Н.Учрал: О.Баасанхүү гишүүнийг мэдэхгүйдээ тэгж ярьсан гэж бодохгүй байна
2017/01/19
УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар Олон гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр та олон санал хэлж байсан. Олон улсын гэрээний тухай хуулийг батлах шаардлага үнэхээр байсан юм уу. Хуульч, судлаачийн хувьд өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу?
-Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Батлахдаа өмнөх хуулийг хүчингүйд тооцоогүй баталсан учраас энэ оны нэгдүгээр сараас эрх зүйн нэг харилцааг зохицуулж буй хоёр хууль хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөл байдал үүссэн юм. Иймээс Олон улсын гэрээг хүчингүйд тооцох тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Нэгэнт процессын алдааг засч байгаа учраас гишүүний хувьд шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж буй хуульд өөрийн зарчмын саналаа хэлсэн. Тухайлбал, Олон улсын гэрээний тухай хуулийг батлахдаа процессын алдаа гаргасан байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд харшилсан зохицуулалтуудыг баталсан байгааг өөрчлөлт, оруулаад засаад явах шаардлагатай байна. УИХ-ын бүрэн эрхэд халдсан зохицуулалт ороод ирсэн байна. Гуравдугаарт, Улсын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна гэсэн санал хэлсэн. УИХ-ын цөөн хуульч гишүүний хувьд процессын алдаа, болон төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн зарчмыг сахин хамгаалах нь мэргэжлийн үүрэг шүү дээ. Нөгөө талаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэд хэдэн удаа Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцсоны хувьд цаашлаад тэнд очоод унах, процессын алдааг хүлээн зөвшөөрч болмооргүй байгаа юм.
-Үндсэн хуульд харшилсан, УИХ-ын бүрэн эрхэд халдсан зохицуулалт батлагдсан учраас засах шаардлага гарсан гэлээ. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийн зарчмын хувьд төрийн гадаад бодлогын үндсийг УИХ буюу парламент тодорхойлдог. Түүнийг нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг. Гэвч УИХ-ын гадаад бодлогын үндсийг тодорхойлсон асуудлыг Засгийн газар дахин авч хэлэлцэх нь төрийн эрх мэдэл хуваарилалтын зарчим, хяналт тэнцлийг алдагдуулах эрсдэлтэй. Парламент бол хууль тогтоох байгууллага. Тиймээс улсын гадаад бодлого, улс гүрний хамтын ажиллагааны үндсийг тодорхойлж түүнийг нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэх ёстой. Гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэх явцад бодлогын хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Гэтэл сая өргөн барьсан Олон улсын гэрээний тухай хуулийн 21.4-т “Олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага судлан, шаардлагатай бол энэ тухай тодорхой санал боловсруулан холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 25.1.2 дахь заалттай харшилж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, парламент нь олон улсын гэрээг соёрхон баталдаг, тайлбарладаг, гадаад бодлогын үндсийг тодорхойлдог байх нь парламентын засаглалтай улсад байдаг жишиг. Гэтэл парламентынхаа энэ эрхийг Засгийн газар нь эдэлчихээр хоёр улсын хооронд, олон улсын хоёр болон олон талт гэрээг Засгийн газрын хуралдаанд хэлэлцээд явах нь өөрөө хэр зохимжтой вэ гэдгийг бодолцох ёстой.
-Улсын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохимжгүй гэж үзсэн байна. Яагаад?
-Манай улсын хувьд олон улсын 200 гаруй олон талт гэрээ, 2000 гаруй хоёр талын хэлэлцээр байгуулаад байгаа. Эдгээрийг шүүх тайлбарлах нь онолын хувьд маргаантай. Нөгөө талаар судлаачийн байр сууриас харахад зохимжгүй. Ер нь олон улсын гэрээг хэрэгжүүлэх хоёр арга зам байдаг. Нэгдүгээрт, олон улсын гэрээнд нэгдэж орсноор түүнийг шууд хэрэгжүүлэх буюу манай улсын Үндсэн хуулийн 10.3-т заасны дагуу дотоод хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэгдэх, хоёрдугаарт, нэгдэн орсон олон улсын гэрээг дотоодын хууль тогтоомждоо тусган замаар хэрэгжүүлдэг. Манай улс эдгээрийг аль алиныг нь хэрэгжүүлж байгаа ч олон улсын гэрээг хууль, шүүхийн практикт хэрэглэж заншаагүй байна. Олон улсын гэрээг эх сурвалжийн хэмжээнд ашиглахад ямар онол, хандлагыг баримталж байгаа вэ гэдэг нь бас чухал юм. Үндсэн хуулиар хууль тайлбарлах эрх Улсын дээд шүүхэд бий. Гэвч олон улсын гэрээ бол өөрөө их онцлогтой. Олон улсын гэрээнд оролцогч талууд гэрээг тайлбарладаг. Олон улсын гэрээний тухай венийн конвенцид тухайн улс орон нь “Pact suntservanda” зарчмыг дагаж мөрдөх ёстой. Дээрх зарчим олон улсын гэрээг зөрчиж буй аливаа үйлдлээ дотоод хууль тогтоомжоор зөвтгөж үл болно, олон улсын гэрээнд үнэнч байх тухай зарчим юм. Олон улсын гэрээг тайлбар (Reservation) хийхдээ гэрээний жинхэнэ утга санааг илэрхийлэхийг хэлнэ. Хэрэв гэрээний оролцогчид тухайн гэрээнд орсон нэр томъёо тусгай утга санаа илэрхийлж байна гэж үзвэл уг гэрээнд заасны дагуу тайлбар хийж болдог. Гэвч тэдгээр тайлбарлах эрх нь шүүхэд хадгалагдах нь өөрөө зохимжгүй. Учир нь шүүх бол олон улсын гэрээний оролцогч биш. Шүүх хэрэг маргаан хянан шийдвэрлэх явцад олон улсын гэрээг хэрэглэж байгаа. Манай улс монист чиг хандлагатай учраас дотоодын хууль тогтоомж олон улсын гэрээтэй зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрддөг. Гэхдээ шүүхэд зөвхөн өөрөө хэрэгжих эс хэрэгжих гэрээний хэм хэмжээнээс нь хамаарч хэрэглэх эсэхийг шийдвэрлэх эрхийг олгох нь өөр асуудал. Иймээс шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохимжгүй гэж хэлээд байгаа хэрэг.
-Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжээд эхэллээ. Оны өмнө хууль тогтоомжийн хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө гишүүд олон хуулийн төсөл өргөн барилаа. Үүний нэг нь Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Энэ асуудлаар Та Байнгын хорооны хурал дээр намынхаа гишүүнээ шүүмжилсэн. Ямар учраас дэмжихгүй байх санал гаргасан бэ?
-Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ УИХ-ын гишүүд хууль санаачлахдаа илүү нухацтай хандаасай гэж үздэг учраас Байнгын хорооны хуралд Д.Дамба-Очир гишүүний өргөн барьсан хуулийг дэмжээгүй. Учир нь аливаа улсын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа ч 1999 онд хүний нөөцийн менежмент хөгжөөгүй, менежментийн тогтолцоо бий болоогүй үед баталсан шилжилтийн үеийн хууль. Тиймээс Хөдөлмөрийн хуульд концепцийн томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, манай улс уул уурхайн эдийн засгийн бүтэц давамгайлсан улс. Канад, Австрали мэтийн улстай адил хөдөлмөрийн хуулиар ростер менежментийг зохицуулах зайлшгүй шаардлага байгаа гэсэн үг. Мөн хүний нөөцийн менежмент сүүлийн жилүүдэд өндөр хөгжиж ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, компанийн гүйцэтгэлийг үнэлэх хөгжүүлэх гээд функциудыг бүхлээр хэрэгжүүлж байна. Гүйцэтгэл муутай ажилтныг ажлаас чөлөөлөх гэтэл өнөөгийн хуулиар аттестатчиллын шалгалт авах, нэг бол зөрчил гаргахыг нь хүлээх шаардлагатай болоод байна. Энэ нь Монгол Улсын хүний хөгжлийн өрсөлдөх чадварыг бууруулж байгаа хэрэг. Бизнес эрхлэгчдэд ч чөдөр, тушаа болж байна шүү дээ. KPI, Balancescore card гэх мэт ажлын гүйцэтгэлийг илүү бодитой ажлын үр дүн, гарцтай холбоотойгоор объектив байдлаар үнэлж байхад түүнийг зохицуулж байгаа хуулиар ажлаас чөлөөлөх үндэслэлгүй болохоор компаниудын хүний нөөцийн чадавхи, competency буурч байна.
-Тэгээд яагаад Д.Дамба-Очир гишүүний оруулж ирсэн төслийг дэмжээгүй юм бэ?
-Нэгдүгээрт, өмнөх парламентын үед өргөн барьсан Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаан татахдаа дахин ажлын хэсэг байгуулж Засгийн газар, холбогдох яамд төсөл боловсруулаад явж байна. Тэгэхээр нэгмөсөн ярилцах нь илүү оновчтой. Хоёрдугаарт, өргөн барьсан нэмэлт, өөрчлөлт нь өнөөдрийн зохицуулалтаар зохицуулсан, өөрчлөх, шинэчлэх шаардлагатай асуудал биш гэж үзсэн учраас дэмжээгүй. Учир нь Д.Дамба-Очир гишүүний хувьд гурван асуудлыг дэвшүүлсэн байсан. Нэгд, Хөдөлмөрийн гэрээний хугацааг багасгах, хоёрт, цагийн ажилтан гэх ойлголтыг бий болгох, гуравт, хариуцлагын хэлбэрийг чангатгах. Энэ гурван санал нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төдийлөн тулгамдаад, өөрчлөх шаардлага бий болоогүй байна.
Жишээ нь, 2014 онд Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөрийн яамнаас ажил олгогч, ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар ажил олгогчдын хувьд байнгын ажлын байранд хоёр хувь нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн судалгаа гарсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтан хохироод байгаа зүйл биш шүү дээ. Харин ч ажилтанд ашигтай. Учир нь Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй (ажил олгогч талдаа).Ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж цалин хөлс, гэрээний баталгаагаар хангуулж байгаа шүү дээ. Үүнийг shuukh.mn сайтаас хөдөлмөрийн маргаанаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг татаж аваад судалгаа хийгээд үзэж болно шүү дээ. Өнөөдөр ажилтан нийгмийн даатгал төлөгдөхгүй, цалин хөлсөө авч чадахгүй байна гээд Д.Дамба-Очир гишүүн хэлээд байна лээ. Ажилтан шүүхэд хандвал Хөдөлмөрийн тухай хуулийн 141-д зааснаар хоногийн 0,3 хувийн алданги бодуулаад, ажлаас халсан гээд хөөгөөд явуулбал ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж байгаа. Тэгэхээр яах ч аргагүй зөвлөж байгаа хүмүүс нь судалгаагүй, тодорхой баримтгүйгээр яаран төсөл өргөн барьсан гэж үзэхээр байгаа юм. Тухайлбал, цагийн ажилтан гэх ойлголтоо компанийн орон тоо бүтцэд хамаарахгүй, тухай бүр цалин хөлсөө авч ажиллаж байгаа ажилтан гэж үзсэн байна. Тэгэхээр иргэний хуулиар зохицуулж байгаа харилцаагаар хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг яриад байгаа юм. Хөлсөөр ажиллах гэрээнээс хэрхэн ялгах талаар бодолцоогүй, тэдгээрийг зохицуулснаар Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэхэд цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээг хэрхэн цуцлах вэ, 37, 38, 39, 40 дүгээр зүйлээ үндэслэвэл цагийн ажилтан гээд байгаа зохицуулалт өөр хэрэгжихгүй, хийсвэр зохицуулалт болно. Тиймээс л дэмжээгүй.
-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүнтэй хэд хэдэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр хатуухан үг хэлсэн. Тухайлбал, Арбитрын тухай хууль байна.Үнэхээр О.Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг энэ хуулийг баталснаар ОХУ, БНХАУ-ын аманд орчих гээд байгаа хэрэг үү?
-Уг нь өмгөөлөгч хийж байсан хүн арбитр, шүүхийн ялгаагаа мэдэж л байх ёстой юм. Арбитр бол хөндлөнгийн шүүх. Шүүхийг бодвол талууд өөрийн арбитрчаа сонгоод, сонгогдсон арбитрчид даргалагч арбитрчаа сонгоод явдаг онцлогтой. Нөгөө талаар хурдан шуурхай хэрэг маргаан шийдвэрлэдэг, зөвхөн иргэний эрх зүйн харилцаанд гэрээний эрх зүйн маргааныг шийддэг, тодорхой мэргэшсэн арбитрууд байдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад орвол манай улсын хууль тогтоомжийг шууд хэрэглэгдэх нөхцөл бүрдэх гэх мэт онцлогтой. Би О.Баасанхүү гишүүнийг энэ бүхнийг мэдэхгүй байна гэж бодохгүй байна. Зориуд чуулганы хуралдаанд иргэдэд таалагдах гэдэг, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандахгүй байна гэж харж байна. Арбитрын хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор байсан. Учир нь энэ хуулийг өргөн барьж байх үед гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа манай улсад хөрөнгө оруулах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бага байсан үе шүү дээ. Нөгөө талаар одоо мөрдөгдөж байгаа хуулийг баримтлаад хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байх явцад хүндрэлтэй асуудлууд гарч байгаа. Тухайлбал, хоёр жилийн хугацаанд 58 хэрэг маргаан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа урт, шүүхийн оролцоо их, арбитрын шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд даваад шүүх нь арбитрынхаа шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй тооцоод явж байгаа практик байгаа юм. Тэгэхээр арбитр өөрийн үндсэн онцлог, мөн чанараараа бий болж чадахгүй байгаа хэрэг юм. НҮБ-ын Олон улсын худалдаа, эрхзүйн комиссын олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуульд 2007 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин манай улсын хувьд 2007 оны нэмэлт өөрчлөлтийг дагаад хуулиндаа өөрчлөлт оруулаагүй. Иймээс энэ хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Арбитрын хуулийг олон улсын хүлээн зөвшөөрүүлэх үндэслэл шаардлага нь юу юм бэ. НҮБ-ын загвар хуульд нийцүүлснээр гарах үр дүн нь юу юм бэ?
-Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитраар хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа хэрэг, нөгөө талаар Монгол Улсын хууль тогтоомжийг бусад улс орны арбитр хэрэглэх, эх сурвалж болох гэх мэт олон ач холбогдолтой. Наад зах нь гадаадын хөрөнгө оруулагчид Лондоны, Хонконгийн арбитрт өгөөд бизнес эрхлэгч нар маань гадаадын арбитраар шийдвэрлүүлэхийн тулд үнэтэй өмгөөлөгч хөлслөх гэх мэт. Ер нь бол бизнес эрхлэгчдийг төр дэмжих ёстой. Дэмжинэ гэдэг эрх зүйн орчныг бий болгохыг хэлэхээс биш татварыг нь хөнгөлөөд төдийлөн үр дүнгүй. Маргаан гарвал маргааныг түргэн шуурхай шийддэг систем бий болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх олон талын дэмжлэг байгаа шүү дээ.
-Таныг иргэний эрх зүйгээр мэргэшсэн гэж сонссон, Франчайзингийн эрх зүйн зохицуулалтын чиглэлээр ном, гаргаж, Азийн франчайзингийн холбоотой хамтран ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүний хувиар иргэний эрх зүйн харилцаатай холбоотой хууль тогтоомж өргөн барих уу?
-Их засаг их сургуульдаа Үндсэн хуулийн эрх зүй, иргэний эрх зүйн хичээлүүд ордог байсан. Цаашид судалгаа, шинжилгээний ажлаа зогсоохгүй гэж бодож байгаа. 2009 оноос хойш Франчайзингийн чиглэлээр хэд хэдэн судалгаа бүтээл болон ном гаргалаа. Цаашид УИХ-д энэ чиглэлээр ажиллахаар бэлтгэж байна. Тиймээс холбогдох хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Хуулийн төсөл дээр ажиллана гэдэг чинь тийм амархан эд биш шүү дээ. Хуулийн төсөл боловсрууллаа холбогдох, нийгэм эдийн засгийн үр нөлөөг судална, судалгаа хийнэ. Мөн инновацийн чиглэлээр ажиллах лобби бүлэг байгуулсан. Би өөрөө судлаач хүн. Өнөөдөр төр, бизнес, судлаач (Тинк Танк, Их сургууль, институтууд)-дыг холбох ажил маш дутмаг байна. Нэг иргэн нь маш том шинжлэх ухааны бүтээл гаргадаг. Өнөөх нь амьдралд хэрэгждэггүй, зөвхөн шинжлэх ухааны түвшинд л яригдаад байвал улс орон хөгжихгүй. Тиймээс гурвалсан холбоог бий болгох шаардлагатай байгаа юм. Тэр чиглэлээр ажиллана.
С.Гандөл