Улс төрчдийн нэр хологдсон хэргүүд өнөөг хүртэл шийдэгдэхгүй байсаар буй. Зарим хэсэг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хэдийнээ СЕХ-нд хүсэлтээ өгчээ. Сонсогчид хэрсүү байж ирээдүй нь дөрвөн жилээ зөв хүмүүстээ өгөх хэрэгтэй байгааг энэ дашрамд онцлон дуулгая.  Ингээд Улс төрчдийн нэр холбогдсон дуулиант хэргүүдийн талаар тоймлон хүргэж байна.

-НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ч НЭР ЦЭВЭР ЯВАА НӨХДҮҮД-

Сонгуулийн өмнө хэд хэдэн сонсгол болж байгаа боловч асуудлаа шийдэж хэрэгт холбогдсон хүмүүсийг хуулийн хариуцлага хүлээлгэх дорвитой ажил өрнөсөнгүй. Үүний нэг нь Ногоон автобусны сонсгол байв. Гэвч хамгийн гол гэрч нь ирээгүй. Д.Сумъяабазарт эрх шилжүүлж, хөрөнгө оруулалтыг эрхийг даалгасан байна хэмээн шинжээч хэлсэн. 

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь тавдугаар сарын 20, дөрөвдүгээр сарын 24-нд товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулсан байдаг. Уг хэргийг /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх байв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон талаар өмнө нь мэдээлж байв. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв. Харин сонсголын үеэр энэхүү мэдүүлэгтэй нь зөрчсөн мэдээллийг шинжээч хэлсэн. Энэхүү хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшилж, 2024 оны зургадугаар сарын 17-н өдөр товлосон билээ.

-ГАЗРЫН НАЙМААНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ч УИХ-Д ХҮЧ ҮЗНЭ-

ЧД-ийн Газрын албаны дарга, СХД-ийн Газрын албаны дарга, Нийслэлийн Газрын албаны даргаар тус тус ажиллаж байсан Э.Болорчулуун хууль бусаар газар олгосон хэрэгт холбогдсон байдаг. Гэвч тэрбээр өдгөө УИХ-д нэр дэвшихээр болжээ.

Түүний дээрх хэргийн талаар тодруулбал, АТГ-аас Э.Болорчулууныг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байхдаа АН-ын дэд дарга асан О.Магнайгийн ээжийн “Баянцамхаг” ХХК-д БЗД-т хууль бусаар 896м2 газар 15 жилийн хугацаатайгаар хууль бусаар олгосон, “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн газраас “Нармон” ХХК болон авга дүү Б.Бямбацогтдоо хууль бусаар олгосон, усны онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн бүсэд хууль зөрчин “Эко констракшн” ХХК-д 1.2 га газар олгосон гэх мэтээр албан тушаалаа урвуулан ашигласныг нь тогтоосон гэдэг. Нийслэлийн прокурорын газраас Э.Болорчулуун нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар өнгөрөгч нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Болорчулуун нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд эсэргүүцэж давж заалдсан. Өнгөрөгч тавдугаар сарын 15-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Болорчулуун нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр товлосон байдаг. Өдгөө шүүх хурлаа хүлээж зуураа ийнхүү улс төрч болж хүч үзэхээр зэхжээ.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-т өгчээ-

“Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан АТГ-т ханджээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн байна. 

П.Цагаан өргөдөлдөө “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дүүтэйгээ үгсэж, 2017 оноос эхлэн авлига нэхсээр энэ нь сүүлдээ хувьцааны 10 хувь, 7.8 тэрбум төгрөг болсон. 

Энэ бусармаг үйлдэлдээ  хэвлэл, олон нийтийн сүлжээнээс эхлээд төрийн өндөр сэнтий, нутаг усны холбоо, шүүхийн танхимыг хүртэл урвуугаар ашиглаж гүтгэлэг, худал мэдээлэл түгээж, хэрээс хэтэрсэн" учраас түүнийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж буйгаа дурджээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг XI тойрогт нэр дэвшигч буй билээ.  Түүнийг 2014 оны дөрөвдүгээр сард АТГ-аас Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг “Цэвэр агаар” сангийн хэргээр шалгаж эхэлсэн. 2014 оны долдугаар сард Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, Н.Алтанхуягийн туслах М.Тулга, Н.Алтанхуягийн Ажлын албаны зөвлөх Э.Төмөрбаатар гурвыг “Нүүрс хөтөлбөр”-ийн хэргээр баривчилсан.

2016 оны есдүгээр сард Н.Алтанхуягийн зөвлөх, төрсөн дүү Н.Наранцэцэгийнх хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж асан Г.Дэнзэнг баривчилж байлаа. 2016 оны арваннэгдүгээр сард АТГ-аас Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон төрсөн эгч Н.Буянжаргалынх нь бэр Ц.Насанбат нарыг баривчилж, цагдан хорьсон байдаг.  Түүнчлэн 2017 оны хоёрдугаар сард АТГ-аас Н.Алтанхуягийн “Хаан жимс” ХХК, “Мах экспорт” ХХК, “Хуба хаяа” ХХК-иудын оффист нэгжлэг хийж байлаа.

Сүүлд өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сард Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн ч үлдсэн. Улмаар 2023 оны зургадугаар сард шүүхээс Н.Алтанхуягийг гэм буруугүй гэж үзжээ. 

 

 

Холбоотой мэдээ: 

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-1

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-2

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-3

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-4

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-5

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-6

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-7

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-8

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-9