Залуу Зохиолчдын нэгдлээс “Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй” уриатай “100 яруу найрагч – 100 хайрын шүлэг” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 30-ны өдөр 15 цагт зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээг зохион байгууллах комиссын гишүүн, Залуу Зохиолчдын нэгдлийн УЗ-ийн гишүүн яруу найрагч М.Наранболдоос тодрууллаа.

 

-Монголын Залуу Зохиолчдын Нэгдлээс санаачлан нэгэн сайхан арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа гэж сонслоо. Ямар арга хэмжээг хаана зохион байгуулах гэж байна.

-“Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй” гэсэн сайхан уриан дор ирэх ням гарагт буюу энэ сарын 30-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 яруу найрагч чуулж зөвхөн хайрын тухай шүлэг уншина. Залуу Зохиолчдын нэгдлээс санаачлан Монголын Зохиолчдын эвлэл, “Хязгааргүй дуулал” ТББ-тай хамтарч энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг Монголын утга зохиолын ертөнцөд өмнө нь болж байгаагүй томоохон үйл явдал. Зохиолч, яруу найрагчдын өвлийн цугларалтыг “Болор цом” гэдэг дээ. Тэгвэл бидний зохион байгуулж буй энэ 100 яруу найрагч 100 хайрын шүлгийг зохиолчдын зуны цугларалт гэж хэлж болно. Ер нь зөвхөн 100 яруу найрагч шүлгээ уншаад зогсохгүй тэднийг сонсох гэсэн олон 100 яруу найрагч, зохиолч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цугларна. Ахмад зохиолчид дэмжиж, урам хайрлаж байгаад бид их баяртай байгаа. Ардын уран зохиолч П.Бадарч, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав тэргүүтэй Болор цомын эзэд, Төрийн шагналт, Соёлын гавъяат зохиолчид гээд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцоно.  Түүнчлэн Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Д.Нямсүрэн, О.Дашбалбар гэх мэт тэнгэрийн орноо буцсан 10 зохиолчийн шүлгийг уран уншигчаар уншуулна. Энэ өдөрлөг бол ямар нэгэн ашгийн бус цэвэр урлагийн арга хэмжээ юм.

-“100 яруу найрагч -100 хайрын шүлэг” нэрийн дор “Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй” гэж уриалсан байна. Яагаад ингэж уриалах болов.

-Төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агсны шүлгийн мөр шүү дээ. Энэ сайхан үгийг уриа болгосон нь их учиртай. Өнөөгийн нийгэмд хайр энэрэл, хүнлэг сэтгэл ховор бараа мэт болсон. Хүмүүс нэгнээ хайрлан хүндлэх халуун дулаан уур амьсгал үгүй болж, хар санаалах болсон. Үүнийхээ хэрээр ч санаанд багтамгүй муу муухай, бусармаг зүйл сүүлийн үед их гарч байгаа. Тиймээс энэ уриан дор хүний оюун санаанд сайн сайхан, гэгээн бүхнийг даллан дуудагч хайрын шүлгийг уншиж, хайрын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой. Хайрыг хүн бүхэн бие, сэтгэл, оюун санаагаараа, үсний ширхэгээрээ ч мэдэрдэг хамгийн гэгээн, хамгийн тансаг мэдрэмж. Олон суутан хайрын тухай янз бүрээр л хэлсэн байдаг. Миний бодлоор бол хайр гэдэг их гэгээрэл юм уу даа. Нөгөө талаар хайр бол хүний оюуныг эмчлэгч их анагаах ухаан. Үүнийг бол хайр амталсан хүн л мэднэ. 

-Манай утга зохиолын хүрээнийхэн үе үеэрээ нийлж нэгдэн клубын зарчимд шилжиж байгаа нь сайхан санагддаг. Танай утга зохиолын нэгдлийн гол зорилго юу вэ?

-Аливаа орны утга зохиол бүлгэм, клуб, нэгдлийн системд шилжиснээр улам хөгжсөн байдаг. Нэг хэв загвар, нэг хэвшмэл байдал удаан хугацаанд оршин тогтновол утгаа алдаж, улмаар мөхөлд хүрнэ шүү дээ. Өмнөх үеийнхэн ч бүлгэм, нэгдлийг зарчмаар л явж ирсэн. 2000-аад он гарсаар утга зохиолын бүлгэмүүд олноор гарч, цаацлаад клуб, нэгдлийн зарчимд шилжиж байна. Энэ нь сайн хэрэг. Ингэснээрээ бусдыгаа хурцалж, уран бүтээл хийх хүслийг нь өдөөж, сэтгэлийг нь хөглөж өгч байна гэж би харж байгаа. Манай нэгдлийн гол зорилго гэвэл утга зохиолын үнэ цэнийг л нийгэмд таниулах юм. Хүн бүр утга зохиолоор хүмүүжлээ олсон байдаг. Тэгсэн хэр нь утга зохиолын үнэ цэнийг төдийлэн мэддэггүй. Үгийн учрыг ойлгохтой болоход л өвөө, эмээ маань үлгэр домог ярьж, үдэш Монголын радиогийн үлгэрийн цагийг тэсэн ядан хүлээж ертөнцийг таньсан шүү дээ. Хайрлаж дурлах насандаа ч хүмүүс яруу найргаар амьсгалдаг. Өөрөө бичдэггүй бол бусдын зохиосон хайрын шүлгийг захидалдаа бичээд явуулдаг. Энэ бүхэн нь их утга зохиол гэгч хүнийг хүн болгож буй дэг сургууль юм уу даа. Түүнээс биш ухаан орох цагаасаа тоо бодож хүмүүжсэн, тоо бодож өгөөд амьдралын ханиа олсон хүн гэж лав би сонсоогүй. Тиймээс бид утга зохиол, тэр дундаа яруу найргийн үнэ цэнийг хүмүүст мэдрүүлэхийн төлөө олон ажил зохион байгуулна. Тэгээд ч яруу найрагч хүн бол нийгмийг гэгээрүүлэх том үүрэг хүлээж төрсөн гэж би хувьдаа боддог.  

-Нийгэм рүү хандсан сайхан ажил зохион байгуулж байгаа танай хамт олонд баяр хүргэе. Танай утга зохиолын нэгдлээс цаашид  ямар ажлуудыг зохион байгуулах гэж байна вэ?

-Баярлалаа, та бид бол нэг үйлсийн төлөө, нэг завинд суусан хүмүүс. Бид цаашид нийгэм рүү хандсан олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулна. Түүнийгээ тухай бүрт нь танилцуулаад байсан нь дээр болов уу. Энэ удаагийнхаа хайрын шүлгүүдээр эхний ээлжинд ном бүтээнэ дээ.

-Цаашид энэ өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах уу?

-Энэ өдөрлөг төсөл маягаар хэрэгжих үйл ажиллагаа. Магадгүй дараа жил өөр сэдвээр зохион байгуулж ч мэднэ. Өдөрлөгийг анх санаачлагч яруу найрагч Ч.Ууганбаяр маань хайрын шүлгийн энэхүү уншлагаа 21 аймгийн утга зохиолын салбар зөвлөлөөр дамжуулан зохион байгуулъя гэсэн санал дахин оруулж байгаа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Олз омог арвин биз дээ. Уран бүтээлийнхээ олз омгоос хуваалцана уу?

-Одоогийн байдлаар яруу найраг, өгүүллэгийн нэг нэг ном бэлэн болгочихоод л байгаа. Саяхан хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр ахтай үрийн тухай дуу бүтээлээ. Харин хэнээр дуулуулахаа бид хоёр ярилцаж байгаа. Мөн Говьсүмбэрийн “Боржигон” чуулгын дуучин Мягмарсүрэн, Үүрийнтуяа хоёртой нэг сайхан хайрын тухай дуу бүтээсэн. Ер нь уран бүтээл арвин гэхэд болно. Дашрамд дурдахад бидний үйл ажиллагааг дэмжиж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хамтран ажиллаж байгаа хүн бүхэнд талархал илэрхийлье.

 - Уран бүтээлийн амжилт хүсье.

Ярилцсан Б.Биндэръяа