​Ханш нээгдэж, ичдэг амьтад сэрэх тэр өдөрт хүмүүс төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй. Харин ичигсэдээс үйлийн үртэйгээрээ тарвага л хүний анхааралд хамгийн их өртдөг.

Түүнийг азгүй амьтан гээд нэрлэчихэд ч хилсдэхгүй. Тэднийг ичих дөхөхөөр анчид ажилдаа гардаг байсан бол өдгөө намар гэлтгүй хавар, зун ч агнадаг болж. Нийслэлийн хаа нэгтэй нууцаар зарж, идэх дуртай хүмүүсийн халаасыг тодорхой хэмжээгээр хоосолдог зүйл бол тарваганы боодог. Уг нь тарвагыг агнах хорио цээрийн хугацаа наймдугаар сарын дундуур тавигдаж, агнах эрх нээгддэг. Гэвч  агнах хугацаа, хорио цээр тавигдаагүй байхад ийнхүү худалдаалж байгаа нь нэгийг хэлэх шиг. Дулааны улирал эхэлснээр хөдөө орон нутгийг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Тэд “Ганц сайхан тарваганы боодог идэх юмсан” гэх хүсэл эрмэлзэлтэй байдаг ч тэднээс үл хамааран  хүслийг нь биелүүлэхээр хөдөөний буутай болгон тарвага агнаж байх шиг. Мөндөлнөөс авахуулаад шар үс нь ч унаагүй туранхай амьтдыг хайр найргүй агнана. Үүнийг ч хүмүүс туранхай гэж гололгүй өндөр үнээр авдаг. Гэвч худалдан авч байгаа тарваганы боодгийг ямар нөхцөлд, хэрхэн хийж байгаа тал дээр төдийлөн анхаарлаа хандуулж чаддаггүй бололтой юм. Хөдөөнөөс, хөдөөний иргэдээс авч байгаа нь ч яах вэ. Нэг их санаа зовсоны хэрэггүй. Харин нийслэлийн хаа нэгтэй нууцаар худалдаалж буй тарваганы боодгоос эмээх хэрэгтэй болов уу. Хэзээ, хаанаас агнасан нь мэдэгдэхгүй туламласан тарвагыг маш ихээр худалдан авч, түүнийгээ удаан хугацаагаар хадгалж, боодог хийн зарж буй наймаачид ашиг олохыг нэгдүгээрт тавина уу гэхээс хэрхэн цэвэрхэн хийх вэ гэж бодохгүй нь ойлгомжтой. Хөдөө суурин байдаг миний нэг танил хүний гуйлтаар тарваганы боодог хийж байсан юм. Тэрбээр тарвага боохдоо махыг газар унагааж, бүр гишгиж орхисон. “Чи жаахан цэвэрхэн хийгээч” гэж хэлэхэд “Би идэх юм биш. Ямар хамаатай юм бэ” хэмээн хариулж байсан юмдаг. Хөдөөний хүн танилдаа иймэрхүү сэтгэлээр хандаж байхад ашиг хонжоо хайсан наймаачид ямар нөхцөлд хэрхэн хийж байгаа нь ойлгомжтой биз.

Өнгөрөгч өдрүүдэд муурны махаар тарваганы боодог хийж зардаг байсан этгээдүүдийг цагдаагийнхан баривчиллаа гэсэн мэдээлэл цахим хуудсаар цацагдсан. Энэ мэдээллийг харсан, сонссон хүмүүс “Пүү паа. Ямар заваан юм бэ. Дахиж тарваганы боодог идэхгүй” хэмээн уулга алдаж байсан нь дамжиггүй. Ер нь тэгээд монголчууд хуурч, шарсан бүх төрлийн махыг иддэг. Ингэхдээ “Юуны мах юм бол” гэж боддоггүй нь харамсалтай. Тиймдээ ч “Муурны махаар боодог хийдэг байжээ” гэх худал мэдээллийг сонсоод “Идчихсэн юм биш биз” гэсэн айдсыг дотроо тээсэн биз.

Хөдөө орон нутагт гоц халдварт тарваган тахал өвчин гарсан гэх мэдээлэл байгаа. Энэ үед нийслэл рүү их хэмжээний тарвага орж ирснийг цагдаагийнхан илрүүлсэн байна. Уг нь тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх товчоонуудад нийслэлд орж ирж буй бүх зүйлд шалгалт байнга хийж байгаа ч энэ мэт зөрчлүүд гарч буй нь улам сэрэмжтэй байх ёстойг сануулсан дохио юм.

Өнөөдрийн байдлаар тарваганы боодгийн үнэ, ханш хаана байгаагаасаа шалтгаалаад янз бүр байгаа юм. Хөдөө орон нутагт тарган туранхайгаасаа хамаарч 30-45 мянган төгрөгийн хооронд байгаа бол нийслэлд 60-70 мянган төгрөг байгаа аж. Энэ хэмжээний мөнгөөр ариун цэврийн шаардлага хангахгүй бохир нөхцөлд хийсэн тарваганы боодгийг идсэнээр наанадаж гэдэс, ходоодны өвчин, цаашлаад тарваган тахал өвчин тусах магадлал өндөр байгаа болохоор хонь, үхрийн мах зооглохыг санал болгож байна.

Тарваган тахлын байгалийн голомт дөрөвдүгээр сараас идэхжиж, найм есдүгээр сард оргил үедээ хүрдэг. Тиймээс өдгөө тарваган тахлын идэвхтэй үе гэсэн үг. Уг өвчний халдвар дамжих зам янз бүр байдаг байна. Тухайлбал өвчтэй тарвага агнах, арьсыг нь өвчих, мах эвдэх үед гар хуруугаа зүсэхэд халдварлана. Мөн тарваганд бүүрэг, хачиг, бөөс гэсэн шимэгчид байдаг аж. Ялангуяа бүүрэг гэх шимэгч нь үсэрдэг учраас энэ шимэгчээр дамжин халдварлах тохиолдол байдаг аж. Ямартай ч энэ онд тарваган тахлын байгалийн голомттой хэд хэдэн аймаг бүртгэгдсэн учраас тарваганаас түр зайлсхийсэн нь дээр болов уу. Идэх сонирхолдоо автан хэдэн ч төгрөгөөр хамаагүй худалдан авах тарваганы мах тансаг зэрэглэлийн хоол биш шүү.

 

Ж.Баттуул