Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж байна. Нэрнээсээ л эхлээд иргэдийн үндсэн эрхийг боомилсон шинжтэй энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлахаас өмнө уг хуулийн нэршил болоод зарим заалтыг өөрчлөх шаардлагатай байгаа аж.

Гэр оронтой байх нь хуулиар олгогдсон үндсэн эрх. Иймээс газар албадан чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхдээ хүний эрхийг дээдэлж хянамгай хандах шаардлагатай байгааг иргэний нийгмийн зарим байгууллагын судлаачид хэлж байна. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан “Хүний эрх ба Албадан нүүлгэлт” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан юм. 

Төрөөс улсын тусгай хэрэгцээнд зориулж иргэдийн газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.  Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 500 мянган хүн амьдрахаар тооцоолсон байдаг ч нийслэлд аль хэдийнэ нэг сая 200 мянган хүн суурьшсан. Тиймээс дахин төлөвлөх шаардлага бий. Иймд нийтийн эрх ашгийн төлөө иргэн өөрийн эзэмшиж буй газрыг чөлөөлөх шаардлагатай. Нөгөө талаас газар бол иргэдийн амжиргааны суурь үндэс юм. Нийтийн хэрэгцээ гэдэг нэрийдлээр төр нь иргэдийнхээ өмчлөлийн газрыг хүч далайлган авах гэж оролдох нь хүний эрхийг дээдлэгч ардчилсан орны хувьд байж болшгүй хэрэг. Иймд төр иргэн хоёул тэгш эрхтэйгээр харилцан тохиролцож уг асуудлыг шийдвэрлэх нь хамгийн оновчтой алхам болно. Гэтэл УИХ-д хэлэлцүүлэхээр бэлдэж буй хуулийн төсөл иргэдийн эрхийг боож хаасан шинжтэй болсон гэдгийг зарим судлаач хэлсэн. Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд газар чөлөөлөлтийн талаар “төрийн шууд болон шууд бус оролцоотойгоор иргэдийг орон гэр, газар нутгаас нь хүсэл зоригоос нь ангид нүүлгэх явдал” гэж тодорхойлсон байдаг байна. Гэхдээ төр энэхүү эрхээ онцгой тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хэрэгжүүлж болно гэж заасан байдаг аж. Мөн газрыг албадан чөлөөлөх шаардлага нь тодорхой байх бөгөөд энэ нь эцсийн хувилбар байх ёстой. Гэтэл Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийн 1.1-д “улс, орон нутгийн тусгай хэрэгцээ болон нийтийн  хэрэгцээг үндэслэн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч эрх бүхий этгээдийн газрыг төрөөс нөхөн олговортойгоор харилцан тохиролцож гэрээ хэлцэл хийх замаар чөлөөлөх, ингэж тохиролцож чадаагүй бол төрийн эрх мэдлийн хүрээнд газрыг албадан чөлөөлөх, нүүлгэн суурьшуулах” гэж заасан байна. Газрын тухай хууль болон бусад хуулиудад “улсын тусгай хэрэгцээ” гэж чухам ямар газрыг хэлж байгаа талаар тодорхой зүйл байхгүй байгаа юм. Мөн улсын тусгай хэрэгцээний газрыг яаж тодорхойлох вэ, хэн тодорхойлох вэ гэдгийг хуульд тодорхой заагаагүй байдаг бөгөөд журмаар зохицуулагддаг байна. Нэгэнт л хуульд тодорхой заагаагүй учраас газрын асуудал хариуцсан албан тушаалтан энэ асуудлыг үзэмжээрээ шийдвэрлэхийг үгүйсгэх аргагүй.

Тухайлбал нийслэл хотод зам тавихын тулд иргэдийн өмчлөлийн газрыг чөлөөлж байгаа. Гэтэл Газар өмчлүүлэх тухай хуульд улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барихын тулд төр иргэдийн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авч болно гэж заасан байдаг байна. Энд заасан улсын чанартай зам гэдэг нь нэг хотоос нөгөө хотын хооронд тавьсан замын сүлжээ болохоос биш нийслэл хотод байгаа замыг үүнд оруулахгүй. Газрын тухай болон Газар чөлөөлөх тухай хууль тогтоомжууд олон зүйл заалтаараа энэ мэтчлэн зөрчилдөж байна.  Улаанбаатар хотод зэрэг төвлөрсөн газарт зам барихад газар чөлөөлөөгүй асуудлыг хуулиар зохицуулаагүй орхижээ. 

Энэ мэтчлэн төрөөс газрыг эргүүлэн авах үндэслэлийг үндсэн хууль болон холбогдох хууль, тогтоомжуудад тодорхой заагаагүй байна.

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Манайд мөрдөж буй хуулиудын зохицуулалтаас харахад газрыг эргүүлэн авах үндэслэл нотолгоо нь баримттай байх эсэх нь тодорхойгүй. Төр газрыг эргүүлэн авах болсон тухай шийдвэрээ ил тод, нээлттэй зарлан мэдэгдэх ёстой талаар хуульчилсан тодорхой заалт байхгүй байгаа юм. Тиймээс иргэд төрөөс гарсан шийдвэрийг үг дуугүй дагадаг, хэрэгжүүлдэг байхаар тусгасан байна. Газар чөлөөлөхөд тухайн газрын эзний оролцоогүй шийдвэрлэж байгаа нь холбогдох хууль тогтоомжуудаас харагдаж байгаа юм. Иргэдийн газрыг эргүүлэн авах нийгмийн шаардлага тулгарч байгаа ч төрөөс иргэдийг мэдээллээр хангах, шийдвэр гаргах хугацаа олгох шаардлагатай байна. Газрыг нь чөлөөлөх талаар мэдэгдэл авсан хүн хаана амьдрах, эрхээ зөрчигдөхөөс сэргийлж эрх зүйн туслалцаа авах боломж бүрдээгүй байна. Мөн өөрийн санал бодлоо илэрхийлэх, нүүн шилжих газраа эрж сонгох, хөрөнгөө шударгаар үнэлүүлэх, гомдол саналаа хаана хүргүүлэх зэрэг хүний эрхийг хангасан зохицуулалтууд манай улсад бүрдээгүй байна” гэв.

Төрөөс газрыг эргүүлэн авах нүүлгэн шилжүүлэх явцад иргэдийг хохироохгүй, өмчлөх эрхийг нь зөрчихгүй байх нь чухал. Иргэний эрх болон өмчийг хамгаалсан заалтыг Газар чөлөөлөх тухай хуульд тодорхой тусгах ёстой гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

“Монголын Эмнести Итнтернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Газар чөлөөлөх явцад иргэдтэй зөвшилцөж байгаа гэдэг. Гэтэл газар чөлөөлөх шийдвэр гаргах явцад иргэд оролцох боломжгүй байна. Мэдээлэлгүй байгаа учраас зөв шийдвэр гаргаж чаддаггүй. Зөвшилцөх үйл явц нь сайн дурын бус албадлагын шинжтэй байна. Мөн иргэд газраа дутуу үнэлүүлсэн талаараа гомдол гаргаж дахин хянуулах боломж байхгүй байгаа” гэв.

Олон улсын практикт газрыг өмчилж буй иргэнээс гадна эзэмшиж, ашиглаж байгаа хүн ч нөхөн олговор авдаг байна. Харин манай улсад зөвхөн өмчилж байгаа хүн л нөхөн олговор авдаг. Мөн тогтсон аргачлалд үндэслэн нөхөн олговрын хэмжээг тогтоодог бөгөөд төр иргэн хоёр газрын үнийг  харилцан тохиролцдог гэнэ. Түүнчлэн газар чөлөөлөхөд иргэдийн орлого болон амжиргааг нь дордуулахгүй байх зарчмыг баримтлах ёстой аж.

 

Н.Санжаасүрэн