Стратегийн орд газарт ямар ч тендергүйгээр, хууль зөрчин компани ажиллуулж, бурууг нь хэлэхээр “Бид цаг хожиж ажлаа эхлүүлэх үүднээс ийм зүйл хийсэн” хэмээж, бараг л тэр хууль энэ тэр энд ямар ч хамаагүй шахам тайлбарыг Засгийн газраас өгч байсан нь саяхан.

Яагаав өнөөх Тавантолгойн баруун Цанхид ямар ч тендергүйгээр хөрс хуулалт хийж байгаа “Хишиг Арвин Индустрал” хэмээх компани шүү дээ. Энэ тухай хэвлэлээр нэг хэсэг шуугиж, шүүмжилсэн ч чих нь дөжирсөн дарангуйлагчид огт авч хэлэлцсэнгүй. Тэр ч бүү хэл мөн л стратегийн орд газарт Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрх мэдлээ хэтрүүлэн өөрийнхөө төрсөн дүүгийн 23 настай охины “Говь повер” гэх компанийг 17 тэрбумын тендерт шалгаруулсан. Тодотгож хэлэх юм бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянга буюу Ерөнхий сайдын төрсөн дүүгийн охин ийнхүү 17 тэрбумын тендерт шалгарсан. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендер хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл байна, байхгүй гэх зэргээр маргаан дэгдээсэн ч эрх баригчдын өөдөөс яаж ч чадахгүй байгаа бололтой. Харин Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн “Говь повер” гэх компани байгаа эсэхэд эргэлзснээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн гээд төр түмнээ доромжилсон асуудал өдрөөс өдөрт босч буй. Тендер зарлаад төрөл саднаа шалгаруулаад байхаар энэ мэт асуудал дэгдээд байхаар нь Ерөнхий сайд маань нэгэн сайхан арга сэджээ. Тэр нь ямар ч бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрт тендер зарлахаа больж, шууд л гэрээ байгуулах зарчмаар явж байгаа нь бүр ч утгаа алдлаа. Засгийн газрын хэдэн сайдууд, эрх баригчдад тал засагч нарын халаасанд зүгээр л мөнгө хийж өгч байгаатай адил зүйл болжээ. Хамгийн сонгодог жишээ гэх юм бол “Буян”-гийн хэмээх Б.Жаргалсайхан “Чингис” бондын мөнгөнөөс ноолуурын салбарт 68.8 сая ам.доллар өгөх сургаар эрх баригчдад тал засч, сөрөг хүчний хуралдаан дээр агсам тавьж явна. Тэр ч бүү хэл Ерөн- хийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжихийг уриалж явна. Энэ бүгд чинь өнөөх л ноолуурын салбарт олгосон хэдэн төгрөгөөс болсон хэрэг шүү дээ. Түүнээс биш Б.Жаргалсайханы улстөрч ч гэж юу байхав, түүгээр тал засуулж, агсам тавиуллаа ч яалаа. Ямар ч ялгаа алга. Ийм л байдлаар “Чингис” бондын мөнгө тарамдаж байна. Жишээлэх юм бол “Буян”-гийн Жагаа ямар ч тендергүйгээр Засгийн газрын тогтоолын дагуу гэрээ хийсэн болж, хэдэн доллар авах л гэж зүдэрч яваа амьтан шүү дээ. Энэ мэт зүйл бүр ч утгаа алдлаа. Тухайлбал, 2013 оны гуравдугаар сарын хоёрны өдөр “Бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор Бондын мөнгөний бодлогын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн “Чингис” бондын хөрөнгийг “Шинэ төмөр зам” төсөл, нийт зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох төсөл, “Гудамж” төсөл Тавантолгойн нүүрсний орд газарт цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэхээр тогтсон. Үнэн хэрэгтээ Бондын мөнгөний бодлогын зөвлөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гар хөлүүд шургалсан. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржийн баг энэхүү зөвлөлийг атгаж, түүний дохиураар хөдөлдөг гэсэн үг. Түүнээс биш энд УИХ-ын хяналт энэ тэр бол худлаа. Шуудхан шүүх эрх мэдлээр далайлгасан Ц.Элбэгдоржийн санаачилгаар, Н.Алтанхуя- гийн захирамжаар энэ мөнгө урсч байна гэсэн үг. Тус бодлогын зөвлөлийн хуваарилснаар бол Таван- толгойн цахилгаан станцад 50 сая ам.доллар, “Гудамж”, “Шинэ төмөр зам” төсөлд тус бүрт 200 сая ам.доллар, ноолуурын салбарт 68.8 сая долларыг тус тус зарцуулахаар төлөвлөсөн. Харин автозамын ажилд 570 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Эдгээрээс ямар ч тендергүй жинхэнэ төрлийн хэлхээнд замхрах төсөл бол “Гудамж” хэмээх төсөл харагдаж буй. Үүнд Улаанбаатар хотын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх болон Туул, Сэлбэ голын даланг дагуулан хурдны зам барих зэрэг “үлгэрүүд” багтана. Бүр жижиглэн үзэх юм бол ёстой хөл толгой нь мэдэгдэхээ болих төсөл бол энэ юм. Гэтэл бодлогын зөвлөлийн энэхүү зөвлөмжид үндэслэн Засгийн газрын тогтоол гарсны дараа буюу 2013 оны гуравдугаар сарын 16-ны өдөр “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 90 дүгээр тогтоол гээчийг “шинэчлэгчид” гаргаадхав. Гэхдээ 2012 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”- аас 38 төрлийн төсөл арга хэмжээг хасч, тендер шалгаруулахгүйгээр шууд гэрээгээр гүйцэтгэхээр тогтоосон байгаа юм. Шуудхан хэлэхэд “Шинэч- лэгчид” 90 дүгээр тогтоолыг гаргасан нь өнөөх л ах дүү амраг садандаа ямар ч тендергүйгээр төсөл өгөх гэсэн нь эндээс харагдана. Мөн өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдрийн “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 119 дүгээр тогтоол гэгчийг бас гаргав. Учир нь төсөл арга хэмжээнд заасан сумын төвийн шинэчлэл хөтөлбөр, Хөтөлийн доторхи инженерийн шугам сүлжээний бетон хонгил барих зэрэг ажлуудыг жагсаалтаас хасч шууд гэрээ байгуулахаар болсон юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл сөхөх юм бол Засгийн газрын 118 дугаар тогтоол гэгчийг гаргаж, Буянт-Ухаа төсөлд 29.444 сая, Шинэ Яармагт 26.639 сая төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан шууд олгохоор болсон. Гэхдээ үүнийг бондын мөнгөнөөс гаргах бөгөөд нийтдээ 60 орчим тэрбум төгрөгийн төсөлд ямар ч тендергүйгээр барилгын компаниудтай гэрээ байгуулсан аж. Уг нь энэ мэт бусармаг зүйлд хяналт тавих үүднээс Монголбанкнаас Эдийн засгийн яаманд зөвлөмж хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл энэ байдал улам л даамжирч буй. Мэдээжийн хэрэг Монгол Улсын мөнгөний бодлогыг барьж буй Төвбанк энэ их мөнгийг ингэж тараах нь эцэстээ юунд хүрч болохыг тайлбарласан байж таарна. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойчоо барьцаалж авсан энэ их мөнгө юу ч үгүй үрэн таран болох тухай тэр зөвлөмжид байж л таарна. Ямар сайндаа л бондын мөнгөнд шунасан бизнесмэнүүд үзэл бодлоо эс харгалзан эрх баригчдад тал засч, сөрөг хүчинд агсам тавьж явах билээ. Эрх баригчид маань тал зассан бүгдийг “Чингис” бондын мөнгөөр урамшуулаад байх юм бол эцэстээ юу болох вэ. Томоохон төсөл хөтөл- бөрийг ийнхүү эрх баригчдын өрсөлдөгчдөд агсам тавьсан нэгэн болон танил талдаа өгөөд дуусч буй бололтой. Харин бондын мөнгө хоёрдугаар ээлжинд очиход АН-д багагүй хандив өргөж байсан болон мөн л тэдний ах дүүгийн дайрлагад өртөх нь лавтай. Жишээлэхэд, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27.7 сая, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45.0 сая, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая, хүлэмжийн аж ахуй байгуулахад 17.4 сая ам.долларыг “Чингис” бондын мөнгөнөөс олгох тухай Засгийн газрын тогтоол бий. Үүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай гэсэн сүржин тогтоол байгаа. Тодруулж хэлбэл, эдгээр мөнгө Н.Батбаяр, Х.Баттулга нарын мэдэлд очиж, улмаар өөрсдийнх нь эрхэлдэг компани аж ахуйн нэгжийн дансанд орно. Нөгөөтэйгүүр, тэдний коман дын нөхдүүд хуваагаад авах хэрэг. Эдгээр төсөл хөтөлбөр ч амар, ямар ч тендергүйгээр гэрээ байгуулаад л мөнгөө дансандаа хийчихнэ, зовох юм алга. Тендерт оролцох материал бүрдүүлж, зэр зэвсгээс эхлээд олон зүйл бүрдүүлж шаналахгүй, компанийн тамга тэмдгийн дардастай цаас байхад л болно гэсэн үг. Ерөөсөө хувь хүмүүс хоорондын итгэлцлийн шугамаар нэг нэгэндээ мөнгө зээлж байгаа шиг зүйлийг манай Засгийн газар хэрэгжүүлээд эхэлсэн нь “гайхамшигтай” хэрэг шүү. Н.Алтанхуяг “Женко” Х.Баттулга гэдэг хүнд мөнгө зээлж байгаа юм шиг л зүйл болж байна. Арилжааны банк хүртэл барьцаа хөрөнгөөс эхлээд тогтвортой ажилладаг эсэхийг нарийн хянаж шалгасны эцэст сая зээл олгодог шүү дээ. Гэтэл бүтээн байгуулалт нэрийн дор асар их мөнгийг юу эрхэлж байсан нь мэдэгдэхгүй, чухам ямар үйл ажиллагаа явуулдаг нь мэдэгдэхгүй нөхдөд өгөөд алдах нь. Өнөөх тендерийн тухай хууль ч хаачлаа, ном дүрэм ч яалаа. Юутай ч Засгийн газарт танил талтай бол, тэдэнд тал засч чадах юм бол тендерт ялах гэж зовохгүй, тамгатай цаас байхад л болох аж.
 

С.БАЯР