн сэтгүүлч У.Санчирмаа, “MBS” телевизийн захирал Б.Цэвэгмид, “Номин” телевизийн зураглаач Д.Бямбажавхлан нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.
Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг дагаж шинэ уриа дуудлагаар хоёр орны сэтгүүлчид амьсгалав
Энэ жилийн Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 4 дүгээр форумын уриа анхаарал татсан. Өмнө нь хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа зэрэг ерөнхий уриатай болдог байсан хуралдаан энэ жил цаг үеэ дагаад нарийвчлагдаж “Хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл, шинэ хамтын ажиллагаа-Интернет сүлжээний эрин дэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөгжлийн боломж ба өрсөлдөөн” сэдвийн дор болов. Хуралдааны ач холбогдлыг үнэлж ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын ХМА-ны дарга, ноён Бай Юйган үг хэлэхдээ “Энэ форумаас хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаарх зарим бодлогын шинэчлэл, арга замыг хайж олно” гэдэгт итгэлтэй байгаагаа онцгойлон дурдсан. Мөн хуралдаанд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ХМА-ны 6 дугаар газрын дэд дарга, ноён Гэ Гуанжы биечлэн оролцож, Монголын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ХМА-ны дарга, сайд Цай Минзао Бээжин хотноо хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлсэн нь урд хөршийн зүгээс форумыг үнэлж, ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл болов. МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид форумд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн. МСЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Д.Заяабат “Сэтгүүлзүйн салбар мэдээллийн технологийн дэвшлээр цахимжиж уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийн өмнө цаашид хэрхэн хөгжих асуудлыг авчирч байгаа ч үүнтэйгээ зэрэгцээд хөгжлийн шинэ шинэ боломж гарцуудыг нээж өгч байна” хэмээн форумын нээлтэд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн билээ.
Хятадын сайтууд хандалтаа www.alexa.com –оор тодорхойлдог
Хятадын сайтын олон хэлээрх хэлтсийн Ерөнхий хянагч Жү Иний “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаг эриний хэрэгсэл дамнасан хамтын ажиллагаа” сэдэвт илтгэл илүү сонирхолтой байв. Хятадын сайтууд өөрсдийн үнэлэмж, үзүүлэлтүүдээ www.alexa.com сайтын үзүүлэлтүүдээр үнэлдэг юм байна. www.alexa.com ын ранкаар хятадын вэбсайтууд ямар төвшинд байгааг ердөө форум болохын өмнөх өдрүүдээр авсан үзүүлэлтүүдээр танилцуулж байсан. Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг манай хөрш улс виртуаль ертөнцөд ч “хүн ам”-ынхаа тоогоор тэргүүлж, Хятадын вэбсайтууд дэлхийн хамгийн олон хандалтуудыг авч, сүлжээ хэрэглэгчид хятадаас хамгийн олноороо интернетэд нэвтэрч байна. Ийм тохиолдолд хамгийн олон саяар хэвлэгддэг сонинууд вэбсайтуудад уншигчдаа огцом алдаж, олон сая сонсогчтой радио, олон сая үзэгчтэй телевизүүд ч сандарч эхэлж байгааг тэд онцолсон. Шинэ мэдээллийн хэрэгслийн давалгаан дунд уламжлалт сэтгүүлзүй хэрхэн оршин тогтнож, байр сууриа хадгалж үлдэх вэ гэдэг асуудал болон хувирсныг илтгэл тавьсан хүмүүс онцлон тэмдэглэж байв.
Хятадад мэдээний сайтуудын орлого нь сонинуудын орлогоос хол давж тэргүүлж эхэлжээ
Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хөгжүүлэх, уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийг мэдээллийн технологид суурилсан шинэ мэдээллийн хэрэгслүүдтэй эн тэнцүү хэрхэн зохицуулан авч явах вэ? гэдэг асуудал манай орны хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан асуудал болоод байгаа бол энэ байдал ч БНХАУ-ын хувьд мөн ижил байна. Монгол улсад өдөр тутмын сониноо хааж шинэ медиаг түшиглэн үйл ажиллагаагаа явуулах болсон газрын жишээг “Ардын эрх” сонины ашиг орлогоос www.news.mn сайтын орлого давж гарч, анх түшиглэж гарч ирсэн сониноо хаасан түүхээс харж болно. Одоо энэ байгууллага эргээд вэбсайтаа түшиглэн гол мэдээллүүддээ тулгуурласан долоо хоног тутмын сонинг эрхлэн хэвлүүлж байна. Хятадад сонин, телевиз зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгслүүд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй зохицон ажиллаж байгаа ийм жишээг CCTV, Синьхуа агентлаг зэргээс харж болно. 1996 оноос нью медиаг ашиглан ирсэн эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр уламжлалт мэдээллийн хэрэгсэлдээ түшиглэсэн шинэ мэдээллийн хэрэгслийн өнгө төрхийг тодорхойлон ашигтай ажиллаж байгаа юм байна. Сая сая хувиар хэвлэгдэн борлуулагддаг зах зээлтэй Хятад улсад өнөөдөр сонины орлогоос сайтын орлого нь хол давжээ. Форумын явцад энэ талаар нарийн тоо баримтыг хятадын оролцогчид хэлээгүй ч гэсэн миний дам олж авсан мэдээллээр Хятадын зөвхөн интернет видео зах зээл дэх рекламны орлого нь хоёр жилийн өмнө 2 тэрбум 100 сая юаньд хүрч, жилдээ 200 гаруй хувиар өссөн баримт байна.
Мөн хятадууд интернет худалдаанаас маш их орлого олно гэж тооцоолж бүр “Цахим худалдааны 12 дугаар 5 жилийн төлөвлөгөөний хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж цахим худалдааг 4 дахин нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа. Энэ байдлаар Хятадууд 2015 он гэхэд цахим худалдааны хэмжээгээ 18 триллион юаниас давуулах юм.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 3 сая вэбсайт байгаа бөгөөд 100 саяас дээш хүн вэбсайтыг өдөр бүр хэрэглэж байна. Дэлхийн хамгийн олон хандалттай вэбсайтуудын тэргүүн эгнээнд БНХАУ-ын хэд хэдэн сайт байнга явж байна. Дэлхийн 48 улсын 70 гаруй цэргийн зөвлөхийг оролцуулсан олон улсын батлан хамгаалахын үзэсгэлэнг улсдаа цахим байдлаар өндөр зэрэглэлд ядах юмгүй зохион байгуулчихдаг, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээрээ дэлхийд өрсөлдөж байгаа тэдний хувьд шинэ мэдээллийн хэрэгсэл асар хурдан байр сууриа эзлэх нь тодорхой юм.
Шинэ мэдээллийн хэрэгслийг дагаад алдагдаж байгаа төрөлх хэлээ яах вэ?
Хэвлэл мэдээллийн 4 дүгээр форумын үеэр хамгийн тодорхой, сонирхолтой сэдвээр илтгэл тавьсан хүн бол МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, гавьяат сэтгүүлч Ү.Хүрэлбаатар байлаа. Тэрээр “”Цахим орчин дахь монгол хэлний илэрхийлэмж” гэсэн илтгэлийг хуралдаанд оролцогчдод сонирхуулсан. Монголчуудын хамгийн их хэрэглэдэг олон нийтийн сүлжээ болох Твиттер дээр жишээлсэн энэ илтгэлээрээ цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байгаа цахим ертөнцөд эх хэлний баялаг сан устаж зүгүй болох аюул нүүрлэж байгааг анхааруулж, шүүмжилсэн юм. Тэрээр зөвхөн энэ илтгэл тавьснаар дуусгахгүй, энэхүү сэдвийг цааш үргэлжлүүлэн “нухаж” судална гэдгээ ч илэрхийлсэн билээ. Миний бие ч “Цахим мэдээллийн хэрэгслийн эерэг болон сөрөг талууд, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсныг хуралдаанд оролцогчид ХМХ-үүдэд ярилцлага өгч мэдээлэл хийхдээ байнга жишээ болгон дурдаж байв.
Энэхүү хуралдаанд Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы дэд Ерөнхий редактор Ү Хайлүны “Сонины бодит хүндрэл ба хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслүүдийн хөгжлийн стратегийн асуудалд”, ӨМӨЗО-ны Ардын радиогийн дэд захирал Арвины “Радио цаашид хурдны хэрэгсэл тийш хөгжинө”, ӨМӨЗО-ны телевизийн дэд захирал Энхбаярын “Хамтын ажиллагааны амжилтаа бэхжүүлж, хэтийн сайхан ирээдүйг зорьё”, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Сэтгүүлзүйн дээд сургуулийн захирал Тогтохын “Манай гарагийн хэвлэл мэдээллийн цаг эрин дэх уламжлалт хэрэгжлүүдийн хөгжлийн боломж ба өрсөлдөөн” зэрэг илтгэлүүд оролцогчдын сонирхлыг ихэд татлаа. Энэхүү илтгэлүүдээр товхимол гаргаж хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад гарын авлага болгон хүргэхээр форумыг зохион байгуулагчид тохиролцов.
Тэмдэглэл Монголын талынхны үзэж харсан зүйлсээр үргэлжилнэ. Та бидэнтэй хамт Хятад улсын хөгжлийн талаар болон мэдээллийн технологийн салбарт хийж буй хувьсал өөрчлөлтийн талаар хамгийн сүүлийн мэдээлэлтэй болохыг хүсч байгаа бол энэхүү тэмдэглэлийн үргэлжлэлийг сонирхон уншаарай.
Сэтгүүлч Ж.Жаргалсайхан
Ulaanbaatar-Huhhot-Baotao-Beijing-Hubei-Yichang-Beijing-Ulaanbaatar