Гүн цэнхэр далай эргээ халин давалгаалж, зөөлөн бороо үе үе шиврэхэд би хамгаас дуртай. Далайн хөвөөнөө тоглож өссөн миний хамгийн дотно дурсамж бүхэн энэ л нууртай холбоотой болохоор сэтгэлд дулаан санагдана. Гэхдээ энэ удаад бага насны дурсамж, дуртатгалын талаар бичих гэсэнгүй. Цэнгэг устай, цэнхэр далайнхаа тухай үзэглэхээр шийдлээ.

Монгол нутагт амьдарч буй бүхий л амьд амьтан бүхний умдаалах усны 95 хувийг Хөвсгөл нуур бүрдүүлдэг бол үлдсэн таван хувийг нь Орхон, Сэлэнгэ, Туул гол тэргүүтэй булаг, шанд бүрдүүлж байдаг. Хөвсгөл нуур бол манай улсын хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур юм. Тус нуурт нийт 46 гол горхи цутгадаг бол ганцхан Эгийн гол эх авч урсдаг юм. Хамгийн гүн, хамгийн тунгалаг гэх тодотголтой Хөвсгөл нуур сүүлийн жилүүдэд хүмүүс бидний гараар бохирдож байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Өнөөдрийн байдлаар тус нуурын орчин тойронд тавь гаран жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг. Харамсалтай нь эдгээрийн дийлэнх нь наад захын эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ажиллаж байна. Тухайлбал, бохирын усаа далайруугаа урсгачихна. Анх бааз гэгч байгуулагдсан цагаас л энэ асуудал яригдсан хэдий ч  шийдвэрлэгдэхгүй байсаар  өнөөг хүрчээ.

Хуулинд заасны дагуу бол  тусгай хамгаалалттай газар нутгийн 200 метрээс дотогш ямар ч үйл ажиллагаа явуулахыг хориглодог заалттай. Гэвч дээрх баазууд бараг нуурын  эрэгт тулан байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг. Энэ нь хууль зөрчөөд зогсохгүй нуурын усыг бохирдуулахад хамгийн ихээр нөлөөлж байгаа гэж болно.

 Түүнээс гадна гадна, дотны жуулчид нуурын усанд хир буртагаа угааж, эрэг орчимд хог хаягдлаа хаясаар цөөнгүй жил болж байна. Үүний шалтгааныг нуурын эрэгтэй хэт ойрхон байрласан жуулчны баазууд, хүмүүсийн ёс зүйтэй холбож тайлбарлахаас аргагүй.

Хөвсгөл нуур бол хэт цэнгэг учраас аливаа зүйлд эмзэг, мэдрэмтгий байдаг хэмээн шинжээчид үздэг. Дэлхий дээр аккумлятор  цэнэглэдэг ийм тунгалаг ус тун ховор байдаг гэдгийг ч онцолдог.

Хөвсгөл нуураа нутгийн иргэд “Далай ээж” хэмээн хүндэтгэн  дууддаг. Тиймдээ ч тус нутагт “Далай ээж”-ээрээ овоглосон олон зүйл бий. “Далай ээж” нэртэй архинаас гадна зоогийн газар, дэлгүүр сэлтийг хаанаас ч харж болно. Ийнхүү цөөнгүй зүйлээ “далай ээж”-ээрээ овоглосон атлаа хайрлан, хамгаалах сэтгэл, зүтгэл дутаад байх шиг. Харин эсрэгээрээ Хөвсгөл нуураа мөнгө мэтээр харж зах замбараагүй жуулчны баазууд барьсаар л. Байгаль орчин , хөвсгөл нуур бохирдож байгаад хариуцлага хүлээх нэгэн байдаггүй.  Бид дэлхийд ховорхон байх  Хөвсгөл нуураа иймэрхүү байдлаар хамгаалж  байна.

Дээрээс нь Хөвсгөл нуур байсгээд л хүний амь насыг авч оддог. Энэ тоолонд нуурын ус мөн л сэвтэж, бохирддог.

Тэгтэл дэлхий нийт Xөвсгөл нуурт аль хэдийнэ анхаарлаа хандуулаад эхэлчихсэн. Учир нь  ус бол дэлхийн өмч. Тэгээд ч хөвсгөл нуур дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4 хувийг дангаараа бүрдүүлдэг учраас ийнхүү санаа зовнихоос аргагүй. Тиймээс бид ч цэнгэг уст Хөвсгөл нуураа хайрлаж, бохирдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Б.Хорлоо