Бид ургийн бичгээ хөтөлдгүйгээс гурав,  дөрөв дэх үеийн төрөл саднаа таньж мэдэхээ байсан. Үүнээс үүдээд цусан төрлийн холбоотой хүмүүс гэрлэх нь түгээмэл болж байгааг эрдэмтэд хэлж, сануулсаар байгаа билээ. 

Энэ нь үндэсний аюулгүй байдал болоод хүн амын удмын сангийн аюулгүй байдалд заналхийлж эхлээд байна. Монголын хүн ам дахь цус ойртолтын төвшнийг газарзүйн тархалтын зураглалаас харахад Монгол орны өргөргийн дагуу хойноосоо урагшлах тутам цус ойртолт аажмаар ихэсдэг зүй тогтол илэрлээ. Өөрөөр хэлбэл, хүн амын нягтрал сийрэгжихийн хэрээр цус ойртолт ихсэж байгаа гэсэн үг аж.  

  Бид 10 дахь үе рүүгээ орсоны дараа  харь элгийн хүмүүс болдог байна.  Тэгэхлээр есөн үеийн дотор ураг холбож болохгүй гэдэг монгол ёс заншлын шинжлэх ухааны үндэслэл нь энэ. Цус ойртолтыг дотор нь шууд цус ойртолт, алсуур цус ойртолт гэж ангилдаг байна. Шууд цус ойртолт гэдэг нь цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэхийг хэлдэг бол  алсуур цус ойртолт гэдэг нь  нэг нутаг усныхан, нэг сум, багийн уугуул хүмүүс олон үе удам дамжин хоорондоо гэрлэснээс үүсдэг аж.

Сүүлийн жилүүдэд сум, суурин эзгүйдэж нийслэл рүү чиглэсэн нүүдлийн цуваа тасрахгүй байгаа нь цус ойртолтод нөлөөлж байгаа юм. Хүн ам сийрэгжсэн нутгийн залуус хүссэн хүсээгүй хоорондоо гэр бүл болж дам цус ойртолтыг улам нэмэгдүүлж байна. Ийнхүү цус ойртсон гэрлэлтийн үр дүнд төрөлхийн удамшлын согогтой, оюуны хомсдолтой хүүхдүүд олноороо төрөх болсон. Мөн цус ойртсон гэр бүлээс төрөх хүүхдийн биеийн хөгжил давжаа, аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа муу, сэтгэн бодох оюун ухааны хувьд ч мохоо болдог байна.  Дээрх бүгд хүний генетикийн шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон  үнэн юм. 

Бид өөрөөсөө дээш хэдэн үеэ мэдэх билээ гэсэн асуулт ургана. Үнэн хэрэгтээ бидний дунд  өөрөөсөө дээш эцгийн тал, эхийн талын 4-5 үеэ бүтэн хэлчих хүн дэндүү цөөн. Бараг байхгүйтэй адил.  Гурван үе дотроо л хагас дутуу мэдэж байдаг нь нууц биш. Бид цус ойртолтыг өөрөөсөө алс хол байдаг мэтээр үздэг. Тухайлбал,  тэртээ хөвсгөлийн цаатнууд, эсвэл говийн зэлүүд газрынхан л хоорондоо гэрлэдэг мэтээр ойлгодог.

 Гэтэл үнэн хэрэгтээ энэ асуудал улс орон даяар газар авч, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэнийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Ийнхүү нэгэнт цус ойртолт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн тул одоо бид юу хийх ёстой вэ? Ямар ч л байсан өөрөөсөө ангид мэтээр ойлгож санаа амар сууж болохгүй шүү дээ.

Энэ талаар Хүн судлалын үндэсний төвийн захирал, ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор профессор Ж.Батсуурь ийн  хэлж байна.  Түүний хэлсэнээр, бид ургийн бичгээ хөтлөх асуудлыг маш яаралтай айл өрх бүрт бий болгох хэрэгтэй гэнэ. Түүнийгээ зайлшгүй хөгжүүлж, айл бүхэнд ургийн бичгийг хуулиар хөтлүүлэх шаардлагатайг ч  хэлсэн байна. Мэдээж одоогоор айл бүхэн есөн үеэ мэдэж ургийн бичгээ хөтөлнө гэж байхгүй. Гэхдээ мэдэх үеэ хүртэл хөтлөх зайлшгүй шаарлагатай аж. Ийнхүү таслалгүй хөтлөөд явбал магадгүй 50, 100 жилийн дараа Монгол Улс хамгийн оюунлаг, эрүүл чийрэг бие бялдартай,  топ үндэстэн гэсэн тэр чанартаа хүрэх боломжтой гэдгийг онцолсон байна.

Түүнчлэн энэ асуудалд төр засгийн зүгээс анхаарал хандуулах цаг аль хэдийнэ болжээ. Тухайлбал, хүн ам сийрэг байгаа газруудад үйлдвэр үйлчилгээ байгуулж, сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиуд байгуулан зам харгуй тавьж хүн амын хэт бөөгнөрөлийг тараах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хүн ам сийрэг газрынхан хоорондоо гэр бүл болж,  хүүхдүүд нь оюуны хомсдолтой төрсөөр л байх уу?

Б.Хорлоо