Маргааш 6 сарын 1. Хүүхэд бүрийн л хүсэн хүлээдэг баярын өдөр. Энэ өдөр хүүхэд бүр жаргалтай, сэтгэл дүүрэн байгаасай. Учир нь сүүлийн үед хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөн, аймшигт хэргүүд нийгэм, олон нийтийг цочроож байгаа билээ.

Хамгийн гол нь томчууд хүүхдийн эрх зөрчигдөж байхад юу ч болоогүй юм шиг байдаг нь хачирхалтай. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн сүлжээ сайтуудаар цацагдаж байж л мэддэг гэж үү? Үүнээс гадуур хүүхдийн эрх зөрчигдсэн жишээ бидний эргэн тойронд өдөр бүр л болж байдаг.

Өнөөдөр хүүхэд сурах, хүмүүжих эрхээ гаргуунд нь хаян, хүнд хүчир ажил хийж гэр орноо тэжээж яваа жишээ олон. Нарантуул зах дээр гурил будаа үүрч,  тэрэг түрэн ажиллаж байгаа хүүүхүүдтэй хэзээ ч тааралдана. Гандангийн хашаанд дунд сургуулийн хүүхэд будаа зараад зогсож л байдаг. Тэд  машин угааж, сонин зарж, тэрэг түрнэ. Эцэг эхээ, гэр бүлээ тэжээхийн тулд. Дэндүү эрт, биедээ ахадсан хөдөлмөр эрхэлнэ. Хажуугаар зөрөх хүмүүс аанай л  байдаг үзэгдэл мэтээр хандаж, анхаарч харах нь үгүй. Нийгэм даяараа дөжирчихэж. Нэг ёсондоо ажил хийдэг хүүхдүүд нийгэмд жирийн үзэгдэл болж, “моодноос” гарчээ. Манай улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд олонтоо гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал гэж болно. Эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл нь гэнэтийн, таагүй үр дагаврыг авчирсан бөгөөд ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн, зэргээс үүдэн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх, ялангуяа эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлсээр байна.

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгая гээд л уриалаад  байсан ч хэрэгжиж, ажил болсон нь хаана байна?

Саяхан төрсөн эцэг нь хүүхдээ заазуурдсан бичлэг, дунд сургуулийн охидыг хүчирхийлсэн тухай, гурван жилийн турш амбаарт хоригдож, зовон тарчилсан хүүгийн  тухай мэдээллүүд ар араасаа гарч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр шуугиан тарьж олны сэтгэл зүйг айдас хүйдэст автуулсан. Эдгээр жигшүүрт хэргийн хохирогч нь гэгээн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж явах ёстой хүүхдүүд байгаа нь дэндүү харамсмаар бас дэндүү эмгэнэлтэй.

Тэрчлэн санаа зовоох дараагийн асуудал нь  хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ч жилээс жилд өссөөр байгаа билээ. Үүнийг холбогдох албаны хүмүүс ч хэлдэг. Үүнтэй холбоотойгоор дараах баримтыг сөхөж байна. Тухайлбал, Cэлэнгэ аймагт гарсан хэрэг олныг цочирдуулж байсан. Өсвөр насны хэдэн хүүхэд 13 удаа галдан шатаах гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тэдний хэлж буйгаар “Киноноос үзсэн зүйлээ амьдралд туршиж үзсэн” хэмээн мөрдөн байцаагчид мэдүүлсэн байдаг. Үүнээс үүдээд “Хүүхдийн төлөө за гэж хэлье”, “Бүхнийг хүүхдийн төлөө” хэмээн гоё чамин үг хэлэх дуртай, хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийн удирдагчид хүүхдийн төлөө ямар бодитой ажил хийж, бодлого боловсруулж байна вэ гэж асуумаар.

 “Хүүхдийн амьдрах эрх нь түүнийг хүн болж эхийн хэвлийд бий болсон цагаас  заяасан, салшгүй эрх юм. Хүүхэд амьдрах эрхийн суурь үндэс нь өлсгөлөнгөөс ангид эрүүл саруул байх явдал бөгөөд үүний тулд эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих, хөгжих боломжийг дээд зэргээр хангасан байх ёстой” хэмээн тунхагласан байдаг.

Гэхдээ дээрх  өгүүлбэрт багтсан эрхийг хүүхэд бүр эдэлж чадаж байгаа бил үү?

Мэдээж үгүй. Үгүй учраас л ийм ч хэрэг тийм ч хэрэг энд тэнд болж л байдаг. Эцэг эх нь  хүүхдээ хэнтэй нийлдэг, хичээлдээ явж байгаа эсэхийг анхаарч асуухаасаа урьтаж хэрэглээний мөнгө, хувцас сэлтийг нь бэлдээд өгчихвөл хүүхдээ анхаарсан болно хэмээн боддог.  Гэхдээ нэг л өдөр төрсөн хүүхэд нь хэрэгт холбогдож, хэн нэгэн зэрлэг араатны гарын шүүс болсон хойно л анзаарна гэж үү?

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр л Монгол улсад хүүхэд байгаа мэт эрх баригчид, холбогдох газрууд нь сүржин даржин юм ярьж, хүүхдийн эрхээ хамгаалах тухай ярьдаг. Эсвэл гэмт хэргийн золиос болсон хойно нь л гэнэт бөөн хамгаалагчид гарч ирэн хүүхдийн талаар ярьдаг ч хэрэг явдал намжаад ирэхийн цагт өнөөх л бахь байдгаараа хүүхдийн эрхээ мартчихна. Тиймээс хүүхдийн эрхээ цаг ямагт хамгаалан аливаа зүйлсээс сэрэмжлүүлэн сэргийлэн ажлаасай гэж холбогдох албаны эрхмүүдэд уриалж байна.

Б.Хорлоо