Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” хайрхны тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан хайрхны тухай болон ёслолын үед баримтлах дэг, үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг мэдээллийг хүргэж байна.

Монголчууд Отгонтэнгэр хайрхнаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх VI зуунд Түрэгүүд тахидаг байсан гэдэг. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдсан ч 1911 онд Богд хаан дахин сэргээсэн юм. Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын таалал төгссөн 1924 оноос төрийн тахилга зогсч, гагцхүү буддын шашны ёсоор тахих зан үйлийг алдаг оног, ил далд үйлдсээр цагийн аясаар саарч, 1930-аад оноос хойш тахилгын уламжлал тасарчээ. Гэсэн ч 1995 онд төрийн тахилга дахин сэргэж дөрвөн жилд нэг удаа ёслол үйлддэг уламжлал тогтсон бөгөөд хамгийн сүүлд 2011 онд тахисан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсны дагуу ийнхүү их тахилгын ёслол энэ жил тохиож байгаа юм.

Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд тахилгын үйл ажиллагааг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж төлөв төвшин хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг аймгийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгосон байна.

Хөтөлбөр

2016.07.21

22:00 “Долоон бурхан од”-ны тахилга эхэлнэ

2016.07.22

06:00-14:00 “Очирваань хайрхан” уулын тэнгэрийг тайх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа эхэлнэ. /Тахилгын их овоон дээр /

14:00 “Очирваань хайрхан” уулын тэнгэрийг тайх ёслолд зориулсан урлаг соёлын арга хэмжээ

/ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын Гран При шагналт Улсын Филармонийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар , МУГЖ Х.Үнэнхүү, УДБЭТ-т гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү, МУСТА Л.Баяр-Эрдэнэ, Уртын дууч, хөөмийч МУСТА Э. Сандагжав болон Улсын филармонийн морин хуурын чуулга, 108 цамын бүжиг/

16:00 64 бөхийн барилдаан /тахилгын хотхонд/

18:00 Хаалтын үйл ажиллагаа

Тахилгын үед баримталбал зохих ёсон

-Амьтны амь таслахгүй

-Хараал хэлэхгүй, хэрүүл хийхгүй

-Архи хэрэглэх, газар ухах, мод огтлох, жимс ногоо, өвс түүх, усанд орохыг цээрлэнэ

-Тахилгад өл халзан морьтой очдоггүй

-Бадархундага нуурт бүсгүй хүн ойртохыг цээрлэнэ

-Явган болон чулуун дээр сандайлж суудаггүй

-Муу үйл хийхгүй байх

-Тахилгын үед "цагаан хоол" идэх учиртай.

Хайрхны тухай домог, түүхийн хуудаснаас

“Бурхан багш”-аас Замбуулинд таван их тэнгэр уул хайрласны хамгийн отгон нь Богд Очирваань хайрхан бөгөөд Отгонтэнгэр уулыг төрийн ёслолын хэмжээнд бөө мөргөл, буддын шашны ёсоор тайж, тахилгаж ирсэн түүхтэй. Отгонтэнгэр хайрханыг эцэг уул, Богд Дүнжингарав уулыг ээж уул хэмээн хүндлэн шүтэж иржээ.

Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн гэлтэй.

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхныг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг гэдэг. Иймд Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн хүндэтгэн нэрлэсэн гэнэ. Зүүн бэлд нь баруун өмнө зүг рүү харсан аварга том яст мэлхийн хэлбэртэй хад бий. Түүнийг “Мэлхий хад” гэдэг бөгөөд Очирваань хайрхныг хамгаалан оршдог домогтой ажээ.

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Утга агуулгаас нь үзвэл мөн л "Анхны эх газар" хэмээж болох талтай.

Отгонтэнгэр хайрхны ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий. Тахилгын үеэр Бадархундага нууранд хүмүүс өргөл, сэлт өргөдөг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг нутгийн зон олон гаргаад байгаа аж. Хадаг болон бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх, эс цэвэрлэх асуудал тулгардаг байна.

Ю.Халиун

www.Bataar.mn