Энэ жилийн намрын синдром оюутны сургалтын төлбөрийн өсөлт, сурагчийн дүрэмт хувцасыг тойрсон элдэв маргаанаар эхэллээ. Ер нь жил болгон ийм маягаар эхэлдэг л дээ.

Гэхдээ энэ жил бүр онцгой, үсрэнгүй хөгжлөөр гэдэг шиг хэтэрхий өндөр тоогоор эхэлж байна. Өнгөрсөн жил Монголын толгой сургуулийн нэг МУИС 1.2 сая төгрөгийн төлбөрийг оюутнуудаас авдаг байсан бол энэ жил 100 хувь нэмж 2.5 сая болголоо. Удирдах зөвлөлөөрөө ярилцаад дийлэнх нь дээрх тоон дээр тогтоод байгаа аж. Бусад сургуулиуд одоохон дагана. Гурван сая хүн амтай Монголын сургуульд сурах насны залуус 0.5 сая гэж бодвол үүний багагүй хувь нь өнөөдөр эрдэм ном сурахаар хувийн, хувьсгалын аль нэг сургуулийн ширээ бөглөөд сууж байгаа. Эрдэмд шимтэж, ирээдүйн амьдралаа энэ сургуулиас олж авсан мэдлэгээрээ баталгаажуулна гэсэн зорилгоосоо илүү хүүхдүүдээс дутахгүй мөнгөлөг аав, ээжтэйгээрээ бахархсаар аль нэгэн үнэтэй сургуулийн босго алхдаг залуус олон байхад чадан ядан төлбөрөө төлж буй аав, ээжийн хүүхдүүд түүнээс дутахгүй олон бий. Гэхдээ нэгэн сурган хүмүүжүүлэгчийн ярьж байснаар оюутны ширээний ард дөрвөн жил унтаж байгаад ч хамаагүй диплом авсан хүн гудамжинд шүлсээ хаяад зогсож байгаа залуучуудаас хамаагүй илүү хүн болж төлөвшдөг юм гэсэн сэн. Бас үнэн юм билээ. Харин одоо их дээд сургуулиуд төлбөрөө нэмснээр худлаа ч гэсэн сурч, хүн болж төлөвших залуусын хандлага буурч, гудамжныхны арми нэмэгдэх бус уу. Улсын хэмжээнд 100 орчим их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 90 гаруй хувь нь нийслэлд төвлөрч байна. Монголдоо хамгийн үнэтэйд тооцогддог, эрэлт хэрэгцээ ихтэй МУИС жишээ нь, энэ жилийн төлбөрөө 100 хувиар нэмснээр боловсролын тогтолцоог цоо шинэ шатанд гаргана гэж итгэж болох уу, эсвэл багш нар нь хөөрхөн болох юмуу. Анги танхим нь гял цал болох уу. Аль нь ч байсан багш заадаг хичээлээ заана, мэдсэн сурснаа шавь нараасаа харамлахгүй нь л лавтай. Ийм амьдралаас хол тасархай үнэ тогтоож байгаад Засгийн газар анхаарал хандуулахгүй байгаад хамгийн гол учир байна. Төлбөр нэмэгдлээ гэнгүүт хэдэн муусайн хүүхдүүд эсэргүүцээд гүйгээд байдаг. Амбиц хөөцөлдсөн бацаанууд гэхээс өөрөөр хардаг юмуу энэ төр засгийнхан. Харин ч холбоо нэрээр оюутнуудынхаа эрх ашгийн төлөө хамгийн их хөөцөлддөг нь холбооны залуус л байдаг байх. Улсын сургуулиуд түрээсийн байранд хичээллээгүй, цахил- гаан, дулаан, урсгал зардлыг төрөөс даадаггүй ч тодорхой хөнгөлөлт байдаг гэсэн. Тийм атал улсын сургуулиудад хэдэн муусайн оюутныхаа халаасыг тэмтрэх эрх хэн өгдөг юм бэ. Оюутнуудын ард хуруу хумсаа хуйхлан өдөр шөнөгүй зүтгэж байгаа аав, ээжүүд зовно. Нэг айлын гурван хүүхэд зэрэг сурч буй өчнөөн айл бий. Төрийн өмчит сургууль бол салбарын сайдынхаа, яамны мэдэлд байдаг. Хэдийгээр сайдад захирагддаггүй, Удирдах зөвлөл энэ тэр гэж байгаа боловч сайд л бол сайд. Чиглэлийг сайд өгч байдаг. Сайд нь Засгийн  газрын танхимын гишүүн гэдгээрээ Ерөнхий сайдын өмнө үүрэг хүлээдэг. Явж явж төрийн хэдэн сургуулиа захирч чаддаггүй Ерөнхий сайд тэднийг дураар дургиулж байгаа нь хэн нэгний эрх ашгийн төлөө үйлчлээд байгаагаас онцын ялгаагүй. Монгол Улсыг бүсчлэн тогтоосон амьжиргааны доод хэмжээ миний өмнө байна. Баруун бүсэд 132000, хангайн бүсэд 130900, төвийн бүсэд 132400, зүүн бүсэд 130500, Улаанбаатарт 149900 төгрөгөөр амьжиргааны доод түвшинг тогтоосон. Энэ нь ядуу орны хөөрхийлөлтэй төр засгийн ард түмнээ ядаж өдөр тутмын хоолоо өл залгуулж байх хэмжээний доод хязгаарыг тогтоож өгсөн тоо. Ийм амьжиргаатай ард түмэн 1.8-2.5 сая төгрөг төлөөд эрдэм сурч чадах уу. Үүнд, Засгийн газрын сайд, Ерөнхий сайд нар хариулах үүрэгтэй. Улс орныг удирдаж авч яваагийн хувьд Ерөнхий сайд та ард түмнээ хоолтой, хувцастай, эрүүл, аюулгүй амьдарч, сурах эрхээр нь хангах ёстой. Гэтэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх тухай ганц үг дуугарахгүй байна. Засгийн газар буруу бодлого явуулсны улмаас ард түмний амьдрал туйлддаг. Энэ жилийн хувьд их дээд сургуулиудын захирал удирдлагууд солигдож байна. Цахилгаан нэмэгдлээ гээд нэг хүнээс авах төлбөрөө 1.2-1.4 сая төгрөгөөр нэмдэг жолоодлогогүй удирдлагуудыг сургууль удирд гээд явуулж байгаа хэрэг үү. Саяхан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмж буйгаа зарласан. Энэ 30 хувь бол сургалтын төлбөрийг 50-100 хувь нэмэх шалтгаан болохгүй гэдгийг МОХ-ныхон хэлж байна. Судалгаатай л хэлсэн байж таарна. Өнгөрсөн жилийн 15 хувийн нэмэгдлээрээ энэ жилийг гүйцээх бүрэн боломжтой аж. Улсын хэмжээнд 8.4 хувьтай байгаа инфляцийн өсөлт сургуулиудын төлбөрийг 50- 100 хувиар нэмэх үндэслэл бүр ч болохгүй. Ийм үед БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар чихээ таглаад, нүдээ аниад сууж байгаа нь Монголын хэдэн мянган оюутнуудад огт таалагдахгүй байгаа шүү. Өнөөх хахаж цацаад, хувийн хэвшлийнхэнд өндөр хүүтэй зээлдүүлээд байдаг “Чингис” бондын мөнгөнөөс сургуулиудад хөрөнгө оруулбал яасан юм бэ. Одоо ядуу ч ирээдүйд өөрсдийгөө ч, улс орноо ч баян болгох хэдэн муусайн оюутнуудаасаа харамлаад юу хийнэ.

Б.Эрдэнэ