Их хот бол өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл хөл хөдөлгөөн тасардаггүй олон  хөлийн газар. Өглөө, оройдоо машины түгжрэлд зарцуулах хугацаа минутаар биш цагаар хэмжигдэж эхлээд удаж байна. Үүний дээр чих дөжрөм дуу чимээ асуудал болоод эхэллээ.  

                   Хүн ам сийрэг, машин унаа гурав, дөрвөөрөө л зөрдөг байсан 1980-1990 оны Улаанбаатарыг өнөөдрийхтэй зүйрлэвэл үнэхээр газар тэнгэр шиг л ялгаатай гэж болохоор. Жилээс жилд шилжин ирж буй хүн амын өсөлт, өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа машин унаа, үйлдвэр зэргээс харахад дуу чимээ  ихсэхээс ч аргагүй гэлтэй.  

                   Гэтэл үүнээс гадна хүмүүс биднээс шалтгаалсан дуу чимээ ч дутахгүй  нэмэгдсэн байдаг. Тухайлбал, автобусны буудал дээр чиглэлээ булаалдан хашгирах кондукторууд, шөнө дөлөөр архидан согтуурч орилолдох хүмүүсийн чимээнд нийслэлийнхэн бухимдаж сууна. Хүн машин хөлхөх өдрийн цагаасаа илүү оройн 18 цагаас шөнийн 23 цагийн хооронд дуу чимээний давтамж их байдаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ажил хичээл тарах оройн зургаан цагаас эхлээд машин унаа түгжирч эхэлдэг, залгуулаад энэ цагаар баар цэнгээний газруудын үйл ажиллагаа идэвхжиж эхэлдэгээс дуу чимээ ч дагаад нэмэгддэг хэмээн тайлбарлаж байна. Үүний зэрэгцээ бид өөрсдийн амьдрах орчиноо таатай, тайван байлгахын оронд хоорондоо хашгичин хэрэлдэж, машины дохио сигналаа хамаагүй орилуулж түүндээ ч бүр дасал болчихож. Хажуугаар нь зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй дуут сигнал хангинуулан давхих машинууд. Энэ бүгдээс бид үнэхээр түүртэж байна.  

               Мөн урин дулааны улиралд барилга засварын ажил эхэлж, дуу чимээг нэмэх болсоор удаж байна. Энд тэнд л цахилгаан өрөм дуугарч, цонх шил тааруулж, хана өрөмдөх гээд л  барилга засварын ажлын дуу чимээ тасрахгүй. Өдөртөө авто машины дуу чимээнд толгой эргэж, шөнөдөө аль нэг давхарт засвар хийж ханаа цохих чимээнд унтаж чадалгүй шөнөжин хөрвөөнө. Иймэрхүү байдалтай өдөр хоногийг өнгөрөөсөөр нэг ёсондоо “дөжирчихөж”.

              Дэлхий нийтийн жишгээс харвал, соёл иргэншилтэй, ардчилсан улсуудад хотын дуу чимээг зохицуулсан тусгай хууль, журам байдаг аж.  

               Ийнхүү машин тэрэг, онгоц, үйлдвэрээс гарч байгаа дуу чимээг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Хүсээгүй дуу чимээ” гэж тодорхойлсон байдаг. Энэхүү хүсээгүй дуу чимээ нь хүний эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг болохыг ч нотолсон байдаг. Энэ төрлийн дуу чимээ нь хүний сонсгол болоод зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж хүнийг стресст оруулдаг төдийгүй оюун ухаанд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ.  ДЭМБ-аас гаргасан судалгаанаас үзвэл, зүрхний өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн 3.0 хувь нь дуу чимээнээс холбоотой стрессээс болж нас бардаг болох нь тогтоогджээ.

                 Дэлхийн бараг бүхий л том хотуудад шөнийн цагаар машины дохио дуугарахыг хориглож, зөрчсөн этгээдийг торгодог жишиг байдаг байна.  Сүүлийн үед энэ бүхнийг дууны өндөр намыг хэмжигч децибиль (dBA) нэгжээр давхар заах болжээ. Жишээ нь: хүн шивнэхэд 20 dBA, 1-2 метрийн зайд хоёр хүний хэвийн яриа 60, ачааны машины дуу 90, хийн даралтын алх 100, рок хөгжим 110, B747 онгоц хөөрөхөд 120 тус тус байдаг бөгөөд харин 130-аас дээш бол чих өвдөж, цаашилбал чихний хэнгэрэг хагарах хэмжээнд хүрдэг гэнэ. Хүн 45 dBA ээс дээш чимээнд тав тух алдаж, 40-өөс дээш чимээнд унтаж чаддаггүй ажээ. 

                 Энэ асуудлыг шийдвэрлэхэд ногоон хүлэмж, таримал мод, цэцэрлэг ихээхэн ач тустай гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс энэ их хүсээгүй дуу чимээг багасгахын тулд мод тарьж, ногоон хүлэмж бий болгох шаардлагатай байна. Уг ажлыг зохион байгуулахын тулд иргэд, хувь хүн төдийгүй төр засгийн зүгээс ч дорвитой ажил хийх цаг нэгэнт болжээ.             

               Б.Хорлоо